Канадын парламентын сонгуульд Либерал намын залуу нэр дэвшигчид хүчтэй өрсөлдөж, эрх баригч Консерватив намынхан ялагдал хүлээсэн. Тэгвэл өчигдөр шинэ Ерөнхий сайд болох нь тодорхой болсон Жастин Трудеау олон нийтэд хандан үг хэлэхдээ, олон улсад баримтлах өөрийн байр суурийг Канад улсын нэрийн өмнөөс илэрхийллээ. Түүний хэлсэн үгнүүдээс хамгийн чухал нь Лалын дайчдын эсрэг явагдаж байгаа бөмбөгдөлтийг зогсоох болно гэж мэдэгдсэн нь байв. Олон улсын сэтгүүлчид түүнийг ямар учир шалтгаанаас ийнхүү ОХУ болон Сирийн эрх баригчдийн эсрэг үг хэлж байгааг анхааралтай ажигласан байна. Тэрээр бөмбөгдөлтийг зогсоогоод дараа нь дайныг зогсоох талаар мэдэгджээ. Энэ талаар эхний ээлжинд Барак Обаматай ярилцах, уулзах хүсэлтэй байгаагаа шууд илэрхийлэв. Ийнхүү олон нийтийн анхаарлын төвд нэгэнт орсон залуу Ерөнхий сайд Жастин Трудеау гэгч ямар хүн болохыг олж мэдэх хүсэл дэлхий нийтийн өмнө чухал болж хувирлаа.
Тэрээр өмнө нь боксчин байсан бөгөөд өнөөдөр Канад улсын Ерөнхий сайдын суудалд суух нь тодорхой болоод байна. Хэвлэлүүд Консерватив намынхныг сүүлийн 10 жил төрийн эрхийг барьж байгаа гэж мэдээлж байгаа ч Харпер Ерөнхий сайдын ажлыг есөн жил хашсан гэдгийг орон нутгийн хэвлэлүүд дурджээ. Ямартай ч, залуу улс төрчдөөр бүрдсэн Либерал намынхан Канад улсын эдийн засагт анхаарал хандуулахаас гадна олон улсад хүчтэй нөлөө үзүүлэхүйц “тоглогч” байх болно гэдгээ харуулж байх шиг байна.
Харин өдгөө дөнгөж 43 настай залуу улстөрчийн тоонд багтсан Жастин Трудеау хэн гэдэг нь олны сонирхлыг татаж байгаа. Магадгүй түүнийг 2006 онд өнөөдрийнх шиг амжилт үзүүлэх магадлалтай байсан талаар зарим эх сурвалжууд мэдээлж байсан ч тэрээр цаг нь ирсэн гэлтэй ийнхүү Канад улсын хамгийн том албан тушаалд суухаар боллоо. Түүний нам сүүлийн 78 өдөр сонгуулийн ажилд маш их хөдөлмөрлөсөн гэдгийг тэрээр онцлоод, цаашид ч энэ эрчээрээ улс орноо хөгжүүлэх үүрэг тэдэнд ногдож байгаа талаар ярьсан байна.
Түүний эцэг 1971 онд Канад улсын Ерөнхий сайд байжээ. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед АНУ-ын Ерөнхийлөгч байсан Ричард Никсон Канад улсад ирж Жастин Трудеау хүүг анх харж байсан байна. Ясартай ч, эцэг нь Ерөнхий сайд байсан ээж нь улс төрийн зүтгэлтэн байсан гэр бүлийн хүмүүжил нь түүнд уламжлан иржээ.
Түүнийг сурч боловсорч байх үед ах нь Ерөнхий сайд болох гэж хичээж, зарим тойргийн сонгуульд хүртэл нэр дэвшиж байсан байна. Харин залуу хүү Жастин Трудеау 1980-1984 онуудад Канад улсын Либерал намын гишүүнээр элсэж, улс төрийн замналаа эхлүүлж байжээ. Түүнийг ийнхүү 2015 он буюу 30 жилийн дараа Канад улсын Ерөнхий сайд болно гэж хэн ч төсөөлөөгүй байсан болов уу. Түүний ээж түүнд ямар нэг гоц авьяас байгааг байнга хэлдэг байсан аж. Түүний бусдыг удирдах сэтгэл зүрх, дутууг нөхөх сэтгэл ямар нэг амжилт олно гэдгийг ээж нь байнга түүнд сануулдаг байжээ. Түүнд эдийн засгийн нарийн ухаан заяасан нь нам дотор тэргүүлэгч байр суурийг олоход тусалсан гэдэг.
Жастин Трудеау Монтреалд МакГиллийн их сургуулийг 1994 онд дүүргэсэн бөгөөд улс төрийн жинхэнэ замнал нь эндээс эхэлжээ. Улс төр, стратеги судлал түүний сонирхлыг их татаж байсан байна. Канадын Номхон далайн хэсгийн Их Британи Колумбийн их сургуульд мөн ажиллаж байхдаа их зүйл олж авсан гэлцдэг талаар “Ройтерс” агентлаг онцолсон байна. Тэрээр эцгээ нас барсны дараа 28 насандаа багшийн ажил хийдэг байсан байна. Улмаар намын ажлаа ч давхар амжуулдаг байв. Олон нийтийн харилцаа, үйлчилгээ, хүмүүнлэгийн гээд чухал сэдвийн дор судалгаа явуулах, нийгэмд чиглэсэн хүний хөгжлийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлдэг байсан байна.
Хэдий тийм ч жилээс жилд түүний туршлага нэмэгдэхийн хажуугаар спортоор хичээллэх цаг зав өөртөө гаргаж байжээ. Боксоор хичээллэж өөрийн ах Майклийн төлөө, түүний амжилтыг эвдэх хүсэлд автаж байсан талаар гэр бүлийнхэн нь ярьдаг байна. Боксоор хичээллэх болсон талаар тэрээр “би өрсөлдөгчөө сайн судлахын тулд энэ спорт руу орсон. Энэ миний бокс сонирхох болсон хоёр дахь шалтгаан” хэмээн хэлсэн аж.
2008 онд Жастин Трудеау улс төрд ороход бүх зүйл нь төгс таарч байсан ч нэр дэвших болоод намын мөрийн хөтөлбөр зэрэг асуудлаас үүдэн чадаагүй аж. Харин 2015 онд Жастин Трудеау эргэн ирэхдээ Либерал намын мөрийн хөтөлбөр, өрсөлдөгч буюу эрх баригч намын эсрэг ямар бодлого явуулж ялалт байгуулах талаар маш сайн судалгаа хийсэн нь түүнийг ялалтад хүргэжээ.
Ямартай ч Канад улсыг тэргүүлэх болсон Жастин Трудеау Обамад хандан “Лалын дайчдын эсрэг хийж байгаа агаарын довтолгоог Канад улс зогсоохыг хүсч байна. Бид энэ дайныг зогсоохыг хүсч байна” хэмээн мэдэгдсэн байна. Магадгүй энэ байр сууриар Канад улс лалын дайчдын эсрэг ямар нэг цэргийн үйл ажиллагаанд оролцох хүсэлгүй байгааг илэрхийлж байгаа бололтой. Либерал намын хувьд дайны болон Батлан хамгаалах салбарт оруулах хөрөнгө оруулалт, санхүүжилтийг авч хэлэлцдэггүй талаар бусад хүмүүс онцоллоо. Тиймээс лалын дайчдын эсрэг явуулж байгаа АНУ-ын арга хэмжээнээс Канад улсын агаарын нисэх хүчин цэргээ татаж магадгүй байдал үүсч болзошгүй талаар сэтгүүлчид таамаглаж байгаа юм. Хэрэв Канад улс нисэх хүчнээ татах шийдвэрийг Жастин Трудеаугаар дамжуулан гаргах юм бол байлдааны нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцуудаа ч ухрааж магадгүй юм.
Харин энэ улс төрийн шинэ нөхцөл байдал АНУ-ыг ямар байдалд үлдээх нь хачирхалтай. Канад улс Дэлхийн II дайнаас хойш АНУ-ын хамгийн найдвартай хөрш, холбоотон байсаар ирсэн. Олон улсад ч АНУ-ын саналыг дэмжсээр ирсэн. Гэвч залуу улс төрчид Канад улсын ирээдүйг дайнгүй байлгахыг хүсч байгаа бололтой. Жастин Трудеау энэ талаар хатуухан хэдэн өгүүлбэр хэллээ. Одоогийн байдлаар Жастин Трудеау хэвлэлийн бага хурал дээр Канад улсын цэрэг армийн хүч олон улсад буюу лалын дайчдын эсрэг 1046 удаагийн ажиллагаанд оролцсон талаар тоо баримт цухуйлгав.
Нөхцөл байдал ийм байхад Канад улсын сөрөг хүчин гэж бараг үгүй байгаа талаар АНУ-ын сэтгүүлчид бичиж эхэллээ. Харин ОХУ-ын зүгээс Канадын Либерал намынханд хандан ялалт байгуулсанд нь баяр хүргэсэн байна. Жастин Трудеау Канадын далайн тээврийн газрын тосны чиглэлийг өөрсдөдөө шинээр байгуулах зорилготой байгаа бололтой. Салбарын сайд дарга нарыг эхнээсээ өөрчлөх тухай яриа гараад байгаа юм. Тиймээс Канадын шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн дэлхий нийтийн анхаарлыг ч татаж байна. Консерватив намынхан ч энэ асуудалд оролцохгүй, дараагийн намд улс орноо хүлээлгэн өгөх ажилдаа бэлдэж байгаа гэдгийг тоймчид цохон тэмдэглэв. Ингээд Канадын шинэ ерөнхий сайд Жастин Трудеау дэлхийд ямар “тоглогч” гэдгээ удахгүй харуулах бололтой.