Наран зүгээс хувинтай ус барин айсуй ижийнхээ зүг тэнхээ мэдэн тэмүүлэх бяцхан охины зураг цэцэрлэг, сургуулиас аваад олон ч байгууллагын хананд чимэг болсон харагддаг. Гэвч, хананд хадаатай гэхээс илүү эхээс мэндэлсэн хэн бүхний сэтгэлд энэ зураг тод томруун зурайж байдаг болов уу.
Төрийн шагналт, Ардын зураач Д.Амгалан “Ээжээ сайн байна уу” гэх эл бүтээлээ балчир охиноосоо сэдэвлэсэн гэдэг. Ижийгээ хараад хөөрөн баясч, хөл алдан гүйх бяцхан үрээ харан хайрлахдаа урласан бүтээл нь өдгөө хөшөө болон мөнхрөв. Дорнод аймгийн “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд “Ээжээ сайн байна уу” зургийг бүрэн цутгамал хөшөө болгон ийнхүү сүндэрлүүллээ.
Д.Амгалан гуайн хоёр охин зураг дээрх хүүхдийг “Энэ би, энэ би” хэмээн булаалдахад нь тэрээр “Та хоёр хоёулаа мөн. Ижий эхтэй энэ орчлонд хэн бүхэн ээж рүүгээ л тэмүүлцгээдэг шүү дээ” гэж хариулсан гэдэг.
Хулдаасан барын аргаар бүтээсэн эл бүтээлээрээ Төрийн шагнал хүртсэн уран бүтээлчийн “Миний эх орны өглөө”, “Фронтын бэлэг”, “Жаахан шаргын нутгаар”, “Эмч ирлээ” зэрэг бүтээлүүд одоо ч олны нүд, сэтгэлийг баясгасаар...