Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оскар Писториус шоронгоос суллагдлаа

“Илдэн дээр гүйгч” нэртэй Өмнөд Африк улсын тамирчин, паралимпийн аварга Оскар Писториус шоронгоос суллагдаж, гэрийн хорионд байхаар болсон талаар эх сурвалжууд анхаарч эхэллээ. Гэхдээ түүнийг суллах шалтгаанд гол анхаарлаа хандуулж байгаа юм. Учир нь найз охиноо хөнөөсөн гэх дэлхийн од тамирчин эрийг яагаад хууль хяналтынхан суллаж байгаа нь хачирхалтай байгаа бололтой.

Тэрээр 2013 онд өөрийн гэрт найз охиноо ариун цэвэрийн өрөөнд байхад нь буудсан гэдэг. Хэргийн газар бэйсболын цохиур байсан бөгөөд найз бүсгүйн амиа алддаг ариун цэврийн өрөөний хаалган дээр цохиурын мөр байдаг. Гэвч үүнийг Оскар Писториус хуулийн хамгийн оновчтой шийдлээр хааж чадсан байдаг. Тайлбаруудыг нь ч зөв өгсөн нь хожим хуулийн ямар ч нөхцөл байдалд Оскар Писториусын талд шийдвэр гарах байдал бий болсон юм.

Оскар Писториусийн хувийн байдал, гэм буруугаа ойлгож байгааг харгалзан ийнхүү үлдсэн дөрвөн жилийг гэрийн хорионд байлгах шийдвэр гаргаж байгаа тухайгаа шүүх хяналтын хэвлэлийн төлөөлөгч Манелиси Волела сэтгүүлчдэд мэдэгджээ. Түүнийг гэрийн хорионд байх хугацаанд хууль хяналтынхан байнга шалгаж байх бөгөөд өөр ямар нэг гэмт хэрэгт орооцолдвол түүнийг шууд шоронд хорих талаар ч анхааруулсан. Онцлог нь тэрээр Өмнөд Африк улсаас буюу эх орноосоо гарах эрхгүй байгаа юм.

Тэрээр шоронд байх нэг жилийн хугацаанд сахилга бат сайн байсан гэх бөгөөд хөдөлмөр эрхэлж шоронгийн үйл ажиллагаанд тусалж байсан зэрэг хувийн байдал нь үлдсэн дөрвөн жилийг гэртээ хорионд өнгөрөөхөд нөлөөлсөн талаар эх сурвалжууд мэдээллээ. Хувийн сахилга бат маш чухал гэдгийг хууль сахиулагчид ярьцгаадаг. 

Түүний гэмт хэрэг яагаад олон улсад хүмүүсийн анхаарлыг татаж байна гэхээр гэмт хэргийн явцад гэрч байгаагүй, алдартай од, хөгжлийн бэрхшээлтэй хүн, галт зэвсэг ашиглах тухай хууль, хохирол гомдол барагдуулах байдал, хэргийн газрын эд мөрийн баримт зэрэг олон зүйл ийнхүү хүмүүсийн анхаарлыг татаж байгаа. Гэхдээ хамгийн гол нь Оскар Писториус гэм буруугаа хүлээсэн явдал нь өнгөлөн далдлалт байсан эсэх зэрэг хууль зүйн томоохон мэтгэлцээн өмгөөлөгч яллагч нарын хооронд өрнөж байна.

Хууль хяналтынхан түүний гэрт байнгын хяналт тогтоох бөгөөд амьдрах газраас нь чөлөөт бүс байгуулж, гарч орох газрын хүрээг тодорхойлж өгөх бололтой. Хохирогч Рива СтийнКэмпийн гэр бүлийнхэн Оскар Писториусийг шоронд байлгах ёстой талаар гомдол гаргасан боловч гэрийн хорионд байх шийдвэр хүчин төгөлдөр хэмээн хариу тайлбар хийжээ.

Өмнөд Африкийн хуулийн дагуу ялтан хэргээ хүлээж, гэм буруутай байдлаа хүлээн зөвшөөрч, ялын нийт жилийн тавны нэгийг шоронд өнгөрүүлсэн бол гэрийн хорионд байх тухай заалт байдаг аж. Өмнөд Африкийн дээд шүүх дээрх шийдвэрийг албан ёсоор ирэх сарын гуравны өдөр батлах бөгөөд суллах хугацааг тодорхой заагаагүй юм байна. Өмнөд Африкийн шүүх болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд улсынхаа ганц баатар, олон улсад хамгийн өндөр нэр хүндтэй тамирчин залуугийн хувь заяаг ингээд шоронд дуусгахыг харахыг хүсээгүй талаар гадны сэтгүүлчид  шүүмжилсэн байдаг.

Амиа алдсан бүсгүйн аав хүний эрхийг хамгаалах Эмнэстид хандах болно гэдгээ уламжилж хуулийн байгууллага буруу шийдвэр гаргасан талаар гомдолтой байгаагаа хэлжээ. Нөхцөл байдал нэгэнт Оскар Писториусийн талд эргэж байгаа болохоор олон улсын зүгээс хууль хяналтын тал дээр гол хэлэлцүүлэг өрнүүлж эхэллээ. Тэр нь гэрийн хорионд байлгах хуулийг судалж, ялтаны хувийн байдал тийм чухал эсэх дээр Оскар Писториусийн хэрэг дээр жишээ аван мэтгэлцэж байна.

Асуудлын гол нь ямар ч ардчилсан нийгэмтэй улс орны шүүх засаглал цаазын ялаас аль болох татгалзаж, хүнлэг, энэрэнгүй шүүх засаглалд шилжих явдал, гэмт хэргийн тоог бууруулах болно гэсэн бодол бий болоод байгаа аж. Өөрөөр хэлбэл, шүүх засаглал өршөөл үзүүлж, хэргийг үнэн бодитоор ялгаж салгахад ялтаны хувийн байдал их чухал гэдгийг уламжилсан байна. Ял эдлэх гэж байгаа хэрэгтэн, сэжигтэн зэрэг ямар нэгэн гэмт хэрэгт холбогдсон хүний хувийн байдал нь ялын дүгнэлтэнд том байр суурь эзлэх болсон нь тодорхой болж ирлээ. Тиймээс олон улсад хүний амь санаатай, санаандгүй байдлаар хөнөөсөн гэдгийг ялгаж салгах, зөв шийдвэр гаргах шударга шүүхийн тогтолцооны асуудал яригдаж эхлэв.

Ийм учраас олон улсын хууль эрх зүйн сургуулиуд, сэтгүүлчид, шүүгчид болон өмгөөлөгчид Оскар Писториусийн хэргийг том жишээ болгон хэлэлцэж байгаа талаар Ройтерс агентлаг мэдээллээ. Хэрэв Оскар Писториус шүүгчид рүү хандан буруугүй мэт байдал гаргасан бол дор хаяаж 15 жилийн ял оноох байсан талаар өмгөөлөгчид хүлээн зөвшөөрдөг. Тэр ч бүү хэл цаазын ял оноох шийдвэрт Оскар Писториусийн өөрийн тайлбар чухал нөлөөлсөн гэдэг нь ойлгомжтой. Тэрээр шүүх явцад сэтгэл санааны гүн хямралд орсон, уйлсан, ухаарсан, гэмшиж байсан, уучлалт гуйсан, нөхөн олговор төлөх бүхий л байдалд хүлээн зөвшөөрсөн байдаг.

Яллагчид түүний галт зэвсгийг хүртэл сайн шалгасан боловч бүх зүйл хуулийн дагуу байсан учраас ямар ч арга байсангүй гэдгийг хохирогчийн талд мэдэгдсэн билээ. Ингээд өнөөдөр эрх чөлөөтэй болж байгаа гэх Оскар Писториусийн хэрэг олон нийтийн анхаарлыг дахин татлаа. Мөн Оскар Писториус хөдөлмөр эрхлэх хүсэлтэй байгаа талаар мэдэгдсэн. Энэ нь түүнийг болсон хэрэг явдлаас бага ч гэсэн салгах байх гэдгийг хэлсэн аж. Учир нь нэг жилийн хугацаанд тэрээр шоронд өдөр бүр найз бүсгүйгээ буудаж буй мөчийг зүүдэлж, хэцүү байсан талаар ярьсан байна.

Дахиж ямар ч тэмцээн уралдаанд орохгүй гэдгээ мэдэгдэж, түүний хийсэн алдаа амьдралд нь маш том хар толбо үлдээсэн гэдгийг ойлгож байгаа бололтой. Түүний өмгөөлөгч байгаа хөрөнгө нь ч дуусаж, хөдөлмөр эрхлэх, улсаас тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байгааг нь ч уламжилсан байсан. Тэрээр үнэхээр хүнд байгаа бололтой. Спортын хамтрагчид, паралимпийн тамирчид түүнийг сэтгэл санаагаар унахгүй байхыг зөвлөж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан