Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт байх овоо бөгөөд шургааг модоор барьж дээр нь чулуун овоо босгосон байдаг нь өвөрмөц билээ.
Энэ овооны зүүн урд талд эртний сүг зураг, элдэв янзын тамганы бичиг дардас бүхий Рашаан хад байдаг. Рашаан хаднаа сийлсэн хэдэн зуун тамга тэмдэг, хүн амьтны дүрс нь түүхийн өөр өөр үед хамаарах ажээ. Үүнд хөхтөн амьтны хамгийн анхны хэлбэр савагт хирс, хүн төрөлхтөнтэй хамгийн удаан амьдарсан аварга том хөхтөн арслан заан зэрэг амьтанг дүрсэлсэн байдаг. Одоогоос 40-14 мянган жилийн өмнө Хэнтийн нуруугаар амьдарч байсан эртний хүмүүс цахиураар зэвсэг хийж хулан, арслан заан, савагт хирс зэргийг агнаж амьдардаг байсныг уг Рашаан хадны зурагнууд гэрчлэх ажээ.
БИНДЭРИЙН БУГАН ХӨШӨӨ (РАШААН ХАД ОРЧМЫН)
Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг Рашаан хаднаас хойш хоёр км зайд Өглөгчийн голын хойт талд энэ буган хөшөө оршино. Эргэн тойронд нь 12 дөрвөлжин булш, түүний дунд хэсэгт орших том хиргисүүрийн баруун хойд талд хоёр буган хөшөө бий. Хөшөөг элсэн занар чулуугаар хийсэн бөгөөд 230см өндөр, 42см өргөн, 30см зузаан хэмжээтэй. Хөшөөний эргэн тойрон 6-7 буга сийлсэн. Буган хөшөөнд дүрсэлдэг бүс, сүх, хутга, саадаг тод ажиглагдана. Нөгөө буган хөшөөг мөн элсэн занар чулуугаар хийсэн, хэмжээ нь 250см өндөр, 31см өргөн, 41см зузаан. Уг хөшөөнд долоон бугыг нийт талбайгаар хонхойлон сийлсэн нь ихэд элэгдэж бүдгэрсэн ажээ.