Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ханхөхий уул

Ханхөхий нурууг 2205 ам километр талбайгаар, Хяргас нуур орчмыг 3320 ам километр  талбайгаар 2000 онд улсын тусгай хамгаалалтанд авчээ. Ханхөхийн нуруу нь цөлийн хээрийн бүс нэмэгдэх үйл явцыг хязгаарладаг экологийн тэнцвэрийг хадгалахад  чухал ач холбогдолтой газар юм. Хангайн нурууны баруун хойд залгаа болж оршино. Оргил нь Дуулга уул бөгөөд далайн төвшнөөс дээш 2928 метр өндөр. Ханхөхий уул нь ой мод, ус, гол элбэгтэй томоохон уул бөгөөд Увс аймгийн Зүүнхангай, Өвөрхангай, Цагаанхайрхан сумын нутагт оршдог. Ханхөхийн нуруу нь их нууруудын хотгорлуу түрж орон Увс болон Хяргас нууруудын хотгорыг зааглана.  Алмас эрдэнээс эхлээд олон төрлийн эрдэнэс бий.

Эрт дээр үеэс ургамал амьтнаар баялаг гэдгээрээ алдаршжээ. YI-YIII зууны үед Түрэг үндэстнүүд Монгол газар нутаглаж байхдаа Отгонтэнгэр уулаас гадна Ханхөхий уулыг тахин шүтэж байсан тухай баримт байдаг. Хожим 1905 онд Жалханз хутагт Дамдинбазар Ханхөхийн тахилгат овоог шинэчилж хуучин нэрийг нь сольж, олон лам нараар ном уншуулан хуурын магнай дуугаар ая барихад тэр өдрийн үдшээс хур бууж ган тайлагдаж байсан тухай хошууны ноён Лу гүн бичиж үлдээжээ. Энэ хошууны ард түмэн Жалханз хутагт, Дилав хутагт, Нарванчин гэгээн нарыг нутагтаа морилон ирэх бүрт уул овоогоо тахидаг байв. Ханхөхий уул нь 33 овоотой хэмээн түүхчид тэмдэглэн үлдээжээ.

Ерөнхийлөгчийн зарлиг ёсоор энэ уулыг дөрвөн жилд нэг удаа тахихаар болсон бөгөөд зарлиг бичигт “Элэнц хуланцаас үүсэлтэй энэ сайхан нутгийн сав шим бүхнийг сайтар тэтгэж, буян хишигт мал сүргийг маань үржүүлэн өсгөж, үйлс зорилго нэгт үндэстэн ястан ард түмний маань заяа буяныг тэгшитгэн,  хорлол цээрлэл барцад саадгүй хотол даяараа энх тунх эв найртай оршин, далай мэт арвин, тэнгэр мэт тэнүүн жаргаахын өлзий хутгийг дэлгэрүүлж бүрэн улс, сүлдэт төрийг минь бат энх, өнө мөнхөд мандуулахыг сүсэглэн даатгаж айлтгая. Цаглашгүй буянт тугийг өргөн соёрхохыг цагаан тугийн их үйлсийг эзэгнэн захирагч Ханхөхий уулын тэнгэр та таалан болгоогтун. Арвандолдугаар жарны шороон хулгана жилийн зуны адаг шаргачин хонин сарын билэгт сайн шаргачин хонь өдөр” хэмээжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан