Боловсролын яамнаас Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төслийн нэгдүгээр бүрэлдэхүүний хүрээнд төлөвлөсөн 21 барилгын ажил бүрэн дуусжээ.
Уг төслийн санхүүжилтээр хоёр сургууль, хоёр цэцэрлэг шинээр барьж, таван сургууль, 12 цэцэрлэгийн барилгыг өргөтгөснөөр сургуулийн суудлын тоог 3,400, цэцэрлэгийн орны тоог 2,325-аар нэмэгдүүлэв. Ингэснээр Улаанбаатар хот, Дархан-Уул, Говьсүмбэр болон Говь-Алтай аймгийн төвд нийт 10 мянга орчим хүүхэд стандартын шаардлагад нийцсэн, тэгш хүртээмжтэй, эрүүл, аюулгүй орчинд сурч, боловсрох нөхцөл бүрдэж, шинээр 478 ажлын байр бий боллоо.
Эдгээрээс хоёр сургууль, долоон цэцэрлэг нь хүн ам ихтэй, орон нутгаас шилжин ирэгсэд түлхүү төвлөрсөн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт баригдсан юм. Дээрх төсөл нь барьж, өргөтгөн ашиглалтад оруулсан сургууль, цэцэрлэгүүдэд шаардлагатай тавилга, компьютер, тоног төхөөрөмж, гал тогооны хэрэгсэл, зөөлөн эдлэл болон бусад сургалтын хэрэглэгдэхүүнийг иж бүрэн нийлүүлснээр хүүхдийн сурч боловсрох, хөгжих таатай орчныг бүрдүүлж байна.
Өнгөрсөн оны гуравдугаар сарын 3-нд Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк тус төслийн нэмэлт санхүүжилтийн гэрээг баталгаажуулсан тул Боловсролын яамнаас нийслэл болон хөдөө, орон нутагт гурван сургууль, зургаан цэцэрлэгийн барилгыг барьж, хүчин чадлыг 960 суудал, 940 ороор нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.