“Монголын ингэний сүүний кластер”-ын Удирдах зөвлөлийн хурал боллоо.
Хурлаар кластерын зохион байгуулалт, 2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, олон улсын стандарт боловсруулах, олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллах боломж, арга замын талаар хэлэлцсэн байна.
Тус хуралд ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн, Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Отгонжаргал нар оролцлоо. Энэ үеэр ингэний сүүний салбарт хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаа, өнгөрөгч оны 12 дугаар сард ХХААХҮ-ийн сайдын тушаалаар байгуулсан, ТНБД-ын ахалсан чацарганы үр, ингэний сүүн бүтээгдэхүүний олон улсын стандарт /САС/ боловсруулах Ажлын хэсгийн талаар мэдээлэл өгсөн юм.
Хурлаар ингэний сүүн бүтээгдэхүүний олон улсын стандарт боловсруулах ажлыг кластерын зүгээс дэмжиж, стандартын төсөлд кластерт оролцогч дотоодын сүү бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн саналыг авах, цаашид хамтран ажиллах, тус стандартад Монгол Улс хамтран зохиогчоор оролцох санал дэвшүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.