Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Суварга хайрхан уул


Хангай нутгийнхан эртнээс нааш сүсэглэн шүтэж ирсэн Их цагаан уул ажээ. Далайн төвшнөөс дээш 3117 метр өргөгдсөн Их цагаан уулыг Монгол улсын Ерөнхийлөгчийн 2007 оны зарлигаар төрийн тахилгатай уул болгожээ. Нутгийн ард түмэн Их цагаан уул хэмээн нэрлэдэг боловч ном товхимол, төрийн зарлигт Суварга хайрхан хэмээн нэрлэсэн ажээ. Суварга хайрхан уулыг төрийн тахилгатай болгох санаачилгыг УИХ-ын гишүүн Ламбаа, Батбаяр, Гончигдорж нар гаргажээ.
Суварга хайрхан уул нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших бөгөөд хангайн уулархаг мужийн савд багтах байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт сүрлэг уул юм. Энэ уулыг галт уулын гаралтай гэж үздэг. Энэ хайрхан нь Завхан аймагт байдаг Отгонтэнгэр хайрхантай өөд өөдөөсөө харсан байдаг. Хайрханы суга бэлээр адуу мал бэлчиж, өвс ногоо сайхан ургадгийн дээр суга бүхэн нь алт мөнгө зэрэг эрдэс баялгаар арвин байдаг. Тийм учраас бусдын гарт эвдүүлэхгүйн тулд Төрийн тахилгат хайрхан болгосон. Нөгөө талаас энэ хайрхан усны ундарга, усны эцэг болсон хайрхан ажээ. Тамирын гол, Цэнхэрийн гол, Орхон голын эх болсон уул хэмээн нутгийн иргэд ярьдаг. Хэрвээ байгалийн зүй тогтоцыг алдагдуулбал баруун зүгийн амйгууд нь усгүй болох аюул нүүрлэнэ гэж үздэг. Уулын ноён оргилоос доош энгэр талд тунгалаг устай нуур бий. Энэ нууранд сүсэгтэн олон сүүгээ өргөж, алт мөнгө шидэн ирээдүйн амьдралаа даатгадаг байна. Нууранд хүрэхийн тулд зөвхөн мориор 8 километрийн бартаатай зам туулдаг. Нууранд нь хүрэх амаргүй боловч зорьж очсон хүний хэрэг зориг бүтдэг хэмээх домог бий. Суварга хайрхан уул нь Отгонтэнгэр уул шиг мөнх цастай байдаг байжээ. Сүүлийн жилүүдэд цас мөс нь байхгүй болсон нь байгалийн зүй тогтоц алдагдаж байгаатай холбоотой хэмээн тайлбарлаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан