Монгол хүний оюун санааны амьдралд эртнээс нааш уламжлан ирсэн шүтлэг бол бөө мөргөл юм. Монголын нутаг дэвсгэр дээр амьдарч байсан овог аймгууд МЭӨ III зууны үед ангит нийгэмд шилжихээс өмнө хүй нэгдлийн зохион байгуулалтанд байсан. Тийм учраас бөө мөргөл нь шинэ чулуун зэвсгийн үеэс шүтсээр ирсэн их эртний зан үйл юм. Хүмүүс өөрсдийнх нь амьдрал ахуй болон байгалийн үзэгдэл нь далдын ямар нэгэн аугаа их хүчнээс шалтгаалж байна гэж ойлгох болсон. Энэ ойлголт нь тэнгэр газрыг шүтэх Бөөгийн тахилга ёсыг үүсгэжээ. Шүтдэг шүтээн нь дээд тэнгэр, уул ус, сүнс бөгөөд бөө хүнийг бөөлөх үед байгал цаг уурын байдал өөрчлөгдөж шуурга шуурах, салхи салхилах, бороо цас орж байсан бол арилах гэх мэт үзэгдлүүд явагддаг. Үүнийг харсан хүмүүс бишрэхээсээ илүү айж эхэлдэг. Үүнийг мухар сүсэг гэж ойлгож болохгүй бөгөөд байгалийн хүчийг, хүний дотоод сэтгэлийн хүчийг харуулж байгаа том үзэгдэл юм.
Бөө мөргөлийн дээд шүтээн нь тэнгэр бөгөөд тэнгэр нь хүний амьдралын орчин болох байгаль, газар хөрс, ус, ургамал, амьтан, байгалийн үзэгдэл, өвөг дээдсийн үйлдлийг далдаас харж хамгаалж байдаг гол бурхан гэж үздэг. Гол бурхан болсон эзэн тэнгэр нь хүн болон юмс үзэгдлийн хувь заяаг харж хамгаалах олон тооны бурхдыг бий болгон захирдаг бөгөөд тэдгээр нь 99 тэнгэрээс бүрддэг гэж үздэг. Хүмүүст сайн сайхныг авчрагч баруун зүгийн 55 тэнгэр бурхан, муу ёрыг авчрагч зүүн зүгийн 44 тэнгэр бурхад байдаг гэж тайлбарладаг. Тэрхүү сайн зүгийн 55 тэнгэрийн 50 тэнгэр нь залбирдаг, 5 нь тахидаг тэнгэр ажээ. Харин зүүн зүгийн 44 тэнгэрийн 40 нь залбирдаг тэнгэр бөгөөд 4 нь тахидаг тэнгэр ажээ. Эдгээр баруун зүүн зүгийн тэнгэрүүд хоорондоо үргэлж тэмцэлдэн байдаг учраас орчлон ертөнцийн сайн муу үйлүүд тэдгээр тэнгэрүүдийн зөрчлөөс үүдэн хувирч өөрчлөгдөн байдаг хэмээдэг. Бөөгийн үзлээр бол ертөнц бол 3 хэсгээс бүрддэг хэмээдэг бөгөөд энэ нь тэнгэрийн орон буюу диваажин, тамын орон, тэр хоёрын дундах ертөнц гэсэн гурван ертөнц юм.
Бөө нар эртнээс нааш эрхэмлэн шүтдэг юм бүхнийхээ сүнсийг хийсвэрлэн дүрсэлж, түүнийгээ малын үс ноос, эсгий бөс даавуу, мод зэргээр Бөөгийн онгод тэнгэр-ийг дүрслэн бүтээж иржээ. Гурван янзын хэлбэр байдаг.
● Чулуу, мод, бөс даавуу, эсгий, ноос, өвс зэргээр тусгай бие болгон хүүхэлдэй маягаар дүрслэн бүтээсэн онгодын хэлбэр.
● Ямар нэгэн амьтан хүн дүрслэлгүйгээр олон өнгийн даавуу хадаг, булга хэрэмний арьс зэрэг эдээр хийсэн урт богино бүхий дүрслэлтэй сэтэр онгодын хэлбэр.
● Дүрслэн бүтээх, хийсвэрлэн бүтээх хоёрын хэлбэрийг хослуулан хэрэглэсэн хэц онгодын хэлбэр.
Бөөгийн ёсны бас нэг чухал зүйл бол овоо тахилга байдаг. Эртний Монгол ёсонд овоон дээр зөвхөн эр хүн гарч тахилга үйлддэг байсан. Овоон дээр ойртон очиж бүсээ тайлж хүзүүн дээрээ тохоод малгайгаа авч дээш гараад гал болон идээний дээжийг овоонд өргөөд Тэнгэрт айлтгал өчин хүсэх зүйлээ чанга хэлээд овоог тойрч бууж ирсний дараа бүсээ бүслэн малгайгаа өмсдөг байсан байна. Бүсээ тайлж малгайгаа авдаг нь “Одоо би хүн биш Тэнгэр таны эрхшээлд орлоо” гэсэн ухагдахууныг илэрхийлж байгаа юм. Ийм учраас Монгол хүний малгай бүс их чухал зүйл бөгөөд Монголчууд малгайгаа үргэлж толгой талдаа тавьдаг. Бүсээ тоонолж зангидаад мөн толгой талдаа тавьж хонодог бөгөөд малгай бүсэн дээгүүр алхах гишгэхийг ихэд цээрлэн үздэг.