Нью-Йорк ням гарагаас эхлэн автомашинуудаас түгжрэлийн хураамж авч эхэлснээр зам түгжрэлийн хураамжтай болсон АНУ-ын анхны хот болжээ. Жолооч нар тус хотын замын ачаалал ихтэй хэсгүүдээр зорчихдоо автомашиныхаа төрлөөс хамааран өдөрт нэг удаа дундажаар 9 ам.доллартой тэнцэх хэмжээний хураамж төлдөг болсон байна. Энэхүү шинэ журам нь Нью-Йорк хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулж, нийтийн тээврийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой юм байна.Түгжрэлийн хураамж төлөх замууд нь Нью-Йорк хотын төв цэцэрлэгт хүрээлэнгийн өмнөд хэсэг, Эмпайр Стэйт Бюлдинг, Таймс скуэр, Уолл Стрийт гудамж орчмын санхүүгийн дүүрэг зэрэг газрууд юм байна. Суудлын автомашин болон хөнгөн тээврийн хэрэгслийн жолооч нар замын ачааллын оргил үеэр буюу 05-21 цагийн хооронд түгжрэлтэй бүсэд нэвтрэх бол өдрийн 9 ам.доллар төлдөг бол оргил үеэс бусад цагт 2 доллар 25 цент төлөх юм байна.Мөн бага оврын ачааны автомашин, нийтийн тээврийн бус зориулалттай автобус Манхэттэн дүүрэгт ачааллын үеэр нэвтрэхдээ 14.40 ам.доллар төлөх бол тов оврын автомашинууд жуулчдын автобуснууд 21.60 ам.доллар, үйлчилгээний такси Нью йорк хотын түгжрэлийн бүсэд орж, гарж, зорчсон аль ч тохиолдолд 0.75-аас 1,50-ийн төлбөрийг зорчигчийн төлбөр дээрээс нэмж тооцох юм байна. Харин бага орлоготой жолооч нарт хөнгөлөлт үзүүлэх бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тээврийн хэрэгсэл, яаралтай тусламжийн автоашин, автобус болон төрийн зарим тээврийн хэрэгсэл түгжрэлийн хураамжаас чөлөөлөгдөнө.Түгжрэлийн хураамж авч эхэлснээр түгжрэлтай бүсэд нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог 10 хувиар бууруулна гэж тооцоолж байгаа юм байна. Замын ачааллын мэдээлэл боловсруулдаг компанийн судалгаагаар өнгөрсөн 2024 онд дэлхийн хамгийн их түгжрэлтэй хотоор Нью-Йоркийг хоёр дахь жилдээ дараалан тодруулсан юм байна.
Нийтэлсэн: Moнголын мэдээ