Зуны налгар өдрүүдтэй хаяа дэрэлж тун удахгүй Монгол зон олны их наадам, баяр цэнгэл болно. Бөх, морь, сур харваагаар эрийн гурван наадам хэмээн нэрлэгдэж дэлхийд сүр хүчээ гайхуулсаар ирсэн билээ. Харин үндэсний их баяр наадамд 1998 оноос хойш хэдэн мянган жилийн тэртээгээс наадаж ирсэн дөрвөн эрдэнээр хөллөдөг жижиг яс буюу шагайн харваа дөрөв дэх нь болон багтсанаас хойш сонгодог спорт болтлоо хөгжсөөр өдийг хүрлээ. Ийнхүү үндэсний их баяр наадмын нэгээхэн төрөл болсон спорт маань одоогоор 10 гаруй мянган хичээллэгчидтэй болжээ. Мөн спортын мастер болон дэд мастер 40 гаруй төрсөн нь ямар хурдацтай хөгжиж буйн илрэл биз ээ.
Нөхөрлөлийг баталгаажуулдаг спорт
Нүүдэлчид эрт дээр үед аян замд гарахдаа үлгэр, түүхээ ярьж, идэш малынхаа далны ясан дээр богийн шагай тавьж, бөгцөг харваж эхэлснээр энэхүү спорт үүсч хөгжсөн түүхтэй. Сүүлдээ далны оронд хашлага шагай нь бугын эвэр болж, харин шагайн зурхайг авдрын тагаар орлуулан хасааг богийн шагайгаар төлөөлүүлж зайг нь гэрийн босгоноос хоймор хүртэл есөн тохой хэмжээтэй болгосон юм гэдэг. Ганц хуруугаар няслан өөрөөсөө арваад метрт байгаа зоосон чинээ бугын ясан хасааг онох нь хурууны няс, ухаан хоёрыг холбон орон зайг тооцоолж сурахад нөлөөлдөг аж. Мөн шагай харваж сурсан хүн нум сум харвахад орон зайг багцаалах, тооцоолох чадвартай байдаг хэмээн судлаачид тогтоожээ. Шагайн харвааг спорт биш гэдэгтээ маргах хүн олон. Тэгвэл нэг удаагийн харваанд 40-50 удаа босч суудаг учир үүнээс спортын шалгуур эхэлж, гарын торгон мэдрэмж, нүдний хараа, амьсгалын зохицуулалт маш их шаарддаг гэнэ. Тэгэхээр яахын аргагүй л спортын нэгэн төрөл мөн юм. Үүнийг мэргэжлийн хүмүүс шинжлэх ухааны үүднээс нотолсон учраас 1999 оноос хойш спортын цол зэргийн ангилалд зүй ёсоор багтаасан, батласан юм. Мөн шагайн харваа нь ухаан төвлөрүүлэхээс гадна баг хамт олон, нөхөрлөлийг баталгаажуулдаг сайн талтай. Нэг багийн 6-7 хүн ямар ч жаргал, зовлон тохиолдсон хамтдаа байж бие биенээ маш сайн хүндэтгэдэг нь энэхүү спортын давуу тал юм.
Булган аймаг шагайн харвааны өлгий нутаг
Одоогийн Булган аймаг буюу хуучнаар Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууг шагайн харваан өлгийн нутаг хэмээн нэрийддэг. Тиймдээ ч, халхын гурван томоохон тойрмын хоёр нь энэ нутгийн уламжлал билээ. Шагайн харваа нь халх, урианхай, боржигон гэсэн гурван төрөлтэй бөгөөд тойргоор тоглодог учир тойром хэмээн нэрийдсэн аж.
Уянгалаг, яруу дуугаар уухайлах
Шагайн харваанд яруу дуугаар уухайлж харваачийг хөгжөөн, наадмыг чимэгтэй болгодог. Харваж байгаа хүнээ багийнхан нь уухайгаар удирдах нь эртний ёс юм. Оновол уухайгаа өндөрсгөж алдвал намсгаж, сум дутвал өндөрсгөнө. Мөн өрсөлдөгч талын хүнийг зоригжуулж, урамшуулж багаа хөхиүлэн сайшааж, намсгадаг нь энэ тоглоомын нэгэн онцлог билээ.
Үе дамжсан харваачид
Өвөрхайнгай аймгийн Гучин-Ус сумын харьяат Л.Бадарчин харваачийн гэр бүлийг удам дамжсан шагайн харваачид хэмээн нэрийддэг. Л.Бадарчин гуай 1979 онд Зүүнхараад Төмөр замын илгээлтээр ирж хожмоо солгой Л.Бадарчин хэмээх нэрийг шагайн спортынхон дундаас олж авчээ. Нэг гэр бүлээс шагай харвадаг хүн олон ч, тэднийх шиг гурван үлэмж дархан мэргэн төрсөн нь хуруу дарам цөөн. Аав шигшээ өндөр цол хэргэмд хүрсэн нь Б.Шинэбаяр, Б.Шинэбат нар юм. Зүүнхараагийн Баянсуудал, Хонхорын тойрмоос эхлээд 16 настайгаасаа аавыгаа даган шагай харваж эхэлсэн хүү нь Б.Шинэбат. Тэрхэн үедээ хөгшчүүл л энэ спортоор тоглодог байсан учир хүүг ихэд гайхдаг байсан аж. Гэтэл хүү төд удалгүй 1992 оноос шилдэг харваачдын тоонд зүй ёсоор багтаж энэхүү жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж амжилтын замнал нь эхэлсэн юм гэдэг. Харин Б.Шинэбаярын хувьд 1993 онд Б.Шинэбатыг улсын аварга шалгаруулах тэмцээн өнжсөн үед анх оролцож байжээ. Энэ үед Л.Бадарчин харваачийн хүүхдүүд аавынхаа шийрийг хатаах нь хэмээх яриа наадамчин олны дунд газар авсан байжээ. Энэ яриа ч хоосонгүй байж Б.Шинэбаярыг нь Сэлэнгийн хоёрдугаар баг багтаа элсүүлсэн бөгөөд дараа жил нь авьяас билгээрээ ялгарч нэгдүгээр багт нь оржээ. Ийнхүү баг нь улсын аварга шалгаруулах тэмцээнд 11 удаа байрт шалгарч байснаас дөрөвт нь түрүүлж, долоон удаа хоёр, гуравдугаар байрт шалгарч байсан удаатай. Харин Б.Шинэбат харваачийг аавыгаа дуурайсан уран няслалттай хэмээн олон ч хүн ярьдаг. Улсын шилдэг харваачдын нэг нь болсон аавынхаа нэрэмжит тэмцээнийг хүүхдүүд нь жил бүр нутагт нь зохион байгуулдаг гэсэн. Энэ талаар Б.Шинэбат хүү нь “Аавынхаа нэрэмжит тэмцээнийг зохион байгуулахад олон авьяаслаг, шинэ харваач олноор төрөн гардаг. Тиймээс энэ спорт хөгжиж буйн бас нэгэн хэлбэр, илэрхийлэл шүү дээ. Нэг талаараа, аавын минь нутаг ус баярладаг биз дээ” хэмээн хариулсан юм. Магадгүй өөрсдийнх нь хойч үе гарч ирж буйд баярладаг нь энэ спортыг хөгжүүлэх гэсэн чин сэтгэлийнх нь илрэл биз ээ. Жил бүрийн наадамд алдар, нэр нь цуурайтаж явдаг харваачдын удам угсаа нь цаашдаа тасрахгүй үргэлжлэх байх. Удам дамжсан авьяас гэж энэ л байх даа.
Шагайн харвааг дэлхий нийт сонирхож байна
Монголын шагайн харваан холбоо 1991 онд байгуулагдсан бөгөөд жил бүр улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж, эхний гурван байрт шалгарсан баг тамирчдад спортын цол зэрэг олгож наадмын зүлэг ногоон дэвжээнээ алдар нэрээ цуурайтуулсан харваачдад мэргэн цол олгодог болсон. Шагайн харваа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж наадмын харваа, улсын аварга шалгаруулах тойрмуудад оролцох баг тамирчдын тоо ч жил ирэх тусам нэмэгдэж буй. Үүнтэй зэрэгцэн гадаадын сонирхогч, жуулчдын тоо олширч, одоогийн байдлаар АНУ-ын Сан-Франциско, Чикаго, БНСУ, Франц, ОХУ-д уг спортын товчоог байгуулан ажиллуулж байгаа юм. Холбооных нь ажил урагштай явахын хэрээр нэгэн асуудал сөхөгдөн гарч ирж байгаа.
Энэ нь ойрын жилүүдэд идэвхийлэн ажиллаж шагайн харваа, шагайн тойрмыг ЮНЕСКО-д албан ёсны бүртгэлтэй болгох юм. Одоо бол шагайн харвааг дэлхийд данслах л үлдлээ.