Баянхонгор сумын Засаг дарга Ж.Төмөрбаатартай ярилцлаа.
-Баянхонгор суманд энэ жил хийхээр төлөвлөсөн ажлын явц ямархуу байгаа вэ?
-Өнгөрсөн онд Баянхонгор сум Орон нутгийн хөгжлийн сандаа тэрбум төгрөг төсөвлөсөн. Гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, явган хүний зам гэх мэтчлэн хурлаар баталсан ажлуудаа хийж гүйцэтгэсэн. Санхүүгийн хүндрэлээс болоод Орон нутгийн хөгжлийн санд энэ онд 416 сая төгрөг орж ирсэн. Үүнээс өмнөх оны дутуу санхүүжилт 350 сая төгрөг байсныг нь нөхөж аваад байгаа. Ингээд сан 80 гаруй сая төгрөгтэй үлдээд байна. Тиймээс бид чухал шаардлагатай гэсэн ажлуудыг хийж, гүйцэтгэж байгаа.
-Санхүүжилт дутуу учраас хийхээр төлөвлөсөн ажлууд нэлээд хойшилсон байх?
-Өмнөх жилийн санхүүжилт ондоо багтаж ороогүй учраас үлдээд байсан мөнгө нь одоо төлөгдөөд явж байгаа юм. Санхүүжилтийг нь дээрээс баталж өгдөг учраас нөхөх боломж, бололцоо байдаггүй. Баянхонгор хотод татварын орлого гэхээр зүйл бас байхгүй л дээ. Аймгаас сумдад мөнгө хуваарилдаг болохоор мөнгө нэмүүлэх боломжгүй.
-Тэгэхээр бүтээн байгуулалтын ажлууд бас хумигдаад ирж байна уу. Уг нь хувийн хэвшлийнхэн бүтээн байгуулалт хийж, барилга байгууламж нэлээд барьж байгаа харагдана.
-Урьд оныхоос бүтээн байгуулалт мэдээж багассан. 2013-2014 онд 1000 айлын орон сууц хөтөлбөр сайн хэрэгжсэн. 2014 онд 1100 орчим айл орон сууцанд орсон. Сүүлийн үед орон сууц маш их баригдаж байгаа. Гэвч санхүүгийн хүндрэлтэй байдлаас болоод борлогдохгүй байх бэрхшээл гарч байна. Банкны найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн шалгуур өндөрсөөд иргэд хамрагдаж чадахгүй боллоо. Айл өрх ороогүй сул орон сууц маш их байгаа. Уг нь, барилгын компаниудын дунд өрсөлдөөн бий болж орон сууцны ам.метрийн үнэ 950 мянган төгрөг болсон.
-Төв суурин газруудад сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байдаг. Баянхонгор сумын хүүхдүүд цэцэрлэг, сургуульд бүрэн хамрагдаж чадаж байна уу?
-Өнгөрсөн онд 200 хүүхэд хүлээн авах чадалтай хоёр ч цэцэрлэг ашиглалтад орсон. Сумын хэмжээнд хувийн дөрвөн цэцэрлэг ажиллаж байна. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх сонирхолтой иргэд ч нэлээд бий. Цэцэрлэгийн хүрэлцээ бас харьцангуй сайн. Хавар хүүхдүүдээ амрахаар цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүдийг нэмж аваад, сургуульд орох бэлтгэлийг нь хангаад өгчихдөг. Тэгэхээр сургуулийн өмнөх боловсрол олгож, бэлтгэж өгөөд байгаа юм. 960 хүүхдийн багтаамжтай ерөнхий боловсролын V сургууль ашиглалтад орох байсан. Харамсалтай нь энэ жилийн төсөвт санхүүжилт нь суугаагүй учраас барилгын ажил зогссон. Уг нь сууриа тавиад карказ нь босчихсон. Энэ жил ашиглалтад орох ёстой байсан.
-Баянхонгор сумын хувьд тулгамдаж байгаа ямар асуудлууд байна?
-Баянхонгор сум дэд бүтцийн хувьд сайн хөгжсөн. Цэвэр ус тулгамдсан асуудал байсныг өнгөрсөн жил Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шийдсэн. Нэг үеэ бодоход дэд бүтэц харьцангуй сайн болсон.
-Сүүлийн жилүүдэд орон нутгийг зорьж, шилжин суурьших иргэдийн тоо нэмэгдсэн. Аймгийн төвийн сум учраас шилжилт хөдөлгөөн ямархуу байдаг юм бол?
-Баянхонгор сум 29700 хүн амтай. Түр оршин суугч нь 32 мянга орчим. Өмнөговь, Улаанбаатар руу шилжилт хөдөлгөөн арай илүү байдаг юм. Төрөлт, нас баралт, шилжилт хөдөлгөөний тоо нь тэнцдэг. Тэгэхээр хүн амын өсөлт сайн тод харагддаггүй тал бий. Харин зорилтот бүлэгт чиглэсэн халамжийг эзэнд нь хүргэхийн төлөө манай халамжийн байгууллага сайн ажиллаж байгаа. Өмнө нь хавтгайрсан хэлбэрийн халамж үзүүлдэг байсныг цэгцэлж чадсан халамжийн байгууллага маань ажил үйлчилгээгээрээ улсын хэмжээнд дээгүүрт орсон. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд Эрдэнэ саяхан манай аймагт ирж Халамжийн төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа.
-Ажилгүйдлийн хувьд?
-Ажлын байр ер нь харьцангуй гайгүй гэж болно. Блокны үйлдвэр, барилга дээр ажиллах хүмүүс хэрэгтэй байдаг. Ажил хийх хүн нь олддоггүй мөртлөө ажилгүйдэл байдаг. Хөдөлмөрийн хэлтэст хүрээд ир ажилтай болгож өгье гэхээр хүн ирдэггүй. Манай аймагт барилгын материалын үйлдвэр цөөнгүй байгаа. Ханын материалын хэд хэдэн үйлдвэр ашиглалтад ороод ажиллаж байна. Хөнгөн блокны үйлдвэр ч бас нэлээн хэд бий.
-Баянхонгор аймагт ногоон байгууламж нэлээд хийж байгаа харагдлаа.
-Хот тохижилт, ногоон байгууламжид энэ жил нэлээд анхаарч ажиллаж байгаа. Аймгийн төвийн хойд хэсгээр ойн зурвас хийсэн. Түүнийхээ арчилгаа, тордолгоо, услалтын системийг хийж байна. Ногоон хэрэм байгуулбал шороо тоос ихээр босдог нь дарагдаж, хатуу ширүүн уур амьсгал нь зөөлөрнө гэж үзэж байгаа. Иргэд маань ч гэсэн ногоон байгууламжаа хайрлан хамгаалж, арчилж байгаа.