Л.НОМИН
Одоогоос дөрвөн сарын өмнө Монгол Улсын 330 сумаас хоёр нь иж бүрнээрээ шинэчлэгдсэн билээ. Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянлиг сум “Шинэ сум” хөтөлбөрт хамрагдсан. 20 ортой эмнэлэг, 640 хүүхдийн багтаамжтай сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, 250 хүний суудалтай спорт болон соёлын төв, сумын захиргааны байр, хөлбөмбөгийн талбайтай шинэ төвтэй болсон. Шинэ байрандаа дөнгөж төвхнөөд байхад нь Бууцагаан сумыг зорин очлоо. Шинэ сумын төвдөө ногоон байгууламжтай болохоор ажил ид ундарч, сумынхан завгүй байна. Гэвч үүний хажуугаар өөрөөс бус өрөөлөөс шалтгаалах нэгэн бэрхшээл учраад байгааг Сумын Засаг дарга Ч.Энхдалай дуулгалаа.
20 ортой эмнэлэг тавхан өвчтөн л хэвтүүлэх эрхтэй
Бууцагааны эмнэлэг таван ортой. Эрүүл мэнд, спортын яамнаас таван өвчтөн хэвтүүлж эмчлэх эрх, зөвшөөрөл олгосон. Харин шинэ сумын төвд 20 өвчтөн хүлээн авах хүчин чадалтай хоёр давхар шинэ байшин бий. Хөл хөдөлгөөн ихтэй тус эмнэлгийн таван ортой өрөө нь л эзэнтэй. Эмчилгээний болоод эмчийн өрөөнөөс гадна хоосон тасалгаа цөөнгүй. Төв суурин газарт хоосон өрөөтэй эмнэлэг байна гэдэг төсөөлөхөд бэрх. Бууцагаанд сум дундын эмнэлгийн зөвшөөрөл олгоогүй учраас хүлээн зөвшөөрсөн хэмжээнд нь үйл ажиллагаагаа явуулан эмч, эмнэлгийн ажилтнууд ачаалал ихтэй, борви бохисхийх завгүй ажилласаар...
Баруун таван аймгийн зорчигч болон ачаа тээврийн 150-200 орчим авто машин энэ сумын нутгаар өдөртөө дайран өнгөрдөг. Тиймээс осол гэмтэл, автомашины аваарын дуудлагад сумын эмнэлэг дарагддаг гэнэ. Эмнэлэг шинэ байртай болж багталцаж шингэхгүй байсан нэг асуудал шийдэгдсэн боловч хүчин чадал, шатлалаа нэмэгдүүлэх шаардлага байгаа юм. Осол аваар их гардаг учир мэс заслын тасагтай болохоор бэлтгэлээ базааж, эмч мэргэжилтнүүдээ бэлтгэжээ. Мөн эмэгтэйчүүдийн эмч, шүдний эмч ажиллах боломжтойг эмнэлгийн ажилтнууд хэлж байлаа. Гэвч Эрүүл мэнд, спортын яамнаас сум дундын эмнэлгийн статустай болгож, хоёрдугаар шатлалын эмнэлэг хэмээн зөвшөөрлийн ганц цаас хүлээсээр багагүй хугацаа элээжээ. Удаа дараа хүсэлт тавьж, очиж уулзсан боловч өдий болтол судалж байна гэхээс өөр хариу өгөөгүй аж.
Сумын Засаг дарга Ч.Энхдалай “Манай эмнэлгийн хажуугаар баруун таван аймгийн ачаа болон хүн тээврийн машин явдаг зам өнгөрдөг. Тийм болохоор гэмтэл, бэртэл, автомашины осол аваар их гардаг. Шинэ сайхан байртай болсон ч таван ортой эмнэлгийн хэмжээнд л ажиллаж байгаа. Уг нь эмнэлэг маань 20 ортой байдаг. Мэс засал, эмэгтэйчүүд, шүдний тасагтай болох шаардлагатай. Гэвч энэ хэвээрээ таван ортой ажиллаад байх юм бол өвлийн улиралд сул өрөөнүүдэд хий дэмий халаалт зарцуулах гээд байна. Манай эмнэлгийг баруун аймгуудын гэмтлийн төв ч юм уу, сум дундын эмнэлэг болгох боломж уг нь байгаа. Баянхонгор аймаг дөрвөн сум дундын эмнэлэгтэй байх ёстой. Түүнээс гурав нь төсөв мөнгөө журмынхаа дагуу аваад явж байгаа. Бууцагааныг сум дундын эмнэлэгтэй болгохыг ЭМСЯ шийднэ гээд хоёр жил боллоо. Тал бүрээр хандаж үзлээ. Эмнэлгийн бүтэц орон тоо хуучнаараа байгаа мөртлөө үйлчлүүлдэг иргэдийн тоо хоёр дахин нэмэгдсэн” гээд холбогдох албан тушаалтныг яаралтай шийдэж өгөхийг биднээр дамжуулан уламжиллаа.
Хэд хэдэн удаа ЭМСЯ-нд хандсан ч шийдтэй хариу өгөөгүй учир Бууцагаан суманд хүрэлцэн ирж шинэ сумын төвийг үзэж сонирхон, нөхцөл байдалтай танилцах ажлын хэсэг байгуулан ажиллуулах урилга илгээжээ. Хэрэв салбарын яам нь бага ч болов анхаарал хандуулж, зохих шийдвэрийг нь гаргаж зөвшөөрөл өгөх юм бол бид чадлынхаа хэмжээгээр ажиллаж чадна гэдгээ эмнэлгийнхэн хэлж байсан юм.
Сум яагаад хоёр цэцэрлэгтэй байж
болохгүй гэж
Шинэ сайхан байшин барилга бүхий сумын төвийн цогцолборт 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг бий. Гэсэн ч Бууцагаан суманд цэцэрлэгийн насны 330 хүүхэд байдгаас 250 нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдах бололцоотой. Хуучин сумын төвд 90 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн байшин сул байна. Харамсалтай нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас нэг суманд нэг л цэцэрлэг байхад хангалттай гэж үзжээ. Цэцэрлэгийн байр, байшин, багш, боловсон хүчин дутуу гэдэг асуудлаас болоод жил бүр хэдэн мянган хүүхэд цэцэрлэгт явж чаддаггүй. Тэгвэл хоёр цэцэрлэг ажиллуулж, хүүхдүүдээ бүрэн хамруулъя гэхээр тамга, гарын үсэгтэй алгын чинээ цаас бүх зүйлийг шийдэх болоод байна. Шаардлагатай төсөв мөнгийг нь шийдүүлээд багш ажилтнуудаа бэлтгэсэн учир хамгийн том бэрхшээл болох байр, байшинд санаа зоволтгүй болсон ч бас л нэг зөвшөөрөл гэх цааснаас хамааралтай байгаагаа Засаг дарга Ч.Энхдалай учирлаж байлаа. Бүх хүүхдээ цэцэрлэгт хамруулахыг манай сум харуулах боломж байна. Гэвч... гэж санаа алдаж сууна. Хөлөө хүрэх газар хүртлээ гүйсний эцэст БСШУЯ-ныхныг шинэ сумын төвд ирж үзэж танилцахыг урьсан хэмээв.
Орчин сайхан болоод ирэхээр хүүхдүүд сургалтдаа илүү их амжилт гаргаж байгаа аж. Үүний жишээ нь Бууцагаан сумын ерөнхий боловсролын сургууль төгсөгчид элсэлтийн ерөнхий шалгалтаа сайн өгч, аймагтаа тэргүүлсэн явдал гэсэн юм. Дотуур байрны хувьд ор дутагдалтай байгаагаас өөр бусад асуудал харьцангуй гайгүй гэнэ.
Сумын Засаг дарга эрх мэдэлтэй юу...
Аймаг, сумдын болон бүсийн хэмжээний хурал, зөвлөлгөөн Бууцагааны шинэ соёл, спортын төвд тасралтгүй болдог байна. Байнга арга хэмжээ болдог 250 хүний багтаамжтай энэ төвийг ганц хүн цэвэрлэнэ гэдэг амаргүй. Гэсэн ч цаанаас баталж өгсөн орон тооны хүн ажиллуулах л ёстой. Үүнийг сумын Засаг дарга ганцаараа шийдэх боломжгүй. Энэ бол зөвхөн эднийд үүссэн асуудал биш. Ерөөсөө л Монгол Улсын 330 сумын хүн ам хэд байх, том жижиг, шинэ хуучин байхаас үл хамаарч нэгэн ижил бүтэцтэй ажиллах хуультай. 1500 хүнтэй сум, 3700 хүнтэй сум өнөөдөр адилхан бүтэцтэй ажиллаж байна. Төрийн үйлчилгээг иргэдэд ижил түвшинд хүргэж байгаа ч ачаалал нь харилцан адилгүй.
Бууцагаан сум гэхэд 3400 орчим иргэн, 900 өрхтэй байсан бол шинэ төвтэй болсноос хойш иргэд шилжин ирж, 3700 иргэн, 1000 гаруй өрхтэй болж, өргөжсөөр байна. Аймаг нь сумын төсвийг хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд нэмэгдүүлээд явах бололцоотой. Тэгэхдээ орон тоо бүтцийг яам, агентлаг, Засгийн газрын түвшинд шийддэг аж. Сумын Засаг дарга нэг ч хүн томилж, чөлөөлөх эрх мэдэлгүй. Бие даасан шийдвэр гаргах ч боломжгүй. Бүгдийг аймаг юм уу Улаанбаатарт шийддэг гэнэ. Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг аймгаас томилдог бол Цагдаагийн ерөнхий газраас хэсгийн цагдааг, бүртгэлийн ажилтныг хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас томилдог байх жишээтэй. Наанадаж л хуучин сумын эд хогшил, сандал ширээг агуулахад хадгалж байхаар зарж, борлуулах эрх мэдэл ч сумын Засаг даргад байдаггүй гэнэ. Хэн нь мэдээд байгаа нь мэдэгдэхгүй ийм байдалд улсын өмч үрэгдэх нөхцөл үүсээд буйг Ч.Энхдалай дарга анхааруулж байсан юм. Тэрээр “Сумын хөгжил хоцорч байгаагийн нэг нь энэ ойлгомжгүй байдал. Төрийн албаны шинэчлэл гэж ярьдаг. Тэгвэл орон нутгийн бага нэгжээс шинэлчлэлээ эхлэх хэрэгтэй. Засгийн газар ямар шийдвэр гаргах бол гэж бид дээшээ харсан байдалтай л байна. Уг нь сумдад өөрчлөлт хийх ойлголцол, сэтгэлзүй бүрдсэн. Нийтийн алба гэх юм бол түүгээр нь өөрчлөх боломжтой. Сумдынхан ч үүнд бэлэн байгаа. Бууцагаан сум 326 мянган малтай. 150 орчим мянган мал сумын нутагт байх ёстой. Ингээд сумын Засаг дарга малчдын бэлчээрийн хэрүүл зохицуулдаг л ажилтай болж таараад байна. Малчдаас татвар авахгүй, мал нь газар нутагтаа багтаж шингэхгүй байхад бид төрийн шатахуун зарцуулан очиж хэрүүл зохицуулдаг л хүн боллоо. Ядаж сум сумаас 50-100 мянган мал гадаад зах зээлд гаргахад хангалттай. Газраар дүүрэн мөнгө байхад бизнесийнхэн өөрсдөө малчдаас ирж мал, мах, түүхий эдийг нь авч борлуулах л хэрэгтэй байна. Компаниудад эрхийг нь өгч зохицуулахгүй бол өвөл хаяанд ирээд байна” гэсэн юм.
91 жилийн түүхэндээ тус сум улсдаа анхны жишиг сум болсон ч яам, агентлагуудын түвшинд шийдэх цөөн хэдэн зөвшөөрөл хүлээсээр нэг л жигдэрч өгөхгүй байна. Шинэ сумын төвийн хажуугаар тээврийн машинууд зүгээр өнгөрнө гэж үгүй. Заавал очиж сонирхон, орж гарч, асууж шалгаана. Барилгын ажил эхэлснээс ашиглалтад орох хүртэл энд 30 орчим мянган гадаад, дотоодын хүн ирж сонирхжээ. Одоо харин Эрүүл мэнд, спортын яамныхан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамныхан ирэх л дутуу байна. Бууцагаан сумынхан та нарыг урьж байна. Шинэ суманд заавал зочлон очиж, сургууль эмнэлэг, цэцэрлэгийг нь үзэж, хэрэгтэй байгаа зөвшөөрлийг нь гаргаж өгөөч.