Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Бадарч: Монголчууд Алтайд тарьсан алимыг иддэг болно

Говь-Алтай аймгийн Халиун сумын ИТХ-ын дарга М.Бадарчтай орон нутгийн хөгжил болон тулгамдсан асуудлын талаар ярилцлаа.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-1993 онд Хөдөө аж ахуй дээд сургууль төгссөн. 1993-1998 оны хооронд сумын мал эмнэлгийн тасгийн эрхлэгчээр, 1998-2008 онуудад сумын Засаг даргын Тамгын газрын даргаар, 2008 -2012 оны хооронд сумын Засаг даргын орлогчоор, 2012 оноос эхлэн сумын ИТХ-ын даргаар ажиллаж байна.

-Та ардчилсан хөдөлгөөнд оролцож анхдагчдын нэг болж явсан. Энэ талаарх дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Би 1990-ээд оны үед Улаанбаатар хотод оюутан байлаа. Ардчиллын салхи 1989 онд сэвэлзэж эхэлсэн. Манай Хөдөө аж ахуйн дээд сургууль  ардчилсан хувьсгалыг  дэмждэг сургууль байсан.1990 оны гуравдугаар сард болсон жагсаалд манай сургуулийн оюутнууд идэвхтэй оролцсон юм. Тэр үеэс эхлэн миний бие ардчиллыг идэвхтэй дэмжин ардчиллын үйл хэргийг залуучуудад ойлгуулж, сурталчлах талаар санаа тавин ажиллаж байна.

-Танай суманд МоАХ-ны гишүүд олон байдаг байх?
-Энэ суманд ардчиллыг бий болгосон түүний төлөө тэмцэж явсан олон хүн байдаг. Сумын Засаг дарга Эрдэнэдалай, Банзрагч гэж тэтгэвэрт гарсан багш, мөн Цэрэннүрзэд, Эрдэнэбилэг, Жаргалсайхан, Амарсанаа, Мөнхтуул зэрэг олон хүн байдаг. Бид журмын нөхдөө байнга дэмжин малжуулах, ямар нэгэн төсөлд хамруулах зэрэг ажлуудыг хийдэг.

-Сумын ИТХ-ын даргын хувьд нутаг орноо хөгжүүлэхээр хэрхэн ажиллаж байна?
-Сумын иргэдийн хурал бол Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан нутгийн өөрийгөө удирдах ёсыг хэрэгжүүлдэг байгууллага. Орон нутгийн хөгжлийн бодлогын шийдвэрийг гарган мөн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг баталдаг, хэрэгжилтийг нь хянадаг, гүйцэтгэлд нь үнэлэлт өгдөг эрх үүрэгтэй субъект. Халиун сумыг 2020 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөг иргэдээр хэлэлцүүлж батлуулсан. Үүнийг үндэслэн дөрвөн жил тутам сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тухайн чиглэл, чиглэлээр оруулдаг. Гол нь хүн амын шилжилтийг багасгах, нутаг орондоо ирж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх талаар ажиллаж байна. Ялангуяа, баруун хязгаар хил дагуу амьдарч байгаа иргэдэд бүсийн нэмэгдэл гэдэг шиг нэмэгдэл олгодог болбол шилжилт хөдөлгөөн багасна гэж боддог. Ингэснээр хил дагуу алс хязгаар нутаг эзэнтэй болно. Мөн манай сум мал аж ахуйгаас гадна газар тариалан эрхлэх боломжтой. Үүнийг түшиглэн газар тариалан эрхлэх, жижиг дунд үйлдвэрийг  хөгжүүлэх бололцоо бий. Чацаргана тариалах, боловсруулах цех байгуулах боломж, ирээдүй манай суманд бий. Хөдөөд бие даан хөгжих боломжийг 2012 оноос эхлэн Орон нутгийн хөгжлийн сан олгож, тодорхой хэмжээний хөрөнгийг ИТХ захиран зарцуулж байна. Багийн иргэдийн хурал бол шууд ардчилал юм. Багийн иргэдийн хурлын дарга шууд иргэдээс сонгогддог. Багийн иргэдийн хурлыг хөгжүүлэх, арга зүйгээр хангах үүднээс жил болгон нэг баг дээр үзүүлэх сургууль хийдэг. Орон нутгийн хөгжлийн сан байгуулсан нь цаг үеэ олсон алхам болсон. Хайгуулын тусгай зөвшөөрөл авсан таван аж ахуй нэгж бий. Сум орон нутгийн иргэд газраа ухаж төнхүүлэх дургүй.

-Социализмын үед танай сумыг Лодойхүү баатар удирдаж ажил үйлсээрээ улс орондоо тэргүүлж байсан гэдэг. Энэ хүний удирдах арга туршлагын талаар юу гэж боддог вэ?
-Тэр хүн бол энэ цагт хийх менежментийг тухайн үед хийсэн гэж боддог. Тухайн үед сумын хажууд нэгдэл гэж аж ахуйн том байгууллага байлаа. Нэгдэл нь сум орон нутагт аж ахуйн ажлыг зохион байгуулж удирддаг байсан. Одоо орон нутагт тодорхой хэмжээний төсвийг бүрдүүлдэг аж ахуйн байгууллага байвал сайн байна.

-Орон нутагт чацаргана, маалинга тариалах, оймс, гутал үйлдвэрлэх жижиг дунд үйлдвэрлэлийн төс­лүүд хэрэгжиж байгаа юу?
-Өмнө манай суманд алим тариалж байсан туршлага бий. Энэ жил алимны мод авчирч айлуудад тарааж өгсөн. Цаашдаа алимны тариаланг хөгжүүлэх асуудлыг чухалчилж байгаа. Монголчууд Алтайд ургасан алимыг урьд нь иддэг байсан. Энэ уламжлалыг сэргээж өөрийн нутгийн бренд бий болгохоор зорьж байна. Манайд газар тариалан эрхэлдэг, туршлагатай иргэд бий. Тэднийг түшиглэн алимны тариалан бий болгож чадвал тодорхой хэмжээний ажлын байр бий болно. Энэ жил туршилтын 50 ширхэг бут тарилаа. Ургаад эхэлбэл тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг хийе гэсэн бодолтой байгаа.

-Хязгаар нутагт ажиллаж, амьдарч байгаа хүний хувьд ямар асуудлууд тулгамдаж байна вэ?
-Улаанбаатарт байгаа орчин энд бас байх ёстой. Үүнийг бүрдүүлэх шаардлагатай. Интернэт, үүрэн телефоны  дөрвөн оператор манай суманд ажилладаг. Сумын төвийн халаалт, цэвэр бохир усны асуудлыг судалж байна. Үүнийг хэрэгжүүлэхэд  хүндрэлтэй нь сумын төвд худаг гарч өгдөггүй. Өнгөрсөн жил 300 метр өрөмдүүлээд ус гарсангүй. Сумаас таван км зайтай худаг байдаг. Энэ худгаас ус татах бодолтой байна. Бидний зүгээс дэд бүтцийг бий болговол иргэд орон сууц барин ажиллаж, амьдрах боломжтой болно. Ингэснээр  олон залуусын орон нутагт ирж амьдрах нөхцөл бүрдэнэ гэж бодож байгаа.  Аймгийн авто замын газартай хамтарч 500 гаруй метр үерийн замыг зассан. Замын хувьд хүнд.

-Гадаад дотоодын жуулчид их ирж байна уу?
-Нутаг орондоо ирж амрах гэсэн нутгийн хүмүүс зуны улиралд Улаанбаатараас их ирдэг. Гадаадын жуулчид манайхыг тойроод явдаг. Сумын хувьд жуулчлал хөгжүүлэх боломж байгаа. Бурхан буудай уул, Дунд гол, Олон булагт зэрэг байгалийн үзэсгэлэнт газар олон байдаг. Олон булагт элсний сувилал байгуулж эхлээд байна. Ингэснээр аймгийн төвийн болон зэргэлдээ сумаас хүмүүс ирж сувилуулах боломжтой болох юм.

-Хамгийн түрүүнд ший­дэх хэрэгтэй ямар асуудал тулгамдаад байгаа вэ?
-Манай сумын хувьд 2002 оноос эхлэн малжуулах ажилд түлхүү анхаарч ирсэн. Сумын иргэдийн ихэнх нь малчид байгаа учраас цөөн малтай иргэдийг малжуулах нь чухал. Нөгөө талаар малыг чанаржуулах  үүднээс аймгийн Цөм сүргийн газартай хамтарч, Алтай үүлдрийн хуц, ухнаар малчдыг хангасан. Бэлчээрийн даацыг хэвийн байлгахын тулд малын тоонд биш, чанарт анхаарах болсон. Сүргийн зохистой харьцааг хангах тал дээр анхаарал тавин ажиллаж байна. Өмнө сарлаг маллаж байгаад 2002 оны зуднаар хотоо харлуулсан 7-8 өрхийн иргэнийг  сум Хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгож, үхэржүүлэх хөтөлбөрт хамруулсан. Манай сумын хувьд ундны асуудал хүнд байдаг. Иргэд ил задгай ус хэрэглэдэг. Энэ нь бохирдох эрсдэлийг дагуулж, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байдаг. Тиймээс иргэдийг гүний буюу хамгаалалтай усаар хангах асуудлыг хурдан шийдвэрлэх хэрэгтэй. Харамсалтай нь газрын гүнээс ус гарч өгөхгүй байна. Сумын иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг  тогтворжуулах хэрэгтэй. Энэ чиглэлээр өнгөрсөн жил Улаанбаатар хотын Нэгдүгээр төв эмнэлгийн эмч нарыг авч ирэхэд  тодорхой хэмжээний хөрөнгийн асуудлыг шийд­вэрлэсэн. Эмнэлгийн барилга хуучирч муудсан. Үүнийг засч сэргээх талаар ажил хийж байна. Мөн Лодойхүү баатрын  бариулсан сумын Соёлын төвийн барилга ихээхэн хуучирсан. Сэргээн засварлах ажлын талаар хөөцөлдөж байна. Эдгээр тулгамдсан асуудлыг нэн түрүүнд шийдэх хэрэгтэй байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан