Халиун сумын Засаг даргын орлогч Ж.Амгаланбаатартай сум орон нутгийн хөгжлийн асуудлаар ярилцлаа.
-Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар яриагаа эхэлье?
-Засаг даргын мөрийн хөтөлбөрийг 2013 оны гуравдугаар сард зургаан бүлэг 130 зүйлтэйгээр баталсан. Мөрийн хөтөлбөрт батлагдсан ажлуудыг жил жилийн үндсэн чиглэлд тусган хэрэгжүүлдэг. Орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэж буй сумын бүтээн байгуулалтын, сумыг ногоон тосгон болгох ажлыг үргэлжлүүлэх, говьд нутагт ногоон байгууламжийг бий болгох тал дээр их анхаарч ажиллаж байна. Энэ ажил 2004 оноос эхэлсэн байдаг. Өдрийн цагаар манай сумыг хаанаас ч харсан ногоон байгууламжтай болсон. Мөн өрх болгоноор чацаргана тариулах, бүтээгдэхүүн хийлгэх, амьдрал ахуйд нь хэрэг болгох тал дээр түлхүү анхаардаг. Монгол улсын Засгийн газар 2012 онд орон нутгийг хөгжүүлэх зорилго бүхий хөгжлийн сан байгуулсан юм. Энэ санд 2013 онд 361 сая төгрөг төсөвлөгдсөн байсан. 2014 онд төсвийн хүндрэлтэй холбоотойгоор 100 сая орчим төгрөг хасагдан 260 сая төгрөг манай сумын дансанд орсон. Энэ мөнгийг малчдын хаваржаа, намаржааны бүсэд ундны ус гаргах, сумын төвийн өнгө төрхийг сайжруулах, цэвэр устай болгох, ахуйн үйлчилгээний ордон барих зэрэг ажилд зарцуулж байна.
-Ахуйн үйлчилгээний ордонг хэзээнээс барьж эхэлсэн юм бэ. Ашиглалтад орох ойртож байгаа юу?
-2014 онд барихаар төлөвлөж, барилгын ажлыг зургадугаар сарын 25-нд эхлүүлсэн. Хоёр давхар барилга байх юм. Одоогийн байдлаар 40 хувийн гүйцэтгэлтэй ажил үргэлжилж байна. Гэрээ ёсоор бол ирэх есдүгээр сарын 1-нд ашиглалтад орно.
-Сумдын нүүдэл бүтээн байгуулалтын ажилтай шууд холбоотой байдаг. Дэд бүтэцгүй бол иргэд суурьших нь бага. Таны ажиглаж байгаагаар нүүдэл, суудал хэр өрнөж байна?
-Намайг хүүхэд байхад манай сум суурьшил сайтай, хүн ам олонтой байсан юм. Төв рүү чиглэсэн нүүдлийн улмаас суурьшил багаслаа. Иргэдийг сум руу татах, суурьшуулахын тулд ажлын байр бий болгох, малжуулах зорилгоор эдгээр бүтээн байгуулалтын ажлыг хийж байна. Манай сум аймгийн төвтэй ойрхон болохоор хүүхдийн шилжилт хөдөлгөөн их байдаг. Аймгийн төвийн залгаа сумын багийн хүүхдүүд аймаг руу сургуульд явдаг. Энэ хүүхдүүдийг суманд нь сургах зорилгоор тусгай хөтөлбөр батлан, суманд хүүхдээ сургасан айл өрхийг малжуулах зэргээр урамшууллын ажлыг хийж байна.
-Сумаас аймгийн төв болон Улаанбаатарт сурахаар явсан хүүхдүүд төгсөөд буцаж ирж байна уу?
-Энэ жилээс буцаж ирэх хандлага нь нэмэгдсэн. Улаанбаатараас хоёр өрх, Сэлэнгэ аймгаас гурван айл буцаж ирсэн. Би ч гэсэн аймгийн төв дээр суурьших гэж үзсэн. Дассан нутгийн даавуу зөөлөн гэж үнэн үг юм билээ. Нэг жил ажиллаад эргээд сумандаа ирсэн. Хөдөө орон нутагт амьдрахад амгалан. Би 2003 онд дээд сургууль төгсөөд энэ суманд ирж ажилласан юм. Ингээд 12 жил болоход дасдаг ч юм уу эндээ амьдаръя, ажиллая гэсэн хүсэл байдаг юм. Манай эхнэр эндээс 160 км зайтай Төгрөг сумын уугуул. Сумын дунд сургуульд бага ангийн багш хийдэг. Нэг охинтой.
-Орон нутгаа хөгжүүлэх хэтийн зорилгоо залуу хүний хувьд юу гэж тодорхойлж байгаа вэ?
-Байлгүй яах вэ. Би дөнгөж 35 настай. Дөч хүрсэн эр, дөрөө дарсан ат гэж манай монголчууд ярьдаг. Сумандаа амьдаръя, гаднын хүн хаанаас ч ороод ирсэн үзээд харах юмтай. Суманд төрийн албан хаагчдаас бусад иргэд ажил орлоготой байх боломж бага байдаг. Ажилгүй хүмүүсийг ажилтай болгочих юмсан гэж боддог.
-Хөдөө орон нутагт төсөл хэрэгжүүлээд ажиллах бизнес сэтгэлгээтэй залуус хэр олон байдаг бол?
-Би ийм ажил хийх гэсэн юм.Үүнийг дэмжээд өгөөч гээд төсөл бариад ирдэг залуус байдаг. Тэдгээр залуусыг дэмжих гэж Сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл гэж 150 сая төгрөг байршуулдаг юм. Зээлийн хүү нь 2.4 хувь байдаг. Энэ зээлийг хийе, бүтээе гэсэн залууст олгодог.
-Газар тариалангаас гадна тэмээний ноос боловсруулж оймс хийх гэдэг ч юм уу, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа иргэд байна уу?
-Ерөнхийдөө боловсруулах чиглэлийн үйлдвэрлэлийн асуудал дутуу дулимаг байдаг. Ямар нэг зүйлийг их мөнгөний үүсвэртэй байж хийдэг гэсэн сэтгэлгээ байдаг. Үүнээс бэрхшээдэг ч юм уу, тэгээд ч их хэмжээний зээл олдох боломж бага байдгаас шалтгаалдаг байх. Сум хөгжүүлэх сангаас иргэнд найман сая, аж ахуйн нэгжид 15 сая хүртэл төгрөгийн зээл олгоно гэж журамласан байдаг. Үүнийг бид сумын хэмжээнд ярьж байгаад иргэнд 15 сая хүртэл, аж ахуйн нэгжид 35 сая хүртэл төгрөг олгохоор зохицуулсан. Хүмүүсийг ажилтай болгохын тулд үйлчилгээний салбараас илүү үйлдвэрлэл бий болгох чиглэлд анхаарвал олон хүнийг ажилтай болгох боломжтой болно.
-Орон нутагт хоршоолол хэр хөгжиж байна вэ. Хоршооллыг хөгжүүлэх нь ажлын байр нэмэгдүүлэх нэг арга хэлбэр болоод байна?
-Хоршоолол нь иргэдийн нэгдэж хамтран ажиллах боломжийг олгодог. Тариаланчид малчид л хоршоололд хамрагдаж байна. Хоршооны гишүүн биш бол ноос, арьсны урамшуулал өгөхгүй гэсэн албадлагын шинжтэй зүйлд иргэд дурамжхан байдаг юм болов уу, гэж надад санагддаг. Гэхдээ хүмүүс хамтарч ажиллахын давуу талыг ойлгон малчдын бүлэг гэж анхны хоршоо үүссэн юм. Одоогийн байдлаар манай суманд 13 орчим хоршоо бүртгэгдсэнээс тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа нь тав. Хоршооллын тухай иргэдэд зөв ойлголт өгөхийн тулд манай суманд газар тариалан үйлдвэрлэл хоршоолол хариуцсан мэргэжилтэн ажиллаж, зөвлөгөө өгдөг. Энэ мэргэжилтнээ аймагт сурган, хоршооллын давуу талыг иргэдэд таниулж ухуулах ажлыг хийж байна.