Улсын баяр наадмын өмнө долдугаар сарын 9-нд Эрүүгийн нэгдүгээр шүүхийн шүүгч н.Батжаргал С.Баттулгыг зарим хүмүүсийн хамт хорих шийдвэр гарган шүүхийн байрнаас Ганц худаг руу ачсан юм.
Сэтгүүлч С.Баттулга нь "Ноёд" ХХК-ийн өмч хөрөнгийн маргааны асуудлаар тус компанийн захирал С.Билэгт гэгчийн тухай баримтад нийтлэл бичсэнийхээ төлөө шүүхээс ял сонсож, хоёр дахь удаагаа цагдан хоригдоод байгаа нь энэ юм.
Улсын баяр наадам болж байсан болохоор иргэдийн баярын уур амьсгалыг эвдэхгүйн тулд Монголын сэтгүүлчид чимээгүйхэн харж өнгөрөөсөн. Сэтгүүлчийг шүүгч нь С.Билэгтийн өмгөөлөгчдийн "хорьж өг" гэсэн хүсэлтийн дагуу, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан гэдэг үндэслэлээр хорьсон ба ингэхдээ шүүх хурлын процессын болон хуулийн хэрэглээний алдаа гарган баривчилсанд сэтгүүлчид дургүйцлээ илэрхийл өнөөдөр хэвлэлийн хурал зарласан юм.
Хэвлэлийн хуралд Монголын телевизүүдийн холбоо, Монголын өдөр тутмын сонины холбоо, Монголын сайтын холбоо, Глоб энтернэшнл ТББ тэргүүтэй сэтгүүлчдийн байгууллагынхан оролцлоо. Сэтгүүлчид энэхүү баривчилгааг Эрүүгийн хуулийн 139 дүгээр зүйлд заасан "Сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд саад хийсэн алхам" гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн С.Баттулгын олон нийтэд бэлтгэж хүргэсэн "Ноёд" компанийн маргаан, захирал С.Билэгт гэгчийн тухай мэдээлэл нь бүгд эх сурвалжтай гэдгийг онцолж байсан юм. Хэрэг эцэслэн шийдэгдээгүй байхад сэтгүүлчийг баривчлан хорьсныг эсэргүүцэж байгаа нь шударга бус явдлыг өөгшүүлж байгаа тухай ч сэтгүүлчдийн байгууллагын төлөөлийнхөн хэлж байв.
Хэрэв сэтгүүлч С.Баттулгыг суллахгүй бол сэтгүүлчид ажил хаяна, БЗД-ийн шүүхийн гадна, ШЕЗ-ийн байрны гадна тайван замаар жагсаал цуглаан хийж тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ ч хэлж байсан юм.