Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Монголын Тогооч нарын холбоо хамтран "Монгол хуушуур - 2015" фестивалийг Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт 7 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Фестиваль нь Монгол үндэсний уламжлалт хоолыг гадаадын жуулчид, зочид төлөөлөгчид, наадамчин олонд сурталчлах, хоол хийх урлагийг хөгжүүлэх, наадамчдад амт чанартай хоол хүнсээр үйлчлэх зорилготой юм. Энэ жилийн наадмаар нийт 850 аж ахуйн нэгжид хуушуурын зөвшөөрөл олгосон бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт наадмаар худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдээс фестивалийн хүрээнд хамгийн том хуушуур хийсэн хоёр, хамгийн амттай хуушуур хийсэн хоёр, хамгийн цэмцгэр асартай хоёр, нийт зургаан номинациар 12 иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулж тус бүр нэг сая төгрөгөөр шагналаа.
Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон “Монгол хуушуур - 2015” фестивальд шалгарсан аж ахуйн нэгжүүдэд нийслэлийн ИТХ – ын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Д.Азжаргал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа нар шагнал гардуулав. Хамгийн амттай хуушуур хийсэн байгууллагаар – “Гал хувь” ХХК, “Жей Кей Ти” ХХК, Хамгийн том хуушуур хийсэн аж ахуйн нэгжээр – “Хаан хүнс” ХХК, “Дулааны цахилгаан станц” ТӨХК, Хамгийн цэмцгэр асартай байгууллагаар – “Сирж интернейшнл” ХХК, “Блүфин” ХХК – ууд тус тус шалгарлаа.