Хэдхэн хоногийн өмнө хуучин циркийн байранд гал гарсан. Тус циркийн байрыг яаралтай сэргээн засварлах шаардлагатай байна гэж өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр багш ажилчид нь мэдээллээ.
Гал гарсан шалтгааныг одоогоор тогтоогоогүй ч багш ажилчид нь барилгын дотор хийж байсан гагнуурын очноос гарсан байж болзошгүй гэж үзэж байна. Улсын циркийн сургууль үйл ажиллагаагаа цаашид явуулах боломжгүй болсон учраас барилгыг хугацаа алдалгүй сэргээн засварлаж, шаардлагатай тоног төхөөрөмжийг захьж авчруулах асуудлыг шийдэж өгөхийг төр засагтаа хандаж байгаагаа уг хурлын үеэр хүсэв. Циркийн тэнхимийн эрхлэгч Ю.Гэрэлбаатар, “Циркийн сургуульд 64 хүүхэд суралцдагаас 21 нь төгсөх ангийнхан. Байнгын бэлтгэл сургуулилт хийх ёстой. Барилгын 70 орчим хувь нь шатаж цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон бөгөөд ирэх хичээлийн жилээс өмнө яаралтай засах шаардлагатай” гэв.
Одоогоор зарим тоног төхөөрөмжөө “Хөгжим бүжгийн коллеж”-ийн байранд нүүлгээд байгаа ч тэнд бэлтгэл сургуулилтаа хийхэд хүндрэлтэй байгаа аж. Одоогоор хохирлын хэмжээ нийт 70 гаруй сая төгрөгт тооцогдож байгаа гэнэ.