18 метрийн урттай угсраа автобусыг өнөөдөр албан ёсоор Беларусийн талаас хүлээн авах ёслол боллоо.
Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд "Цахилгаан тээвэр" ХХК угсраа автобусыг үйлчилгээнд гаргахаар болсон юм.
Автобус хүлээлцэх арга хэмжээнд Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Станислав Чепурнойг, МАЗ компанийн төлөөлөл, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг зохицуулах ажлын хэсгийн ахлагч Н.Гантөмөр нарын албаны хүмүүс оролцлоо.
Багтаамжийн хувьд 38 суудалтай, нийт 120 хүний багтаамжтай угсраа автобусыг Беларусь улсын МАЗ компаниас худалдан авч буй бөгөөд нэг бүрийн өртөг нь 400 сая төгрөг юм байна. Зорчигчид том оврын автобусын адил 500 төгрөг төлж үйлчлүүлэх аж.
Нийтийн тээврийн үйлчилгээнд 20 угсраа автобусыг үйлчилгээнд гаргахаар төлөвлөсөн ч одоогоор 17 автобусыг авч ирээд байгаа юм.
Тус автобусаар зорчиход хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэд саадгүй зорчих боломжтой юм байна. Түүнчлэн угсраа автобусны давуу тал нь өвөлдөө нэмэлт халаалттай, зундаа сэрүүцүүлэх сэнстэй аж. МАЗ компанийн сургалтад хоёр жолооч, дөрвөн инженер хамрагдсан бөгөөд эдгээр хүмүүс техникт гарах урсгал засварыг хийж гүйцэтгэх юм байна. Угсраа автобус ирэх сарын 1-нээс Таван шар-Офицеруудын ордон, Офицеруудын ордон-Таван шар гэсэн чиглэлд явах юм байна.