Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оюутны автобусаар зорчих сарын төлбөрийг төрөөс тогтооно

-Нийтийн тээврийн хэрэгслээр карт ашиглан зорчино-

 Л.ХАТАНБААТАР

Нийслэлийн нийтийн тээврийн хэрэгслээр бэлэн мөнгөөр бус цахим картаар зорчих, цахимжуулах төсөл  хэрэгжиж  эхлээд байгаа билээ. Долдугаар сарын 20-ноос эхлэн хэрэгжих төслийн явцын талаар дараах хариултыг Нийслэлийн тээврийн газрын зорчигч тээв­рийн үйлчилгээний хэлт­сийн дарга Г.Доржпалам өглөө.

“Улаанбаатарын нийтийн тээврийн үйлчилгээнд удирд­лага, мэдээлэл, цахим төлбө­рийн системийг цогцоор нь нэвтрүүлэх төсөл хэрэгжиж эхлээд буй. Нийслэлийн тээв­рийн газрын үүрэг бол Улаанбаатар хотын ний­тийн тээврийн үйлчилгээг зохицуулах, иргэдэд хүр­тээмж­­тэйгээр зохион байгуу­лах юм. Энэ үүргийнхээ хү­рээнд нийтийн тээвэрт ийм төсөл шаардлагатай гэдэг саналыг удаа дараа дээд байгууллагуудад тавьж ирсэн. Бидний саналын дагуу БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Улаанбаатар смарт карт” ком­пани байгуулагдсан. Энэ төслөөр  удирдлагын сис­тем нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгслийн бүх хөдөлгөөнийг GPS-ын тусламж­тайгаар хянана. Ямар автобус аль буудал дээр хэдэн минутын зайтай ирэх гэж байна, цагийн хуваарийн дагуу явж байгаа эсэхийг төвөөс хянана гэсэн үг.  Цагийн хуваарь зөрчих, эвдрэх, гэмтэх асуудлыг шуурхай зохицуулах боломжтой болно.

GPS системд суурилсан мэдээллийг иргэдэд өгнө. Хэдэн минутын дараа аль чиглэлийн автобус ирэхийг буудлууд дээр байрлуулсан лед дэлгэцээр харуулна. Автобусан доторх зорчигчдод буудлын талаарх мэдээллийг дэлгэцээр харах, чихээр сонсох ч боломжийг олгоно. Мөн иргэд гар утас, компьютерээр нийтийн тээврийн хэрэгслийн бүх мэдээллийг авна. Цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр харилцааны соёл ч дээшилнэ. Иргэд урд хаалгаараа орж картаа уншуу­лаад хойд хаалгаараа бууна. Нийтийн тээврийн хэ­рэгслээр зорчдог бүх хүн төлбөрийн карттай байх юм. Эдгээр гурван системийг нэвт­­рүүлснээр Улаанбаатар хо­тын нийтийн тээврийн үйл­чилгээг нэг цэгээс хянах, удир­­дах, мэдээлэл авах, цаа­шид өөрчлөх, төлөвлөх, зо­хион байгуулах зэрэг нэгдсэн мэ­­дээллийн системтэй болно” гэлээ.

Удахгүй нийслэлчүүд нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо бэлэн мөнгө төлж биш цахим карт ашиглана. Дэлхий нийтийн жишиг ч ийм байдаг. Энэ талаар уг төслийг гүйцэтгэж буй “Улаанбаатар смарт карт” компанийн маркетингийн менежер Ц.Түвшинжаргалаас тодрууллаа.

-Нийслэлийн нийтийн тээврийн хэрэгслийг цахим­жуулах төслийг танайх гардан гүйцэтгэж байгаа. Одоогоор хэдий хэмжээний өртгөөр ямар ажлууд хийгээд байгаа вэ?
-Уг төслийн тендерийг НИТХ-аас  2014 онд зарласан юм. Энэ тендерт Монгол Солонгосын хамтарсан “Дата карт” консерциум шалгарсан.Ингээд БНСУ-ын “Кореа смарт карт” компанийн хөрөнгө оруулалтаар “Улаанбаатар смарт карт” компани байгууллаа. Тус компани нь удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн системийг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж буй юм. Төсөл хэрэгжиж эхэлсэн долоон сарын хугацаанд бэлтгэл ажил, орчны судалгаа, тоног төхөөрөмж, карт үйлдвэрлэх зэрэг ажил хийгдлээ. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчил­гээнд явж буй 1200 автобусанд тоног төхөөрөмж суурилуулах, карт борлуулах, цэнэглэх цэг байгуулах ажил хийгдэж байгаа. Энэ төслийн нийт санхүүжилт нь 13 сая ам.доллар. Энэ санхүүжилтийг Солонгосын талаас гаргасан. Гаргасан зардлаа олсон ашгаар нөхөх зарчмаар ажиллана. Нийслэлээс нэг ч төгрөг гарахгүй. Долдугаар сарын 22-нд нээлт хийн, хот болон хот орчмын 70 гаруй чиглэлийн 1200 автобусанд  цахим картаар зорчдог болно.

-Өнөөдрийн байдлаар хэчнээн автобусанд суури­луулсан бэ?
-Төлбөр тооцооны төхөө­рөмж, GPS, камер зэргийг 350 автобусанд угсраад байна. Үлдсэнийг нь долдугаар сарын 22 гэхэд дуусгана.

-Хэдэн төрлийн ямар карт ашиглах вэ. Хэрхэн цэнэглэх үү?
-Том хүний, хүүхдийн, оюутны, хөнгөлөлтийн гэсэн төрөл байна. Картын үнэ 3600 төгрөг. Картаа 500-90.000 төгрөгийн хооронд хүссэн хэмжээгээр цэнэглэж болно. Карт цэнэглэх 500 цэгийг автобусны буудал орчимд байгуулна. Үнэ тариф өөрчлөгдөхгүй. Нэг удаа зорчиход 500 төгрөгийн төлбөр төлнө. Автобусанд урд талын хаалгаар орж картаа уншуулж, төлбөр суутгуулна. Дунд болон хойд хаалгаар бууна. Буух үедээ картаа уншуулан төлбөрийн үлдэгдлийн мэдээллийг харах боломжтой.

-Тэгэхээр одоо ажиллаж буй кондукторууд ямар үүрэг хүлээх вэ?
-Кондукторууд ажлаа үр­гэлж­­­лүүлж, хяналт зааварчил­гааны ажилтан болон, өөрсдийн автобусанд ажиллана.

-Нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчдог иргэд бий. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
-Нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчдог дөрвөн бүлэг хүмүүс байдаг. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цагдаа, оюутанд тусгайлсан хөнгөлөлтийн карт гаргана. Оюутнууд сургуулиар дамжуулан картаа захиална. Зорчилтын хэмжээг төрөөс баталж өгнө. Нормын дагуу явбал сарын хэрэгцээнд хүрнэ. Хэт олон удаа зорчиж, картын нэгжээ дуусгавал тухайн оюутан өөрөө цэнэглэнэ. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд оршин суугаа хорооны нийгмийн халамжийн ажилтнаас  хөнгөлөлтийн картаа авч үнэ төлбөргүй зорчино. Цагдаагийн албан хаагчдад Цагдаагийн ерөнхий газраар дамжуулан олгогдоно. Эдгээр хүмүүс хуучин үнэ төлбөргүй зорчдог байсан тэр л хэвээр картаа уншуулан үнэгүй зорчино.

0 Сэтгэгдэл
smart kart hevlene geed mox oyutnudaas mungu avj zahialga avsan ter ni tegeed yu bolj bga yum b
smart kart hevlene geed mox oyutnudaas mungu avj zahialga avsan ter ni tegeed yu bolj bga yum b
smart kart hevlene geed mox oyutnudaas mungu avj zahialga avsan ter ni tegeed yu bolj bga yum b
Mash zuv shudarga zuil boljee. Oyutnuud tenej autobus duurgexgui. gertee xicheelee xiine sh dee
Хамгийн их уншсан