Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Лхагвадорж: Иргэд газар дээрээ өөрөө байшингаа барих сонирхолтой байНа

Б.МЯГМАРЖАВ

Урин дулаан орж нийслэлд  ид бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Нийслэлээс хэрэгжүүлж байгаа “Гэр хорооллын орон сууцжуулах төсөл”-д зургаан дүүргийн 7241 иргэн амины орон сууцтай болохоор тусгасан байдаг. Энэ талаар “Гэр хорооллын орон сууцжуулах төсөл” ОНӨҮГ-ын дарга А.Лхагвадоржтой  ярилцлаа.

-“Гэр хорооллын орон сууцжуулах төсөл” 2013 оноос эхэлсэн. Уг нь гурван жил гэдэг энэ төслийн хувьд элдэв асуудлаас ангижрах хугацаа байх. Гэвч төслийг тойрсон хэл ам тасрахгүй байгааг та хэрхэн тайлбарлах вэ?
-Бид эхний шатанд газар дахин төлөвлөж, барилгажуулах ажил хийсэн. Барилгын компанийнхан иргэдтэй газар дээр нь очиж  ярилцаж, тохироод газрыг нь орон сууцаар солих ажил нэлээн эрчимтэй явж байгаа. Манай төслөөр бол иргэд хамтдаа өөрсдийн газар дээрээ барилгаа бариад илүү гарсан орон сууцаа борлуулж ашиг олж газрынхаа үр шимийг хүрт гэсэн зорилго дор л хэрэгжиж байна. Иргэдийг заавал барилгын компаниар орон сууцаа бариул гэхгүй. Иргэд манай төсөлд хамрагдах хүсэлтээ гаргавал бид судалж үзээд л хамтран ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл бид мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч байна. Төслийн гол зорилго бол иргэдийн  өөрсдийнх нь  оролцоотойгоор газрын төлөвлөлтөө боловсруулж, түүнийхээ үр шимийг хүртэх. Үүний тулд иргэд нэгдэн нийлж төсөл боловсруулна. Хамгийн олондоо 270 гаруй өрх нэгдэж төслөө боловсруулсан байгаа. Тулгарч байгаа бэрхшээл  гэвэл санхүүжилт.

-Иргэд өөрсдийн хөрөнгөгүй юм чинь газар дээрээ орон сууц барина гэхэд итгэхгүй байгаа. Хөрөнгийн асуудлыг шийдэх ямар гарц байна вэ?
-Одоогоор найман байршил сонгогдоод байгаа. Энэ байршлын иргэд өөрсдөө хотхонтой болъё гэсэн хүсэлт тавьсан. Хамгийн багадаа 912 га газар төлөвлөлтөд хамрагдсан. Иргэдийн зүгээс хийх ажлаа хийсэн, одоо төрийн зүгээс хийх ажил үлдсэн. Харин нийслэлээс техникийн нөхцөл буюу хотхоны дэд бүтцийг Ерөнхий төлөвлөгөөний газартай хамтран хийж эхлээд байна. Барилгын компани тухайн иргэний газар дээр орон сууц барихын тулд зээл авдаг. Үүний адилаар иргэд ч бүтээн байгуулалтаа барьцаалж зээл авах юм. Иргэд бүтээн байгуулалтаа барьцаалан зээл авах нөхцөлийг бүрдүүлээд өгөөч гэж хүсч  байгаа. Зээлийн эрсдэл, гарах үр дагаврыг иргэд өөрсдөө хариуцна.

-Төслийн ажлын явц жаахан удаашралтай ха­рагд­сан. Аль шатандаа очоод гацаад байгаа юм бэ?
-Энэ найман байршлаас гадна 24 түр зөвлөл бий. 200 хүн саналаа нэгтгэнэ гэдэг тийм амар ажил биш. Дээр нь газар шинэчлэн зохион байгуулах мэдлэгтэй хүн манайд ховор байна. Дахин төлөвлөлтийн мэргэжлийн хүн байхгүй. Бид иргэдтэйгээ хамт суралцаад л явж байна. Манайд бол шинэ ойлголт болохоор  чамлахааргүй амжилт. Ер нь, 200 байтугай хоёр хүн учраа олоход хэцүү байдаг шүү дээ. Дээр нь өмчийн асуудал гэдэг маргаан дагуулдаг. Мөн барилгын компани таван байшин бариад хотхон гэдгийг бид мэднэ. Гэтэл энд 270 гаруй иргэн нийлээд арваас дээш  га газрыг зохион байгуулаад төлөвлөлтөд хамруулж байна.

-Найман байршилд төлөвлөгөө ёсоор хэдэн төгрөгийн ажил хийгдэх вэ. Ажлын явц одоогоор хэр байна вэ?
-Найман байршилд 400 гаруй тэрбум төгрөгийн ажил хийнэ. Үүнээс гол санхүү шаардах инженерийн дэд бүтцийг төсвийн хөрөнгөөр хийх юм. Энэ найман байршлын цаана иргэдийн 28 түр зөвлөл хүлээж байгаа. Бид иргэдээ есөн үе шаттайгаар бэлтгэж байна. Үүний тулд эхлээд мэдээлэл авах хэрэгтэй. Төр иргэн хоёрын мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангана. Бид мэдэж байгаа зүйлээ иргэддээ дамжуулахаар тэд бараг л ажлаа түрүүлээд хийгээд явж байна. Гэр хорооллын иргэд өөрсдийнхөө амьдралыг хэнээр ч заалгахгүй ганцхан төр иргэний мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангаад өгөх юм бол өөрсдөө юмаа хийж болох жишээ энд байна.

-Зээлийн асуудлыг ямар хуулиар хэрхэн шийдэхээр тусгаж өгсөн юм бэ?
-Миний газар дээр компани зээл аваад байшин барьчихаж байна. Бид өөрсдөө баримаар байна гэдэг нь өөрсдөө шавар зуураад барилга барихыг хэлж байгаа юм биш. Гүйцэтгэгчээр орон сууцаа бариулаад зарах, орлого, олох зэргээ иргэд хариуцна. Хуулиа батлаад өгчих юм бол иргэдийн түр зөвлөл эхнээсээ хуулийн этгээд болж эхэлж байна. Тэгээд газрын эзэн компанитай адил зээл авах боломжийг нээгээд өгөх хэрэгтэй. Иргэд компанитай адил л төлөвлөлт хийсэн.  Барилгын компанийг гүйцэтгэгчээр авна.

Ямар ч газрын эзэн хүний мөрөөдөж байгаа зүйл бол энэ. Аж ахуйн нэгж бидний газар дээр  барилга бариад ашиг олж байгаа бол бид тэр ашгийг хүртэе л гэж байгаа хэрэг.
Хотхны төсөл бүх судалгааг иргэд өөрсдөө бүлэг болон хуваагдаад хийж байгаа. Мөн иргэдийн түр зөвлөлөө байгуулаад анхныхаа төслийн талбараа хийсэн. Нийслэлийн зүгээс ажлын даалгавраа өгсөн. Одоо санхүүжилтийн механизмыг шийдэх хэрэгтэй. Бид үл хөдлөх хөрөнгө барьцаалан зээлдүүлэх тухай хуулийг хүлээж байна.

-Газрын тухай хуульд газрын үнэ хөл­сийг тусгаагүй учраас газартай холбоотой ажил   урагшлахгүй байна гэж байсан. Одоо газрын үнийг хэрхэн тогтоож байна вэ?
-Газрын үнэ өдөр ирэх бүр нэмэгдсээр байна. Газар гэдэг том баялаг болсон.  Ер нь газрын үнэ нэмэгдсэнээр бид газраа барьцаалан  зээл авах боломж нэмэгдэж байна гэсэн үг. Буцаад байршил болгон дээр газрын үнэ өөр байна. Төлөвлөлтөө хэрхэн хийж байгаа болон хамрах хүрээнээс нь  шалтгаалан үнийн хувьд өөр өөр. Төсөлд хамрагдахдаа Мөнхтөр гэдэг өвгөн хамгийн түрүүнд газраа чөлөөлж өгсөн байсан.
Иргэдийн түр зөвлөл нь хэлэлцээд тэр гудамжийг Мөнхтөрийн гудамж гэж нэрлэнэ гээд төлөвлөж байх жишээтэй. Үүнээс харахад иргэд барилгын компаниар байшингаа бариулахаасаа өмнө  өөрсдөө газраа ашиглах сонирхолтой байгаа нь харагдаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан