Б.ЭНХСАЙХАНЕс дэх жилдээ зохиогдож буй “Хааны эрэлд 2015” олон улсын энхийг сахиулах хамтарсан дадлага сургуулилт нийслэлээс 65 км зайд орших Таван толгойд үргэлжилж байна. Монгол Улсын зэвсэгт хүчин Номхон далай дахь АНУ-ын Тэнгисийн явган цэргийн командлалтай хамтран “KHAAN QUEST 2015” олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлагыг эх орондоо зохион байгуулж байгаа нь энэ.
Жил бүр Номхон далай дахь АНУ-ын Тэнгисийн явган цэргийн командлал болон Хуурай замын цэргийн командлал ээлжлэн манай зэвсэгт хүчинтэй хамтран зохион байгуулдаг эл сургуулилтад энэ жил БНХАУ-ын офицер, дайчид оролцож буйгаараа онцлог. АНУ-ын Тэнгисийн явган цэргийн командлалын зохион байгуулагчаар Хуурай замын цэргийн командлал болон Аляскийн Үндэсний гвардын цэргийн албан хаагчид оролцож буй юм.
Энэ удаагийн хээрийн сургалт, дадлагад АНУ, Франц, Чех, Филиппин, Тажикстан, Пакистан, Бангладеш зэрэг 23 улсын 1221 албан хаагч оролцож байна. Хээрийн сургуулилт, дадлага нь олон улсын цэргийн алба хаагчдын энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх, олон улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний хамтын ажиллагааг хөгжүүлэх, бэлэн байдлыг хангах, энхийг дэмжих ажиллагаан дахь харилцан ажиллагааны нийлэмжтэй байдлыг хангахаас гадна эмнэлгийн болон барилгын хамтарсан ажиллагааг танилцуулах, сурталчлах зорилготой билээ.
Энэ жилийн сургуулилтад явган эргүүл, бүслэн нэгжих ажиллагаа, шалган нэвтрүүлэх, анхны тусламжийн, хүмүүнлэгийн тусламж, иргэдийн үймээн самууныг хянах, цувааны хамгаалалтын, гар хийцийн тэсрэх төхөөрөмжөөс хэрхэн яаж урьдчилан сэргийлэх тухай үндсэн долоон чиглэлээр хичээлийн цэг байгуулжээ. Мөн амьд гарах арга ухаан, усан болон Улаанбаатар хоттой танилцах аялал зэрэг гурав, нийт арван хичээлийн цэгт сургалт зохион байгуулах юм байна.
“KHAAN QUEST 2015” ажиллагааны талаар Хааны эрэл сургуулийн тактикийн хээрийн сургуулийн ажиллагааны удирдлагын дарга, ажиллагааны офицер н.Энхцагаас тодрууллаа.
-“KHAAN QUEST 2015” ажиллагаа хэднээс эхлэн зохион байгуулагдаж байгаа вэ?
-Хааны эрэл сургууль энэ сарын 20-нд албан ёсоор нээлтээ хийгээд үргэлжилж байна. Сургалт үр дүнтэй сайн явагдаж байгаа. Долдугаар сарын 1-нд өндөрлөнө.
-Үндсэн долоон хичээлийн цэгээс гадна нэмэлт гурван цэгт сургуулилт зохион байгуулж байна. Энэ тухай дэлгэрүүлбэл?
-Үндсэн долоон хичээлийн цэгтэй. Дээрээс нь амьд гарах ухаан, усан болон Улаанбаатар хоттой танилцах сургуулилт гээд арван хичээлийн цэгээр явагдаж байгаа юм. Усны сургалт маань төлөвлөгөөний дагуу Төв аймгийн Алтанбулаг сумаас хойш, Туул голд явагдах байсан ч энэ жил хур бороо багатай, усны төвшин муу байгаа учраас “Багабаян” энхийг сахиулагчдын амралтын газар гурав хоногийн хугацаатай хийгдсэн. Мөн амьд гарах арга ухаан сургалтад Монголын хоёр багш гадаадын долоон багш оролцож нийт 56 цэргийн алба хаагчийг дөрөв хоногийн хугацаатай уулын сургалтад хамрууллаа. Дараагийн сургалт дөрөв хоног талын сургалт, гурав хоног усны сургалт хийгээд дуусна.
-Барилга болон эмнэлгийн хамтарсан ажлын тухайд?
-Барилга инженерийн ажил Баянзүрх дүүргийн 55 дугаар сургуульд Америк, Канад болон Монгол цэргийн хамтарсан засварын ажил явагдаж байгаа. Дараа нь эмнэлгийн тусламжийн үйл ажиллагааг БЗД-ийн 79 дүгээр сургууль дээр тухайн хорооны 6000 гаруй энгийн иргэнд эмнэлгийн үзлэг үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн.
-Энэ удаагийн “Хааны эрэлд”-ийн онцлог юу вэ?
-Энэ жил урьд урьдны жилүүдтэй харьцуулахад олон улс болоод цэргийн албан хаагчид нэмэгдэж оролцож байгаа. Өнгөрсөн жил 11 салаа оролцож байсан бол энэ жил 14 салаа, 327 цэргийн алба оролцож байна. Шинээр Япон, Хятад, Чех, Филиппин гэх улс оролцож байгаа нь “Хааны эрэлд” сургуулилт жил ирэх тусам хүрээгээ тэлж буйг илтгэж байна. Гадаадын 543 цэргийн албан хаагч бий. Ирэх жилүүдэд мөн адил хүний тоо нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
-Олон улсын энхийг сахиулах ажилд оролцож байгаа манай улсын цэргүүдийн ур чадвар ямар төвшинд байна вэ?
-Монгол Улсын зэвсэгт хүчин энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоод 11 жил болж байна. Монголын энхийг сахиулагчдын нэр хүнд дэлхий дахинд өндрөөр үнэлэгддэг. Үүний нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг нь энэ сургалт, дадлага гэж бодож байна.
-“Хааны эрэлд” дууссаны дараа манай улс энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох уу?
-Тийм, НҮБ-ын аюулгүйн зөвлөлөөс Монгол Улс нэг жилээр үүрэг гүйцэтгэх шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор наймдугаар сард ээлж солихоор төлөвлөж байна. Тиймээс Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүн маань “Хааны эрэлд” сургалтад ажиллагааны өмнөх бэлтгэлээ хангаж байгаа юм.