Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

У.Хүрэлсүх: Наадмаар гадны дуучдыг урихгүй

Үндэсний их баяр наадмыг тойрсон цөөнгүй асуудал олны анхаарлын төвд байгаа. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлгийг хиймэл зүлгээр сольсон, наадмын урлаг соёлын тоглолтод гадны дуучид оролцоно гээд эцэслэн шийдээгүй элдэв асуудалд олон нийт анхаарал хандуулсан хэвээр. Тэгвэл энэ тухай болоод наадмын бэлтгэл ажлын талаар Монгол Улсын Шадар сайд, Наадмын комиссын дарга У.Хүрэлсүхээс тодрууллаа.

-Наадмын бэлтгэл ажил хэдэн хувьтай явж байгаа бол?
-Хамгийн чухал ажил болох Төв цэнгэлдэх хүрээлэнд хиймэл зүлэг суурилуулах ажил дууссан, бусад засварын ажил үргэлжилж байна. Ерөнхийдөө, ирэх сарын 4-нд бүх ажил дуусна.

-Бөх сонирхогчид хий­мэл зүлэгний талаар өөр өөр байр суурьтай байгаа. Үндэсний бөх барилдахад хэр тохиромжтой вэ?
-Хэдий хиймэл ч гэлээ дэлхий нийтээр хэрэглэдэг, FIFA-гийн стандартад нийцсэн зүлэг байгаа. Байгалийн зүлэгнээс харьцангуй зөөлөн, халтиргаагүй, борооны ус тогтохгүй гээд давуу тал цөөнгүй. Шаардлагатай арчилгаа тордлогоог нь цаг тухайд нь хийгээд байвал арван жил ашиглах боломжтой.

-Хиймэл зүлэг суурилуу­лах төсөв хаанаас гарсан бэ?
-Улсын төсвөөс гараагүй. Цэнгэлдэхийн 51 хувийг эзэмшдэг “Төв цэнгэлдэх” ХХК өөрийн хөрөнгөнөөс 1.2 тэрбум төгрөг төсөвлөж энэ ажлыг хийж гүйцэтгэсэн.

-Долдугаар сарын 14-нд төв талбайд болох урлаг соёлын арга хэмжээнд гадны дуучдыг урьж дуулуулах тухай ярьж байгаа. Энэ тухай?
-Улс орон санхүүгийн асуудалтай байна. Тиймээс гадны дуучдыг өндөр өртгөөр авчирч дуулуулах боломж алга. Хоёрдугаарт, үндэсний уламжлалт баяр наадам учир Монголынхоо уран бүтээлчдийг түлхүү оролцуулж, ард иргэд үндэсний дээл хувцсаараа гоёж, өв соёл, уламжлалаа гадныханд таниулах учиртай. Үүнийг наадмын комиссын даргын зүгээс албан ёсоор хэлье.

-Бөхчүүдийн сэргээшийн асуудалд хэрхэн хяналт тавих вэ?
-Энэ жил сэргээшийн асуудалд илүү анхаарч ажиллана. А, Б гэсэн хоёр шинжилгээ авч эхний ээлжинд А шинжилгээний хариуг задална. Хэрэв тухайн бөхийн А шинжилгээний хариу асуудалтай хэмээн заргалдвал Б шинжилгээг задална. Ер нь, нэг зүйл дээр их хатуу хандаж байгаа. Сэргээш хэрэглэнэ гэдэг бол залилан. Хэрэв сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол цол, барилдах эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авна.

-Энэ жилийн баяр наадмын урлаг соёлын тоглолтын онцлог юу вэ?
-Энэ жилийн наадам “Монголын ард түмний их эв нэгдэл” уриан доор зохиогдоно. Энэ бол ард түмний баяр. Тиймдээ ч улс төрөөс ангид, нам эвслийг сурталчилсан дуу хуур дуулахгүй гэдгийг хатуу баримталсан.

-Гаднаас найруулагч авчирсан гэсэн мэдээлэл бий?
-Соёл урлагийн хороо сүүлийн үеийн, дэвшилтэт технологи ашиглах, шинээр нэвтрүүлэх тал дээр хэд хэдэн улсаас зөвлөгөө хүссэн. Үүнд, Солонгоос дэлхийн хөлбөмбөгийн аварга болон олимпын үйл ажиллагаанд бөмбөрийн тоглолтыг найруулж байсан найруулагч ирж манай бөмбөрчдөд зөвлөгөө өгчихөөд буцсан.

0 Сэтгэгдэл
por por por ,, jinxen maxan tolgoi
Хамгийн их уншсан