Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Отгонжаргал: Монгол гутлын үйлдвэрт байхдаа Ерөнхийлөгч Очирбатын гутлыг улласан

Б.ЦЭДЭВСҮРЭН

Монгол гутал урлаач М.Отгонжаргалтай ярилцлаа. Түүний урласан гутлыг ихэвчлэн бөхчүүд өмсдөг юм билээ. Тиймээс үндэсний их баяр наадам дөхөж байгаа энэ үед түүнийг зорин очиж ярилцсанаа хүргэж байна.

-Таны хувьд хэзээнээс эхэлж монгол гутал оёж эхэлсэн бэ?
-Эгч нь өөрөө Увс аймгийн Зүүнхангайн хүн л дээ. 1979 онд хотод ирж Нийтийн ахуйн үйлчилгээний Техник мэргэжлийн сургуулийн монгол гутлын ангид элссэн юм. Тэгээд 1981 оноос эхлээд Монгол гутлын үйлдвэрт 1997 он хүртэл ажилласан. Тухайн үед үйлдвэр маань дампуурсан болохоор хувиараа гутал хийх болсон.

-Яагаад монгол гутлын ангийг сонгосон юм бэ. Таны сонголтод юу нөлөөлөв?
-Ээж маань намайг долдугаар ангид байхад хот явсан юм. Тэгээд гурван цулгуй, хээгүй гутал авч ирсэн. Аавд, надад, өөртөө гээд. Тэр гутлыг авах гэж явахдаа монгол гутлын үйлдвэрт орж үзэж л дээ. Манай нутгийн нэг эгч ажилладаг байсан юм билээ. Тэгээд “Чам шиг жаахан охид гутал оёод зогсч байна. Миний охин гуталчин бол” гэсэн болохоор нь монгол гутлын ангид орсон. Эгч нь өөрөө хөл муутай. Оёдлын анги сонгосон бол хөлөөрөө машины педаль гишгиж чадахгүй шүү дээ. Монгол гутал чинь өөрөө гар ажиллагаа ихтэй. Хүмүүс зөвлөхдөө зурагчин, үсчин бол гэдэг байж билээ. Гэхдээ эргээд харахад монгол гутлын анги сонгож орсноороо бахархдаг.

-Та өөрөө монгол гутал оёод зогсохгүй гэр бү­лийнх­нийгээ хүртэл үйлд­вэр­­­­­­­­лэлдээ татан оролцуулсан гэсэн...
-Тийм ээ. Эгч нь дөрвөн хүүхэдтэй. Хүүхдүүд маань багаасаа миний гутал оёж байгааг харсаар байгаад сурчихсан. Хүүгээ чаддаг бол гутал уллуулахсан гэхээр хүү маань “Чадна” гэдэг юм. Чадна гээд суухаараа чадаж л байгаа юм. Хүргэн, бэр, охин, хүү гээд бүгд л гутал хийдэг. Охин маань энэ жил Урлах эрдмийн дээд сургуулийг хувцасны загвар зохион бүтээгчийн мэргэжлээр төгсөөд одоо хоёр найзтайгаа захиалгаар хувцас оёж байна. Ихэвчлэн загварын дээл л оёдог юм билээ. Бүгд ажил, сургуультай болохоор заваараа л надад тусална.

-Монгол гутал оёхыг яг л технологийнх нь дагуу сурч мэргэшжээ. Ингэхэд тухайн үед таныг үйлдвэрт ажиллаж байхад хийж бай­сан гутал одоо гадуур худал­даанд байгаа гутал хоёр хэр чанарын ялгаатай бол?
-Монгол гутлын технологи бол нэг. Харин хүмүүсийн хийц нь л өөр өөр байна. Түүнээс үндэсний хувцсаа хамаагүй өөрчилж болохгүй шүү дээ. Европ гутал биш учраас. Гэхдээ шинээр сурч байгаа хүмүүс тоонд нь илүү анхаараад чанарыг нь орхиод байх шиг. Хямдхан материалаар орлуулаад хийчихдэг гэмтэй. Худалдан авагчид ч гэсэн өнгөнд нь хууртаад байдаг. Гэхдээ чанар мэддэг хүн байдаг л даа. Үйлдвэрийн булигаар нэг дм нь үйлдвэр дээрээ 550 төгрөг, зах дээр 650-700 төгрөгөөр худалдагддаг. Хувийн үйлдвэрийнх нь 350 төгрөг байдаг. Тэгэхээр хүмүүс хямд булигаариар нь хийгээд хямд зараад байдаг юм. Мөн гутлынхаа уланд жинхэнэ шир наахгүй хиймэл шир наачихна. Миний хувьд олон жил монгол гутал оёж байгаа учраас тиймэрхүү зүйл хийж чаддаггүй. Сэтгэлд сэвтэй. Үргэлж л стандартаа барих гэж хичээнэ.

-Монгол гутал оёход хамгийн ажиллагаатай хэсэг аль нь вэ?
-Эсгээд, хээгээ оёод, уллагаагаа хийнэ гээд дамж­лага бүр нь л ярвигтай. Ер нь, монгол гутлыг яарч оёж бо­лохгүй. Хаашдаа л хэн нэ­гэн өмсөх учраас эдэлгээг нь бодох хэрэгтэй. Яараад хол хол оёчихвол амархан урагдана.

-Таны урласан гутлыг олон бөх өмсдөг юм билээ...
-Эгч нь дотоодод борлуулалтаа хийхээс гадна гадаадын олон хүнд гутлаа зарсан. Мөн Монгол бөхийн өргөөн дээр борлуулалтаа хийдэг учраас бөхчүүд миний хийсэн гутлыг өмсөнө. Гэхдээ тэд чинь бэлэн гутал худалдаж авахгүй. Ирээд хөлийнхөө хэмжээг өгөөд материалаа үзээд захиалдаг. Тэрнийх нь дагуу л хийж өгнө. Нэг гадаад эр надаас олон жилийн өмнө гутал худалдаж авсан юм билээ. Тэгсэн дахиж Монголд ирээд орчуулагчтайгаа хамт манайхыг хайсаар байгаад ирсэн. Тэгээд нэг шинэ гутал худалдаж аваад хуучин гутлаа маш зузаан уллуулаад аваад явсан. Ууланд авирдаг учраас зузаан ултай гуталтай байх ёстой гэсэн. Гадаад хүмүүс Чингис хааных шиг гуталтай боллоо гээд их баярлана. Ер нь монгол гутал өмсөөд сурчихвал их түшүүрэгтэй шүү.

-Таны үйлчлүүлэгчид дунд олимпын аварга Н.Түв­­шинбаяр байсан. Өөр ол­ны танил ямар хүмүүс танаас гутлаа худалдаж авдаг вэ?
-Олон л бөх гутлаа захиалж хийлгэнэ. Хуучирсан гутлаа дахиж уллуулна. Эгч нь Монгол гутлын үйлдвэрт ажиллаж байхдаа Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Очирбатын тангараг өргөхдөө өмссөн монгол гутлыг улласан. Үйлдвэрийн хашаан дотор намхан хар машин орж ирээд шаргал хайрцганд гутлаа хийгээд л аваад явсан.

-Хэр баргийн хүнд тэр ажлыг даалгахгүй л байх. Та тухайн үед туршлагатай ажилчдын тоонд ордог байжээ...
-Тэгэлгүй яахав. Дамжлага бүртээ сайн мэргэшсэн хүмүүсээр л оёулж байлаа. Эгч нь зургаа, долдугаар жилийн гавшгайч байсан.

-Таны оёж байсан Ерөн­хийлөгч Очирбатын гут­лыг ямар материалаар хийж байв?
-Хятадын жинхэнэ сайрс арьсаар хийсэн гутал. Үйлд­вэр тухайн үед ямар ханшаар арьсыг нь авч байсан юм бүү мэд. Ямартай ч бид материа­лынх нь чанарыг гайхаж билээ.

-Та ганцаараа хэдэн өдрийн дотор нэг хос гутал оёдог вэ?
-Долоо хоног зарцуулна. Олон угалзтай гутлыг гараараа шивээд хийвэл 14 хоногоос наашгүй. Хээг нь машинаар биш гараар шивж оёсон гутал илүү үнэтэй. Машинаар оёсон гутал доод тал нь 110 мянган төгрөг байхад шивүүр оёотой бол 400 мянган төгрөг хавьцаа. Дээр үеийн Хятадын жинхэнэ сайрс арьсаар хийсэн гутал бол тав, зургаан сая төгрөг хүрдэг. Гэхдээ жинхэнэ сайрс арьсны олдоц нь муу.

-Баяр наадам дөхөж байна. Захиалга хэдий үеэр хамгийн их байдаг юм бэ?
-Захиалгагүй үе бараг байдаггүй. Цагаан сар, шинэ жил, улсын баяраар захиалга нэмэгддэг. Сүүлийн жилүүдэд хүмүүс илт монгол гутал өмсдөг болж. Огт сонирхдоггүй байсан үе бий.

-Шинэ жилээр монгол гутлын захиалга их байдаг гэж үү?
-Хүмүүс шинэ жилээс эхлээд л цагаан сараар өмсөх гутлаа захиалдаг юм шиг байна билээ. Орон нутгийнхан чинь ноолуурынхаа үеэр бас арав, арваннэгдүгээр сараас гутлаа захиалж хийлгэнэ.

-Захиалга ихтэй үед туслахууд авч ажиллуулна биз?
-Гурван залуу бий. Зундаа ногоо тариад намартаа хураа­чихаад өвөл ирж тусалдаг юм. Гутал оёх дамжлага бүр өөрийн гэсэн үнэлгээтэй уч­раас сайн л оёвол их цалин авна. Эндээ миний хийж өг­сөн хоолыг идээд л ажлаа хийнэ. Зарлага байхгүй. Цагаан сарын захиалгатай үеэр нэг сард 100 гутал оёх шаард­лага гарна. Манай нөхрийн дүүгийнх бас гутал оёдог.

-Хамгийн ур ухаанаа шингээж хийсэн гутлыг тань ямар хүн өмсдөг вэ?
-Сүүлийн үед бөө нар янз бүрийн хээтэй гутал захиалдаг болж. Луун хээтэй гутал захиална. Үүлэн хээг хүмүүс их сонирхоно. Хээг нь л өөрчилнө үү гэхээс загварыг нь өөрчилж болохгүй. Бөхийн гутал энгийн гутал хоёрын эсгүүр нь өөр байдаг. Нэг хүн над дээр Өгөөдэй хааны өмсч байсан гутал гээд нэг зураг авч ирж үзүүлээд яг тэр загвараар гутал хийлгэж авсан. Монгол гутлын загвартай мөртлөө хээ нь их өвөрмөц юм билээ. Монгол гутал үндэстэн, ястнаараа ээтэн нь арай өөр байдаг. Нэг сонирхолтой зүйл ярихад надад 48 размерын гутал захиалж хийлгэж байлаа. Монгол гутлын үйлдвэрт ажиллаж байхад Оргилболдын гутал хамгийн том нь байсан. 31 см урт. Гэтэл эрхзүйч мэргэжилтэй нэг залуу надад саяхан 48 размерын гутал захиалж хийлгэсэн. 42 размерын гутал өмсдөг эмэгтэйчүүд ч бас байдаг.

-Таны хувьд урласан гут­лаа хараад андахгүй биз?
-Андахгүй. Ер нь гадуур явж байхад монгол гутал өмссөн хүн явж байвал чанарыг нь хамгийн түрүүнд харна. Тийм хүн хийсэн байна гэдгийг нь ч мэдчихдэг.

-Монгол гутлын талаар их бэлгэдэл байдаг. Тэрнээс та мэдэх үү?
-Дээр үед хүмүүс газар шороогоо хөндөхгүй гээд ээтэн хоншоортой болгосон гэж ярьдаг. Хамгийн гол нь ээтэндээ дулаан чанараа их хадгалж байдаг. Хүний хөл хүрдэггүй учраас.

3 Сэтгэгдэл
Гутал захиалъя 99212376
захиалга өгье. хаяг, утасны дугаараа өгөөч. 99018476
Баяр хүргэе. Таниар гутал хийхийг заалгах юм саан.Улам их амжилт.
Хамгийн их уншсан