Энэ жилийн хувьд улаанбурхан өвчний тархалт их байгаа учир нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулах эрхтэй хүүхдийн зуслангуудын үйл ажиллагааг эхлүүлэх хугацааг энэ сарын 20 хүртэл хойшлуулсан. Тэгвэл нийслэлийн ногоон бүсийн 20 зусланд шалгалт хийснээс 18 зуслан үйл ажиллагаа явуулахаар болжээ. Энэ талаар Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтэн Г.Оюунгэрэлээс тодрууллаа.
-Энэ удаагийн шалгалтыг ямар байгууллагууд хамтарч хийв?
-Яг одоо үйл ажиллагаа явуулж байгаа 18 зуслан бий. Жил болгон зуслангуудын үйл ажиллагааны бэлтгэл ажилд холбогдох байгууллагууд нь шалгалт хийдэг. Шалгалтыг НЗДТГ, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар манай байгууллага хамтраад хийсэн.
-Чмар хоёр зуслан зөрчилтэй байсан юм бэ?
-Зөрчил гаргасан хоёр зуслангийн тухайд ярья л даа. “Сэлбэ” зуслангийн хувьд хүүхэд хүлээж авахад бэлтгэл ажил нь хангагдаагүй байсан. Засвар үйлчилгээ ч хийгээгүй байна билээ. Харин “Өгөөмөр” зуслангийн хувьд засвар үйлчилгээ нь дуусаагүй байсан. Тэгэхээр яг хүүхэд хүлээж авахад бэлэн биш байгаа юм. Үйл ажиллагаа явуулж буй зуслангуудын хувьд хоёр долоо хоногоор хойшилж хүүхдүүдээ хүлээн авсан учир ээлж нь багассан. Тиймээс зусланд хамрагдах хүүхдүүдийн тоо ч буурах юм.
-Улаанбурхан өвчин тусахгүй гэх магадлал бага шүү дээ. Ингэхэд эрүүл ахуй талаас нь ямар сургалт, сурталчилгаа явуулсан юм бол?
-Эрүүл мэндийн газартай хамтраад манай байгууллага энэ чиглэлээр олон үйл ажиллагаа явуулсан. Эмч нарт нь зориулсан сургалт зохиосон. Харин хоол хүнсээ хэрхэн татах, ямар байгууллага хяналт тавих талаар одоохондоо мэдээлэл байхгүй байна. Мэргэжлийн байгууллагууд нь хариулт өгөх болов уу.
-Дээрх хоёр зөрчилтэй зуслан энэ жил хүүхдүүдээ хүлээж авахгүй гэсэн үг үү?
-Үгүй, ирэх сарын 1-нд дахин явцын шалгалт хийнэ. Зөрчлүүдийг арилгасан тохиолдолд үйл ажиллагааг нь хэвийн явуулах юм.