Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Ганбаатар: Мэдээлэл харилцааны том компани 300 хүнээ цомхотгох эсэхдээ тулаад байна

Н.БАТ

Монголын эдийн засаг хүнд байна гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрч л байна. Ялангуяа бизнесийнхэн хаалга үүдээ бариад эхэлсэн тухай мэдээлэл ч цувах болов. Шалтгаан нь юу вэ. Үнэхээр гадаадын хөрөнгө оруулалт багассанаас үүдэв үү эсвэл уул уурхайгаас хэт хараат Монголын эдийн засгийн гажуудлын илрэл үү. Ямартай ч, валютын ханш даруй 500-гаад төгрөгөөс өсч, импортоос дэндүү хараат монголчууд сөхөрч эхэлсэн нь тодорхой. Тэгвэл энэ хүндрэлийг хэрхэн давах вэ. Хаалгаа бариад хэсэг зуур амрах уу, гадаадад гарч ажиллах уу, төр засгийг хараан зүхэх үү. Засгийн газрын зүгээс хямралыг даван туулах хэд хэдэн төлөвлөгөө боловсруулсан ч энэ төдийлэн нөлөөлөхгүй байна. Зарим эдийн засагчид энэ жил ч яахав дээ. Ирэх жил бүүр хэцүүднэ хэмээн “муу” амлах болов. Бизнесийнхэн маань хаалгаа бариад, ажилгүйчүүдийн эгнээ өргөжин тэлж байна уу гэдгийг салбарын яамны зүгээс ажилгүйдлийн төвшин 7,9 хувьтай гарсан тоо хэлнэ. Тэгэхээр ажилгүйдэл өссөн зүйл одоогоор алга гэж тайлбарлана. Гэхдээ эдийн засгийн хүндрэлтэй уялдуулаад аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоох асуудал бага сага гарч байгаа шүү гэдгийг булзааруулсангүй. Энэ нь хэн бүхний нүдэн дээр байгаа асуудал учраас ямар ч арга үгүй.

Харин иргэдийн дунд хүнд байна, цалин цагтаа буусангүй, хамаг юмны үнэ өслөө гэх үгс нэг биш нисэх. Эдийн засаг хүндрэлтэй байхад улс орны тогтвортой байдлыг хангах нь хамгаас чухал гэдэгт  Засгийн газар, үйлдвэрчний байгууллага, ажил олгогч эздийн холбоо дуу нэгтэйгээр санал нэгдсэн нь саяхан. Тийм ч учраас зохион байгуулалттай аливаа ажиллагаа энд тэнд дуулдахгүй байгаа бололтой.
Тэгвэл ажил олгогч эздийн нэгдсэн холбооны зүгээс эдийн засгийн хүндрэлээс үүдэн бизнесийнхэн үнэхээр хэцүү нөхцөлд ажиллаж байгааг хүлээн зөвшөөрч буй юм. Тэдний зүгээс УИХ, Засгийн газар, Худалдаа аж үйлдвэрийн танхимд гээд бүхий л дээд байгууллагадаа хандаж, эдийн засгийн хүндрэлтэй үед уян хатан татварын бодлого чухал байгааг онцгойлон захиж буй.

Энэ талаар Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатартай ярилцлаа.

-Улс орон даяараа эдийн засгийн хүндрэлийн тухай ярьж байна. Энэ нь бизнесийнхний ч үйл ажиллагааг доголдуулж эхэллээ. Гэтэл үүнийг давах дорвитой арга хэмжээ тэр бүр алга. Та бүхний хувьд байдал ямар байна гэж үзэж байгаа вэ. Даван гарах арга замын талаар?
-Эдийн засгийн нөхцөл байдал бодож, ярьж байсан хэмжээгээр сайжрахгүй байна. Аж ахуйн нэгжүүдэд ч байдал хүндээр тусч эхэлсэн. Ажил олгогчдын зүгээс “Валютын ханш, эдийн засгийн нөхцөл байдлаас үүссэн энэ  байдал нь бизнесийн болзошгүй хүчин зүйлээс үүссэн хүндрэл болоод байна. Өөрөөр хэлбэл, гадаад бодлогын гэрээ хэлцэл хийхэд нийлүүлэлт болзошгүй хүчин зүйлээс үүдэн саатсан тохиолдолд тухайн байгуулллагад хариуцлага тооцдоггүй олон улсын жишиг байдаг. Тэр нь дайн тулаан, үер, ус, байгалийн гамшиг тохиолдсоноос болоод болзошгүй хүчин зүйлээс үүдэн хүндрэл гарвал тухайн байгууллага хүлээсэн үүргээ биелүүлээгүй ч хариуцлага тооцдоггүй. Яг үүнтэй адилаар өнөөдөр Монголын бизнесийн хүрээнд валютын ханшны урсгалтай холбоотой үүссэн эдийн засгийн хүндрэлээр аж ахуйн нэгж байгууллагад учирсан хохирлыг онцгой нөхцөл байдал гэж авч үзээч ээ. Үүнд танхимыг баталгаа гаргаж өгөөч ээ. Ийм баталгаа нотолгоотой компанийг  татварын албанаас гээд шууд торгоод хяналт тавиад байхгүйгээр энэ асуудал дээр жаахан нааштай байж, байдлыг харгалзан авч үзээч ээ, онцгой нөхцөл байдал Монголд бий боллоо шүү”  хэмээн байр сууриа илэрхийлсэн.

-Яг өнөөдөр хамгийн хүндрэлтэй байгаа салба­рыг та онцлон хэлбэл?
-Одоогийн нөхцөл байдалд барилгын салбар хүндрэлтэй хэвээр байна. Түрээсийн орон сууцны хөтөлбөрийг эс тооцвол энэ салбарт Засгийн газар анхаарч, авч хэрэгжүүлээч гэж хүссэн асуудлууд бүрэн шийдэгдэхгүй байна. Дээр нь боловсруулах үйлдвэрийнхэн нэлээн хүндрэлтэй бай­на. Хамгийн гол нь, үйлдвэрлэлийн салбарт тусч байгаа хүндрэл нь үйлдвэрлэх ажиллагаанаас биш худалдах зах зээл, худалдан авах чадвар  нь болчихлоо. Хүн юм худалдаж авахгүй л бол үйлдвэрлэгч нарт энэ нь хамгийн хүнд бэрхшээл бай­даг юм байна. Би өмнө нь 100 талх хийгээд зардаг бай­сан бол одоо 30-ыг л хийж зардаг болчихлоо. Үүнээс болоод компанид ч хүнд­рэл учирч байна гэдгийг хаа хаанаа мэдэрч эхэллээ. Ажлын байр хомсдож, бор­луулалт муудаж, төлөх татва­рын хэмжээ ч хумигдлаа. Энэ бол эргээд эдийн засагтаа нө­лөөлдөг гинжин урвал юм байна гэдгийг бид ойлгож бай­гаа. Үүнийг арилгахын тулд Засгийн газрыг жаахан идэвхтэй үйл ажиллагаа явуу­­лаасай гэж хүсч буй юм.
Өөрөөр хэлбэл, хоёр толгойг ярьж цаг алдалгүй төсөвтөө дэм болох, баялаг бүтээх, монгол хүнээ ажлын байраар хангах чиглэлийн үйлдвэрлэлдээ анхаараач ээ гэж л хүссэн.

-Мөн бизнесийн орчинд халгаатай нэг зүйл бол УИХ-д орж ирээд байгаа Гэмт хэргийн тухай хууль. Энэ талаар та бүхэн өөрсдийн байр сууриа хэрхэн илэрхийлсэн бэ?
-УИХ-д шинээр батлагда­хаар яригдаж байгаа Гэмт хэргийн тухай хууль бол бизнесийн орчинг бүр дордуулах нь. УИХ-аас бизнесийн салбарын талаар авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээгээ эргэн хараач ээ. Хамгийн гол нь Монголын ирээдүйд хэрэгтэй ч, энэ жилдээ нэмэр болохгүй хоёр толгойн асуудлаас илүү  Монголын эдийн засгийг сэргэхэд дэм болох аж ахуйн нэгжээ л дэмжээч гэж хүсч байгаа.

-Бизнесийн орчинг дордуулах нь гэхээр уншигчдын зүгээс сайн ухахгүй байх л даа. Та жишээ хэлээч?
-Шинээр батлагдахаар боловсруулж оруулж ирсэн Гэмт хэргийн тухай хуульд зургаан бүлэгт 48 зүйлээр бизнес эрхлэгч хүнийг гэмт хэрэгтэн болгохоор заачихсан байгаа. Жишээ нь, барилгын талбайд гарсан ослын бурууг эзэн үүрнэ ээ. Барилгын гадна талбайд явж байсан хүний дээрээс юм уначихвал шоронд орох хүн нь ажил олгогч болчихоод байдаг. Гэтэл ийм тохиолдолд Монгол Улсын хуулиар шалтгааныг нь олж, буруутай этгээдийг нь тодруулдаг, хэн хариуцлага алдсан нь шийтгэлээ хүлээдэг хууль эрхзүйн орчин нь байсаар байтал шинэ хуулиар буруутан нь шууд эзэн болчихоод байдаг. Тээврийн компани байлаа гэхэд автотээврийн хууль зөрчсөнөөс гарсан хариуцлагыг тэр машиныг барьж явсан нөхөр биш, эзэн хариуцна гэсэн үг. Эдийн засгийн энэ хүнд хэцүү үед Эрүүгийн ийм хууль батлагдах гэж байгаа нь бизнес эрхлэгчдэд асар их дарамт болсон. Одоо бизнес эрхлэгчид би 10 хүнтэй энэ жижигхэн аж ахуйн нэгжээ цаашид өргөжүүлээд явах уу гэж бодохоосоо өмнө за би ч болъё доо, аягүй бол шоронд орох нь. Ерөөсөө хаалгаа барья гэсэн сэтгэхүйн дарамтад орчихсон байна. Энэ нь эдийн засагт асар их дарамт учруулж буй.

-Гэвч яг хариуцлагын тогтолцоо гэж нэг зүйл байна аа. Таны хувьд өөр гарц олж харж  байна уу?
-Үнэхээр гэмт хэргийн чанартай үйлдэл гаргасан бол бизнес эрхлэгч өөрөө хариуцлагаа үүрэх ёстой. Эдийн засгийн бүх харилцааг гэмт хэрэг болгодгоо л болиоч гэж хүсээд байна. Жишээлбэл, эдийн засгийн харилцаанд үүсч байгаа зөрчил маргааныг эдийн засгийн аргаар шийдэж болно. Өндөр торгууль төлүүлдэг, хариуцлага хүлээлгэдэг. Гэмт хэрэгтэн болгож шоронд хийхээсээ өмнө өөрөөр шийдэж болох олон арга байдаг. Бод доо. Чингис хааны Их засаг хуульд нэг бод хулгай хийсэн хүнийг таван бодоор, ахиад хулгай хийвэл 10 бодоор торго гэж байдаг. Тэгэхээр нэг үхэр авахын тулд 10 бодоор торгуулах уу гэдэг чинь тухайн хүнийг шоронд хорихоос илүүтэй эдийн засгийн арга хэмжээ болж байгаа юм.

-Өнөөдрийн энэ хүнд­рэлийн улмаас маш хүнд байдалд орсон компаниуд хэчнээн байна вэ?
-Уул уурхайн үндэсний тэргүүлэх асар том компани 800 хүнээ халах уу, яах вэгэсэн байдал орчихсон байгаа. Мөн мэдээлэл харилцааны том компани 300 хүнээ цомхотгох уу гэж байна. Компанийн үйл ажиллагаа хүндэрсэндээ биш юм шүү дээ. Гол нь  энэ олон хүнээ ажиллуулаад ашигтай ажиллах нөхцөл нь бүрдэхгүй болчихоод байгаа юм.
Энэ нөхцөлд эзэн  компаниа дампууруулахгүйн тулд арга буюу ийм арга хэмжээ авахаас аргагүй байдалд ороод байна.

-Та бүхний зүгээс ийм тохиолдолд ямар хариу өгч байгаа вэ?
-Хүмүүсийнхээ эрх ашгийг аль болох зөрчихгүй, бага хохирох талаас нь  анхаараач ээ. Өөрөөр хэлбэл, цомхотгож байгаа хүндээ хохирол багатайгаар шийдэх арга замыг хай. Цомхотгох тухайгаа эрт мэдэгдэж, яарал­тай өөр мэргэжилд шил­жүүлэх, эзэмшүүлэх арга байгаа эсэхийг судалж, шилжүү­лэх бололцоог хайгаач гээд олон асуудлыг нэн түрүүнд шийдээрэй гэж хүсч байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан