Засгийн газрын ээлжит хуралдаанаар ипотекийн зээл олгох шалгуур үзүүлэлтийн талаар ярилцжээ. Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг юун түрүүнд орон сууцны үнийн дүнгийн 20 хүртэлх хувийн баталгаанд хамрагдах зорилтот бүлгийг тодорхойлж, шалгуур үзүүлэлтийг тогтоох санал боловсруулах ёстой гэж үзсэн байна. Тиймээс ирэх сардаа багтаан шалгуур болон зорилтот бүлгийг тодорхойлж, Засгийн газрын хуралдаанаар батлуулахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт үүрэг болгожээ.
Харин ипотекийн зээлийн шалгуур үзүүлэлтийг хангасан иргэдийн орон сууцны үнийн дүнгийн 20 хүртэл хувьд баталгаа гаргаж өгөхийн тулд 200 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад гэрээний үндсэнд байршуулахаар болсон байна.
Одоогоор багш, эмч зэрэг төрийн албан хаагчдын ипотекийн зээлийн урьдчилгааны 20 хувьд баталгаа гаргах талаар яригдаж байгаа юм.