Засгийн газрын 2015 оны 217 дугаар тогтоолын дагуу олон улсын зах зээлд 3,5 жилийн хугацаатай, 350 сая хүртэл ам.доллартай тэнцэх хэмжээний юаниар илэрхийлэгдсэн Засгийн газрын үнэт цаас гаргахаар болсон билээ. Үүнтэй холбогдуулан Дунд хугацааны үнэт цаасны хөтөлбөрийн гэрээг шинэчилж, шинэчилсэн хөтөлбөрийн хүрээнд Агентын гэрээ, Үнэт цаасны захиалгын гэрээ, Үнэт цаасны үнэ тогтоох баримт, Тооцооны агент томилох тухай гэрээ болон үнэт цаас гаргахтай холбоотой бусад гэрээ, хэлэлцээрийн талаар Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн хэлэлцээ хийж, гарын үсэг зурахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрлөө.
“Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичиг”-ийн дагуу эхний ээлжид 3,5 жилийн хугацаатай, 350 сая ам.доллартай тэнцэх юанийн үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаална. Энэ нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, дотоод үнэт цаасны өрийн зохицуулалтын арга хэмжээ авах, төлбөрийн тэнцлийг дэмжих зорилготой бөгөөд Өрийн удирдлагын тухай хуульд заасан Засгийн газрын гадаад үнэт цаас гаргах зориулалттай нийцэж байгаа юм.