Б.МЯГМАРЖАВ
Манай улсад амаржих газрын барилгууд гэж ахиж өгдөггүй “жамтай”. Үүний улмаас төрөх эмнэлгийн ор нь хаанаа ч хүрэлцэхгүй тулгар биетэй эхчүүд коридорт төрөх нь хэвийн үзэгдэл болсон. Бидний нэрлэж заншсанаар гуравдугаар төрөх буюу “Амгалан” төрөхийн шинэ барилгын шавыг анх 2010 онд тавьж, 2013 онд ашиглалтад оруулна гэж байсан ч сураг нь алдарсан. Хамгийн сүүлд УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийнхэн очиж байдалтай нь танилцаж, Засгийн газраас санхүүжилт гаргуулж энэ оны дөрөвдүгээр сар гэхэд ашиглалтад оруулахын төлөө ажиллана гэж байсан. Иргэд ч хүлээлтээ тээсээр үлдсэн. Ээжүүд маань ч магнай нь тэнийж одоо л нэг төр засаг маань жирэмсэн эхчүүддээ анхаарал хандуулж байна даа гэсэн бодол тээж ирсэн.
Гэсэн ч санхүүжилт удааширч байгаагаас ашиглалтад оруулах хугацааг зургадугаар сарын 1 болгон хойшлуулсан. Гэтэл өнөөдөр ч “Амгалан” төрөх шинэ байрандаа орсонгүй. Энэ талаар тус төрөхийн дарга Д.Бат-Очироос тодруулахад “Эмнэлгийн талаас барилгын ажилд оролцохгүй байгаа. Гүйцэтгэгч компани нь биднийг хэзээ шинэ байрандаа нүүж ор гэнэ. Тэр үед нь бид орно. Манай зүгээс нүүж ороход бүх бэлтгэл хангагдсан. Бид эмнэлгийнхээ тусламж үйлчилгээг хүргэхийн хажуугаар орон байрны асуудалд анхаарал хандуулахаас өөр аргагүй байдалтай байна.
Хэрэв амаржихын барилга ашиглалтад орчих юм бол нэг ч гэсэн асуудалд санаагаа зовоохгүй ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл бүрдэнэ шүү дээ” гэв. Иймээс нийслэлийн Эрүүл мэндийн газрын холбогдох албаны хүнээс лавлахад “Уг нь зургадугаар сард ашиглалтад оруулна гэж байсан ч хөрөнгө нь шийдэгдэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Манайхаас 2015 оны төсвийг нь шийдээд эрхийг нь шилжүүлсэн.
Захиалагч нь гүйцэтгэгчтэй гэрээ хийгээд ажиллаж байгаа. Санхүүжилт нь хэзээ орох талаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар гэрээ хийсэн учир тэднийх мэдэж байгаа. Тэндээс мэдээлэл ав” хэмээв.
Гуравдугаар төрөх нь 1966 онд 150 ортойгоор Найрамдлын районы төрөх эмнэлэг нэртэйгээр байгуулагдаж байсан бөгөөд 1990-ээд онд төрөлт эрс буурсан тул 1998 онд татан буулгасан байна. Харин 2000 онд 45 ортойгоор дахин ашиглалтад оруулсан ч өнөөдөр ачааллаа даахаа больж өдөртөө 95-100 эх хүлээн авдаг болжээ. Ачааллаасаа хоёр дахин их эхчүүдийг хүлээн авч байдаг тул тус эмнэлэгт эхийн эндэгдэл ч буурахгүй байгаа юм. Өдрийн 12:00 цагийн үед тус эмнэлгийн хүлээн авахаар орж зарим эхчүүдтэй уулзахад өөрийгөө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны иргэн С.Алтанчимэг хэмээн танилцуулсан бүсгүй “Төрөх болоогүй байна гээд буц гэлээ” гэсээр гарч ирсэн юм. Мөн тэрээр “Уржигдараас хойш өвдөлт өгч эхэлсэн. Өчигдөр ирж үзүүлэхэд төрөх болоогүй байна гээд хүлээж аваагүй. Өнөөдөр ирсэн бас адил хариулт хэлж байна. Хонхорт байдаг. Ийшээ ирэх гэж бараг цаг явдаг. Иймээс энд эгчийндээ байгаа. Манай Хонхор тосгон Баянзүрх дүүрэгт харьяалагддаг. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авах гэж 30 километр зам туулж ирдэг. Төрөх эмнэлэг бол нийслэлчүүдэд хамгийн хэрэгтэй байгаа зүйл. Гэсэн ч энд хүмүүс тэр бүр ач холбогдол өгөхгүй байгаа харагддаг. Хааяа хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаад л өнгөрөх юм” гэдгийг хэлж байв.
Ингээд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас “Амгалан” төрөхийн талаар мэдээлэл авахаар очиход тус газрын Захиалагчийн хэлтсийн дарга Б.Лхагважав “150 ортой “Амгалан” төрөх эмнэлгийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 95 хувьтай явж байна. Үндэсний их баяр наадмын өмнө ашиглалтад оруулна. Одоогоор 2015 оны нийт санхүүжилт шийдэгдээгүй. Энэ онд 1.9 тэрбум төгрөг төсөвлөсөн. 2014 онд улсын төсвөөс 2015 онд шилжих ёстой 890 сая төгрөг байгаа. Гэтэл энэ мөнгийг 2015 оны төсөвт суулгаагүй. 2015 онд батлагдсан 1.9 тэрбум төгрөг Нийслэлийн Засаг даргын эрхээр шилжээд “Цамхаг” констрашнтай гэрээгээ хийгээд явж байна. Барилгын ажил удааширч буй шалтгаан нь өнөө л санхүүжилтын асуудал. Тус төрөхийн барилга санхүүжилтээс хамаараад хоёр удаа гэрээний хугацаа сунгагдсан. 2013-2014 онд Үндэсний аудитын газраас шалгалт оруулаад 2014 оны зургадугаар сард шалгалтынхаа дүнг Засгийн газарт танилцуулсан. Энэ хооронд хөрөнгө нь тухайн оныхоо төсөвт суугаагүй. Зургадугаар сар гарч байж төсвийн тодотголд суусан. Үүнийхээ гүйцэтгэлээ авах гэж 2014-2015 он дамжиж санхүүжилтээ бага багаар авч ирсэн” хэмээв. Ийнхүү барилгынхаа санхүүжилтийг дусал дуслаар өгсөөр Үндэсний их баяр наадамын өмнө “Амгалан” төрөхийн шинэ барилгаа ашиглалтад оруулах нь. Гэхдээ бас эргэлзээтэй. Манай барилгын компаниуд хэзээ амласан хугацаандаа барилгаа ашиглалтад өгдөг байлаа гэсэн бодол олон хүний толгойд эргэлзэж буй нь мэдээж биз ээ.
12:30-ийн үед Баянзүрх дүүргийн тамгын газрын зүүн талд баригдаж байгаа III амаржих газрын шинэ барилга дээр очлоо. Амаржихын барилгын эргэн тойронд битүү орон сууц барьжээ. Өнгөрсөн жил энэхүү барилгын ажлын явцыг сурвалжлахад эргэн тойронд нь цөөхөн хэдэн барилгын ажил явагдаж байсан санагдана. Гэтэл жилийн дараа олон өндөр барилга сүндэрлэж, айлуудаа хүлээгээд авчихаж. Харин өнөө төрөхийн барилга үүдээ нээгээгүй л байна. Гаднаас нь харвал өнгө үзэмж сайтай барилга боссон, цонх шилийг нь хийчихэж. Боломжийн л барилга сүндэрлэсэн харагдлаа.
Цаашдаа “Амгалан” төрөхийн барилгаас гадна шинээр баригдаж буй Дөрөвдүгээр төрөх, Хоёрдугаар төрөхийн барилгын асуудал шийдэл хүлээсэн хэвээр байна.