Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Муухай МАН

Л.НОМИН

Улс төрийн ууган хүчин, төлөв төвшин, 94 жилийн түүхт Монгол Ардын нам нэг л биш ээ. Солонгос савангийн дуурьт л гардаг ой санамжаа алддаг өвчин тусчихаж. Өчигдөр ярьснаа өнөөдөр няцаах хэмжээний ахархан ой санамжтай болсноо өдрөөс өдөрт баталсаар. Өвчин нь даамжирсаар юу хийх, хийхгүйгээ ч мэдэхээ больж. Ч.Сайханбилэгийн хадагийг хүлээн авч, Шийдлийн Засгийн газар байгуулан, хамтрагчид болсноо ч умартаад байдаг боллоо. “Дургүй ламд дарж байж сахил хүртээв” гэгч болчихоогүй байгаа. Гэхдээ гуйж ирсэн хадагийг “Тунгалаг тамир”-ын Ням өвгөн шиг хоёр гардан тосч ирээд л авсансан. Харин үүнийгээ одоо санахгүй байгаа бололтой. Парламентын ээлжит сонгууль болохоос жил гаруйхны өмнө сөрөг хүчин гэх багаа тайлж, хамтарсан Засгийн газрыг бүрдүүлэгч улс төрийн хүчин болоод долоон сарын нүүр үзжээ, МАН. Гэвч Ардын намынхан сөрөг хүчний багаа ч тайлсангүй, засаг барилцаж яваагаа ч ойлгохгүй байх шиг. Эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулж, Монгол Улсаа аврахын тулд Засгийн газарт орж байгаа юм шүү гэсэн тодотгол хийсэн санагдана. Тэгвэл ингэж хэлснийхээ эсрэг ажиллаж, гараа хөдөлгөх биш амаа л илүүтэй хөдөлгөөд байна.


Хүүхдэд хайргүй МАН

Цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаа учир их төсөв шаардсан байшин бариулалгүй шийдэх боломжийг УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг эрэлхийлсэн. Өөрийн болон өөр бусад хүүхдүүдийг харах цомхон үйлчилгээг гэртээ суугаа эмэгтэйчүүдэд олгох боломжийг хуульчлахаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл санаачилсан. Багагүй хугацаанд ярьж байгаа энэ хуулийн төсөл өчигдөр анхны хэлэлцүүлгээ давж ч чадсангүй. УИХ дахь МАН-ын бүлэг, хэдэн тоо бодож үзээд “Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл батлагдвал 60 гаруй тэрбум төгрөгийг нь Сангийн яам гаргаж чадахгүй. Айлын таван хүүхэд цуглуулаад харна гэдэг аюулгүй байдал талаасаа боломжгүй” гэдэг ямар ч судалгаагүй тайлбар хэлж ажлын тав хоногийн завсарлага авав. Бүлгийн дэд дарга Д.Хаянхярваагийн энэ үг эмэгтэй гишүүдийн эгдүүцлийг төрүүлж, хурлаа хаяж гарсан нь Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ирцийг 50 хувиас доогуур болгож орхисон. Эмэгтэй гишүүдийн хийсэн судалгаагаар улсын хэмжээнд сургуулийн өмнөх насны 250 мянга гаруй хүүхэд байгаа ч 50 гаруй мянга нь цэцэрлэггүй. Гэртээ цоожлуулдаг эсвэл эгч, ах, эмээ, өвөөгөө барааддаг хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах боломж хүүхэд харах үйлчилгээ. Хэрэв бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна гэвэл 600 орчим тэрбум төгрөг шаардлагатай байгаа учир 60 тэрбум төгрөгийн төсөвтэй харьцуулашгүй. Гэртээ цоожлуулж үлддэг хүүхдүүд ямар их эрсдэлтэй учирч байгааг эрхэм гишүүд бодолцож үзэхийг хүсэхгүй байх шиг. МАН-ынхан санаачилж чадаагүй учраас гацааж байгаа мэт л харагдлаа. Энэ мэтчлэн бодитой шалтгаангүйгээр хууль гацаахдаа ч МАН дэндүү мэргэшээд байгаа.       

Уг нь “Чингис” бондод хайртай...

“Чингис” бонд босгож чадсан Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газрын эхлүүлсэн ажил Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед ч үргэлжилж санхүүжилт авсан төслүүд амжилттай яваа. Тийм ч болохоор УИХ-ын дарга З.Энхболд амралтын өдрүүдэд Хөгжлийн банкны “Чингис” бондоос санхүүжилтийн зээл авсан үйлдвэрүүдийн ажилтай танилцаж буй. Амжилттай яваа төслүүдийг газар дээр нь үзэж сонирхон хууль эрхзүйн талаас ямар дэмжлэг, туслалцаа шаардлагатай байгааг УИХ-ын гишүүд ч мөн судалж байгаа. Харин МАН-ын агуу их шүүмжлэгчид “Чингис” бондын санхүүжилтээр хийсэн ажлуудыг аль болох өөлж, муулахыг хэтэрхий их хичээх тусам амжилтыг эс олно.  

МАХН нэртэй байхдаа засгийн эрх барихда гадаадаас орж ирсэн хөрөнгө оруулалтыг өвлийн өвгөний бэлэг шиг л тараагаад өгчихдөг сул гартай байсан. Өвлийн өвгөний 21 мянган төгрөгийн бэлэг өдгөө бидэнд ямар гай авчраад буйг тайлбарлавал сонины зай талбай хүрэлцэхгүй биз. Тэднийхээр бол Хөгжлийн банкны “Чингис”, “Самурай” бондыг ч гэсэн баруун солгойгүй цацаад дуусгах ёстой байж. Гэхдээ сонирхолтой нь хамгийн үр ашиггүй хөрөнгө оруулалт боллоо гэж сурталддаг бондын санхүүжилтээс Ардын намынхан ч хишиг хүртсэн баримтууд хэвлэлээр хөвөрсөөр л. Бид ч энэ талаар өмнө нь хөндөж бичиж байсан. Тэрбумаас дээш үнийн дүнтэй төслүүдийг МАН-ын дарга, УИХ дахь бүлгийн дарга, дэд дарга гээд нэр бүхий гишүүдийн хувь эзэмшдэг компаниуд авсан баримт нэгэнт ил болсон. Хоол идсэн тогоо руугаа нулимдаггүй гэдэг үгийг МАН-ынханд сануулахад илүүдэхгүй болов уу.

Өчигдөр МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа “Чингис” бондын мөнгөөр үйлдвэрүүд барина гэсэн яасан бэ гэдэг шинэ хувилбар гаргаж ирснээ мэдэгдэв. АН сонгуулийн амлалтаа биелүүлсэнгүй гэх гишүүн өөрөө Сангийн сайдаар ажиллаж байхдаа юу хийсэн нь бас л мартагдах учиргүй сэдэв. “Хүний хөгжил сан”-гийн мөнгийг хууль зөрчин тойргийнхондоо тараасан асуудалд орооцолдохдоо Сангийн сайд байсан. Ой санамжийн хэмжээ богиносоод буй бас нэг жишээ.

Огцруулах, гарахаараа айлгах

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “АН-тай засагт хамтрахдаа олон асуудалд гэрээ байгуулан тохиролцсон. Гэтэл гэрээнд тусгагдсан зүйлүүдээ хэрэгжүүлэхгүй байх байдал гарч болзошгүй. Дээгүүрээ тэврэлдээд доогуураа өшиглөөд байх вий гэж ярьсан” гээд засгаас гарах талаар зарим гишүүн хөндсөн ч албан ёсоор шийдвэр гаргаагүй хэмээсэн. Сар гаруйхны өмнө ингэж ярьж байсан бол өнгөрсөн даваа гарагт тэд доогуураа өшиглөөд авлаа.  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг тэтгэврийн болон малчдын зээлийн хүүг бууруулах асуудалд анхаарал хандуулсангүй гэж үзсэн учир огцруулах санал оруулахаа мэдэгдэв. Засгийн газраас оруулж ирсэн асуудалд УИХ дахь МАН-ын бүлэг хэрхэн хандаж байгаа нь ил цагаан харагддаг.
Дургүйд хүчгүй байгаа бол тэрийг чинь огцрууллаа шүү гэж сүрдүүлэхийн оронд нэгмөсөн засгаас гарах нь илүү шударга. Үнэндээ МАН-ын сайд, даргатай яам, агентлагт улс төрийн шинжтэй томилгоо явсаар л байгаа. Намынхаа олон мянган гишүүний бухимдал, эсэргүүцэлтэй тулж Засгийн газарт хамтарсан бол хариуцсан ажилдаа эзэн болж, нэр төртэй хийх ёстой. Анхнаасаа л засагт орохыг дэмжих, дэмжихгүй гэсэн хоёр хэсэгт хуваагдсан МАН-ынхан одоо ч гэсэн зөрчилдсөөр л байна. Тийм ч болоод дорвитой шийдвэр гаргаж чадахгүй, өмнөхөө үгүйсгэж, ой санамжаа алдчихаад байгаа. Одоо бүр залуучуудын байгууллага нь хоёр талцаж нэгнийхээ мууг үзээд эхэлчихлээ. “Хүүхэд уйлахаараа, хөгшин хүн үхэхээрээ айлгана” гэдэг шиг Ардын намынхан Засгийн газарт орсон өдрөөсөө л гарахаараа айлгасан. Гэхдээ нэгэнтээ цаашдаа АН-тай хамтдаа яваад байж чадахгүйгээс хойш эртхэн шиг зайгаа тавьж өгөх зориг бий болов уу. Хамтарсан ч, хамтраагүй ч таалагдахгүй, гоочилдог МАН-ынхан өөрсдийгөө муухай харагдаад байгаагаа даанч мэдэхгүй юм.

0 Сэтгэгдэл
***** ugsaanii tsust nam.
alchiin ugsaanii tsust nam
MAN bulguud muu bna
Хамгийн их уншсан