Б.ШИРНЭНУИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог Гацууртын алтны үндсэн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Сентерра гоулд Монголиа” компани эзэмшдэг бөгөөд “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолоор Гацууртын ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсан юм. Тиймээс тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд эхлээд төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай асуудлыг УИХ-аар хэлэлцэх болоод байгаа юм. Тогтоолын төслийн талаар Уул уурхайн сайд Р.Жигжид Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.
Засгийн газраас 2015 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасан юм.
Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдын Ч.Сайханбилэг Гацууртын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” компанитай төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох талаар хэлэлцээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан, Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра Гоулд Монголиа” компанитай хэлэлцээг 2015 оны гуравдугаар 25-наас хойш хоёр сарын хугацаанд хийсэн байна.
Яриа хэлэлцээний явцад хөрөнгө оруулагч талаас өмнөх онд хийсэн хэлэлцээрээр хүрсэн үр дүнд үндэслэн аливаа үр өгөөж, зардалд өөрчлөлт оруулахгүйгээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувиар тогтоох, энэ хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах тохиолдолд 1.7 хувийг тусгай төлбөрт өгөх боломжтойгоо илэрхийлжээ. Харин ажлын хэсгийн зүгээс төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувиар тогтоох, энэ хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах тохиолдолд алтны үнээс хамаарч ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээ өөрчлөгдөх саналыг эдийн засгийн тооцоо, үндэслэлийн хүрээнд хөрөнгө оруулагч талд тавьж урьдчилсан тохиролцоонд хүрсэн байна.
Төсөлд есөн жил уурхайн олборлолт, 10 жил үйлдвэрлэл явагдаж, 3.361 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, татварын дараах цэвэр ашиг 340.5 тэрбум төгрөг, Засгийн газар 70 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг авахаар тусгажээ. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан техник, эдийн засгийн үндэслэл дээр үндэслэн алтны үнийг өнөөгийн ханш буюу ойролцоогоор 1.300 ам.доллараар тооцож (долларын ханшийг 1.900 төгрөгөөр тооцсон) үзэхэд тухайн төсөл нь оруулсан хөрөнгө оруулалтаа бүрэн нөхөж, татварын дараах ашгаас тооцон төр ногдол ашиг авахаар тооцсон байна.
Танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны гишүүд Гацууртын ордоос орж ирэх нийт татвар, мөнгөн урсгал, Ноён уулыг хамгаалах талаар хэрхэн ажиллахыг түлхүү лавласан юм. Үүнд Уул уурхайн сайд Р.Жигжид “Тус ордыг ашиглалтад оруулснаар Засгийн газарт ногдох мөнгөн урсгал 265.6 сая ам.доллар гэж тооцсон. Төслөөс нийт 451.6 сая ам.долларыг татвар хэлбэрээр авах бөгөөд үүний 139.4 сая ам.доллар нь ашигт малтмалын нөөц ашигласны, 57 сая нь орлогын албан татвар байна. Харин Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Ноён уултай холбоотой асуудлаар дүгнэлтээ гаргасан. Түүнчлэн Засгийн газрын зүгээс УИХ-ын гишүүн Г.Баярсайхан нарын санаачилсан Ноён уулыг тусгай хамгаалалтад авах тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжсэн шийдвэрийг гаргасан. Ноён уулын асуудлаар мэргэжлийн байгууллагууд, Байгаль орчны чиглэлээр ажиллаж буй төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр аль болох зөв мэдээллийг түгээхийг чармайн ажиллаж байгаа. Гацууртын ордын орчим байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхэд тэр орчны газарт цэвдэгтэй болох нь тогтоогдоогүй” гэлээ.
Ингээд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа нэн яаралтай хэлэлцүүлэхээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 13 гишүүний 10 нь дэмжсэнээр Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр боллоо.