Т.ЦЭЛМЭГ
Хөдөлмөрийн үндэсний намын Удирдах зөвлөлийн гишүүн, Анагаах ухааны доктор Н.Одонгуатай эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн талаар ярилцлаа.
-Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүний хувьд одоогийн тогтолцоо, хийж буй шинэчлэлийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Эрүүл мэндийн салбарт 1990 оноос хойш дорвитой шийдэл төдийлэн хийгээгүй гэж болно. Зах зээлийн зарчмаар зохицуулагддаг систем бол биш шүү дээ. Тухай орны улс төрийн голлох хүчин ямар үзэл баримтлалтай вэ гэдгээс хамаараад эрүүл мэндийн салбар төрийн оролцоотой нийтэд үйлчилдэг байхуу, хувийн оролцоотой зах зээлийн зарчимтай байх эсэх нь шийдэгддэг. Гурван сая хүн амтай Монгол Улсын хувьд ард иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг төрийн оролцоотой хүргэж байгаа нь хамгийн боломжтой хувилбар гэж олон мэргэжилтэн үздэг. Нөгөөтэйгүүр одоогийн дэд бүтцийн хувьд бол хамгийн хүртээмжтэй сайн нь ч гэдэг. Гэтэл энэ давуу талуудаа ашиглаад чанартай, аюулгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж чадахгүй байгаа нь хэд хэдэн шалтгаантай.
-Шалтгаануудын нэгд нь удирдлагын буруу зохион байгуулалт багтах байх?
-Засаглалыг хамгийн түрүүнд зөв шийдэх хэрэгтэй. Эрх мэдлийг зөв хуваарилах, гүйцэтгэлийг хэрхэн зохион байгуулж ажиллах,хариуцлага, үр дүнг яаж хэмжих зэрэгт тулгуурлаж бодлогоо баримтлах ёстой. Засаглал ямар байхыг шийдсэний дараа гүйцэтгэлийг сайн, чанартай авч явахын тулд санхүүжилт, эмнэлгийн бүтэц зохион байгуулалт менежментийн асуудлыг авч үздэг. Эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилтийн 70 орчим хувь улсын төсвөөс, үлдсэн 30 орчим хувь эрүүл мэндийн даатгалаас олгогддог. Тэгтэл эмнэлгийн дарга нар санхүүжилтийг үр ашигтай, бодит хэрэгцээндээ тулгуурлан оновчтой хуваарилалт хийж чадахгүй байгаа нь асуудал. Үр дүн нь гүйцэтгэлтэйгээ уялдаагүй байдаг. Харин улсын хэмжээнд хамгийн өндөр чадвартай хүний нөөцэрүүл мэндийн салбарт бий. Гадаад харилцаа хөгжсөн, туршлага сайн судалсан, дэлхийд мөрдөгдөж буй бүх л стандартыг манай эмч нар сайн мэддэг болсон. Хувийн хэвшлийн эмнэлгүүд ч сүүлийн үед энэ стандартуудыг нэвтрүүлээд эхэлсэн. Хувийн томоохон эмнэлгүүд байх ёстой олон улсад мөрдөгддөг элементүүдийг бүгдийг нь нэвтрүүлсэн. Эрүүл мэндийн салбар эрүүл бус, гажуудалтай байна.
-Гэхдээ улсын эмнэлгүүд ийм зарчмаараа явахад хүндрэлтэй байдаг. Улс төр, эдийн засаг гээд янз бүрийн дарамт үүсдэг зэрэг бэрхшээл ихтэй?
-Тухайн эмнэлгийн үйлчилгээг бүтээгдэхүүн гэж авч үзвэл бодитой өртөг шингэсэн хэмээн тооцоолдоггүй. Өнөөдрийг хүртэл тооцоолсон арга, аргачлал нь одоогийн эрэлт хэрэгцээндээ таарч, тохирч чадахгүй байгаа. Өртгөө тооцох аргачлалаа дахиж харах, стандартуудаа шинэчлэх шаардлага бий.
-Улсын томоохон эмнэлгүүдийг менежментийн хувьд хувьчлах асуудал яригдаж байгаа нь шинэчлэл мөн үү?
-Улс төрийн оролцоотой, нийтийн засаглалтай бүтцээр авч явах ёстой. Эрүүл мэндийн салбарын шинэчлэл гэхээр дандаа хувьчилна гэж ярьдаг. Байшин барилга нь улсынх, дотор нь байгаа ажиллагсад нь төрийн албан хаагч, санхүүжилтийн 70 хувийг улсын төсвөөс гэхээр хувьчилна гэж ярьж болохгүй. Хамгийн гол нь хариуцлагыг хэрхэн тооцох, гүйцэтгэлийн шинэчлэлийг хэрхэн хийх зарчим нь тодорхой байх ёстой. Шинэчлэлүүдийг хурдан хийчихвэл маш хурдан сэргэх онцлогтой салбар.
-Ямар нам эрх барьж байгаагаас эмнэлгийн дарга хэн байх хамаардаг болсон. Тэгээд нэг томилгоо хийхэд эмч нар нь эсэргүүцдэг, жагсаал цуглаан болдог. Энэ бүхнийг яаж засаглалын хувьд шинэчлэн өөрчлөх боломжтой вэ?
-Эмнэлгийг сайн эмч нар удирдана гэж ойлгоод байдаг. Бас улс төр оролцоно гэж ойлгодог. Арав гаруй жил БНСУ-д ажиллахдаа эмнэлгийн бүтэц зохион байгуулалтын талаар маш их судалсан. Солонгост бол эмнэлгийн бүх бүтэц зохион байгуулалтыг хийдэг Эмнэлгийн хөгжлийн тасаг гэж бий. Сайн менежерүүд, эдийн засагчид үйлчилгээ, бүтээгдэхүүн гаргана гэдэг үүднээс тэр тасагт ажилладаг. Тэгвэл манайд ийм бүтэцтэй эмнэлэг байхгүй. Удирдлага гэж цогцоор нь харахыг хэлдэг. Нэг хүндээ биш тогтолцооны гажуудал асуудал болоод байгаа юм. Хяналт, хариуцлага, гүйцэтгэл, хөндлөнгийн мониторингийн тогтолцоог л хийж өгөх хэрэгтэй гээд байгаа юм. Тогтолцоогоо өөрчлөөгүй байж хэн нэг хүнийг буруутгах нь өрөөсгөл.
-Бусад улс орнуудтай харьцуулахад манай эрүүл мэндийн салбарын хөгжил аль хавьд нь яваа бол?
-Олон талаас нь үнэлж үздэг. Сэтгэл ханамжаар нь, үр дүн, чанар, аюулгүй байдал, хүртээмж гэх зэргээр үнэлдэг. Манай иргэдийн сэтгэл ханамж эрүүл мэндийн салбарын нийт үйлчилгээнд 60-аас доогуур хувьтай байдаг.Гэтэл эмчийн үйлчилгээг үр дүнтэй гэж 70-80 хувиар үнэлдэг. Үйлчилгээ, гадаад орчин, хоол, ариун цэвэр, нэг талбайд ногдох орны хэмжээ, хүлээгдэл, чирэгдлийг авч үзвэл асар доогуур хувьтай. Чиглэл бүр харилцан адилгүй болохоор сайн муу гэж ерөнхий утгаар нь бүгдийг хамруулж болохгүй. Тэгэхээр л нөгөө тогтолцооны гажуудал руу л бас ороод байна.
-Даатгалын систем бол байнга шүүмжлэлд өртдөг. Шимтгэл төлөөд байхад даатгал оногддоггүй эсвэл аль нэг эмнэлгийн дарга нь хувьдаа шамшигдуулсан ч тохиолдол гарсан?
-Монголын даатгалын системд тодорхой хэмжээний өсөлт гарсан. Гэхдээ дэлхийн хэмжээнд чанартайд тооцогддог Герман, Тайвань, Сингапур, Солонгос, Канадын зарчимтай харьцуулахад өөр загвартай. Бид одоогийн тогтолцоог өөрчлөх саналаа хуулийн төсөл болгож боловсруулж өгсөн боловч хэрэгжээгүй. Өнөөдөрийн байдал иргэдийн сэтгэлд хүрсэн үйлчилгээ үзүүлэх тогтолцоо гэж хэлэхэд хэцүү. Тэгэхээр алхам алхмаар сайжруулах зарчмаар явах ёстой. Дэлхий дахинд бүх нийтийн хамрагдалтын зарчмаар явж байгаа. Тэр чиглэл рүү бид орох нь зүйтэй. Даатгалын мөнгийг хэрхэн зарцуулж байгаа, иргэн ямар үйлчилгээ авсныг хянах тогтолцоо бүрдүүлбэл нөгөө мөнгө төгрөгийг нь шамшигдуулдаг байдал ч үгүй болж, хөндлөнгийн хяналттай болно. Хэрэв боломж гарвал бид энэ зарчим руу орохыг Хөдөлмөрийн Үндэсний Нам хамгийн эхэнд шийдэхээр ярьсан.
-Эрүүл мэндийн салбар хамгийн ачаалалтай мөртлөө цалин хангамж нь түүнтэйгээ харьцуулагддаггүй гэдэг шүүмжлэл олон жил явлаа?
-Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын цалин, хангамж засаглалын асуудалтай холбоотой. Засаглалыг өөрчилбөл гүйцэтгэлд нь суурилсан, хийснээрээ үнэлэгдэх зарчим үйлчлэх боломжтой. Тэгэхээр эмнэлгийн үйлчилгээний чанар сайжирч, түүнийг дагаад эмч нарын ажил үнэлэгдээд, авах цалин ч нэмэгдээд явах юм.Эмнэлгийн засаглалыг бид шинэчилж чадаагүй байгаа өнөөгийн нөхцөлд эрүүл мэндийн даатгалын шинэ хууль эрсдэл үүсгэх магадлалтай. Нөгөө талаасаа зарим эмнэлгүүд үйлчлүүлэгчээ татах, үйлчилгээгээ сайжруулах хөшүүрэг болно.
-Энэ бүх өөрчлөлт, шинэчлэлтийн талаар мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг хэр сонсдог юм бол. Сүүлийн үед эрүүл мэндийн салбарыг хамарсан томоохон хууль эрхзүйн шинэчлэлт хийгээд байгаа шүү дээ?
-Эрүүл мэнд, спортын яамтай хамтарч ажилладаг. Нэг үе мэргэжлийн хүмүүсээ ч сонсдоггүй байлаа шүү дээ. Харин сүүлийн үед харьцангуй сонсдог болсон. Гэтэл яамнаасаа давсан асуудлууд бас байна. Жирийн мэргэжилтэн надад энэ бүхэн дэндүү мэдрэгдсэн учир гарц хайж Хөдөлмөрийн Үндэсний Намд нэгдээд асуудлыг шийдье гээд явж байна.Эмч, сувилагч нартай хамтын ажиллагааны гэрээ хийсэн. Гэрээний дагуу Монгол Улсын эрүүл мэндийн салбарын бодлогод салбарын мэргэжилтнүүдийн дуу хоолой чухал. Хүний эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн эмч нар маань өнөөдрийг хүртэл шинэчлэлийн асуудалд нэг их оролцохгүй явсанаас 20 гаруй жил салбар маань хөгжсөнгүй. Хамгийн бага цалин авдаг, хамгийн их авилгад өртсөн гэдэг нэр зүүсэн. Салбарын тогтолцооны гажуудлыг арилгах, зөвшилцөлд хүрэхийн тулд оролцоо чухал. Энэ дашрамд эмч, сувилагч, эмнэлгийн ажиллагсад маань салбараа аврахын тулд дуу хоолойгоо хүргэж, идэвхтэй оролцоосой гэж хүсэж байна.