БНХАУ-аас “ADIDAS”, “NIKE”, “JORDAN” зэрэг брэндийн бүтээгдэхүүнийг зөвхөн албан ёсоор борлуулах эрхтэй дэлгүүр болон үйлчилгээний газруудаас худалдан авах, худалдаа хийсэн баримт, тасалбар зэргээ хадгалахыг Гадаад хэргийн яамнаас санууллаа.
Учир нь “БНХАУ-ын Гаалийн тухай хууль-”ийн 21-р зүйлд “Зохиогчийн эрхийг зөрчсөн бараа бүтээгдэхүүн улсын хилээр нэвтрүүлэхгүй” гэж заасны дагуу брэндийн шошготой хуурамч бараа бүтээгдэхүүнийг тус улсын хилээр нэвтрүүлэхийг хоригложээ. Мөн гааль, хяналтын байгууллагууд брэнд барааг дуурайлгаж хийсэн хуурамч бүтээгдэхүүнийг хурааж авах эрхтэй байдаг. Сүүлийн үед манай улсын иргэд дээрх брэндийн бүтээгдэхүүнийг хятадын албан ёсны бус борлуулагч нараас /Эрээн хотын “Вэньжоу” зах/ их хэмжээгээр худалдан авч тус улсын гаалийн байгууллагад бараа бүтээгдэхүүнээ хураалган хохирч байна. Тиймээс худалдан авалт хийхдээ болгоомжтой байхыг Гадаад хэргийн яамны Консулын газраас сэрэмжлүүллээ.