Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Хилчний 7-7 тоотод оршин суух Цэндсүрэнгийн Өлзийбаяр, Гөлгөөгийн Гүндсамбуу нарын хүү Өлзийбаярын Болд-Эрдэнийг Баянзүрх дүүргийн 3 сая дахь иргэнээр тодруулжээ. Тэрбээр Монгол Улсын 3 сая дахь иргэнтэй хамгийн ойр хугацаанд төрсөн тул дүүргийн 3 сая дахь иргэний үе чацуутнаар тодорсон байна.
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 сарын 22-ны өдрийн 400 дугаар тогтоолоор 3 сая дахь иргэнд орон сууц олгохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд шинээр ашиглалтад орсон Жуков хотхоны 49б байрны 14 тоот орон сууцыг олгохоор болсон юм.
Өнөөдөр буюу 2015 оны 06 дугаар сарын 15-ны морин цагт Баянзүрх дүүргийн Тамгын газрын Хүндэтгэлийн танхимд Засаг дарга Д.Пүрэвдаваа дүүргийнхээ 3 сая дахь иргэн Өлзийбаярын Болд-Эрдэнэд орон сууцных нь түлхүүрийг гардууллаа.
Дашрамд дурдахад, 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр буюу Монгол Улсад 3 сая дахь хүүхэд мэндэлсэн өдөр Баянзүрх дүүрэгт 9 хүү, 9 охин төрсөн байна.