Б.ШИРНЭН
УИХ-ын дарга З.Энхболд сүүлийн үед дотоодын үйлдвэрийн үйл ажиллагаатай түлхүү танилцах болов. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр “Дархан нэхий”, “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”, “Хилэм ост” загас үржүүлгийн газраар орсон бол уржигдар Хөдөө аж ахуйн бирж (ХААБ), “Блю Скай” кашмер, “Эко Пак Монгол” үйлдвэрийн ажлын явцтай танилцлаа.
УИХ-ын даргын индрээс бууж, амрах ёстой өдрөө үйлдвэрийн хаалга татаж, үйл ажиллагааг нь сонирхох болсон нь зарим нэгэнд Ерөнхий сайдын эсвэл харьяа яамны хийх ажлыг “Зэ” яагаад хийгээд байгаа талаар хардах сэдэл хүртэл төрүүлсэн байх юм. Тэгтлээ хувийн хэвшлийг сонирхох болсон учраас түүнд “зүгээр л хуулиа батал” гэж хэлэх хүн хүртэл цөөнгүй байна. Тэгвэл дээрх үйлдвэрүүдэд нэг нийтлэг шинж байгаа нь “Чингис бонд”. Сайн муугаар хэлэгдэх болсон энэ бондын зарцуулалт тэгвэл УИХ-ын даргатай ямар хамаатай гэж сонирхох биз. Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдахад МАН Засагт хамтраагүй. Улмаар Чингис бонд гаргах сураг дуулдаж эхлэх үеэс эхлээд, бондын хүүг тоолж, улс орон өрөнд орчихсон мэт уй гашуу зарласан. Н.Алтанхуягийн хувьд бондын эх үүсвэрийг юунд зарцуулах талаар төлөвлөгөө гаргаагүй байж бонд босгоод хүүтэй мөнгөө хэсэг хугацаанд дарж хэвтсэн буруутай. Гэхдээ МАН-ын Засаглалын үед Оюутолгой, Тавантолгойн урьдчилгаанд авсан мөнгийг хувь хишиг нэрээр зүгээр л тараагаад өгчихсөн зарцуулалтаас Чингис бонд тэс өөр байсан.Үр ашгаа өгөх эсэхэд эргэлздэг ч Улаанбаатар хотын авто замын сүлжээ өргөжин, иргэдээс хамгийн өндөр үнэлэлт авсан “Гудамж” төслийн санхүүжилтийн эх үүсвэр энэ бондоос гарсан юм. Үүнээс гадна, бондын хамгийн их үр ашигтай зарцуулалт нь “Импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх 888” төсөл. Төсөлтэй холбоотойгоор Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын хэлсэн “Бид 50 гаруй сая гаруй малтай, түүнийхээ үр шимийг хүртэж байгаа гэдэг ч бусад улсаас сүү сүүн бүтээгдэхүүн худалдан авахын тулд өнгөрсөн жил 49.7 сая ам.доллар зарлагдсан байна” гэдгийг энд иш татаж болно.
Цаашлаад, цагаан будаа, элсэн чихэр, гурил зэрэг хөнгөн үйлдвэрийн салбараас олж болох 110 сая ам.долларыг бид зөвхөн хилийн цаана наймаа хийхдээ зарцуулсан байгаа юм. Мөн Монголд үйлдвэрлэж байгаа нийт бүтээгдэхүүнийг экспортод гаргаад өнгөрсөн хугацаанд хоёрхон сая ам.доллар олсон байна. Тиймээс эдийн засгийг улс төрөөс ангид байлгаж, энэ салбарын бодлогыг тодорхойлох хэрэгтэй гэсэн чиг үүрэгтэйгээр Аж үйлдвэрийн сайд ажилладаг. Н.Алтанхуягийн Засгийн газар ч аж үйлдвэрийн салбарыг улс төржүүлэлгүйгээр салбарын хөгжлийг дэмжихэд анхаарч ажилласан нь Чингис бондоос “888 төсөлд” 7.3 их наяд төгрөг хуваарилсан явдал байв. Улс орны гэхээс илүү улс төрийн шинжтэйгээр Чингис бондын зарцуулалтыг харлуулдаг МАН-ын угшилтай компаниуд ч 7.3 их наяд төгрөгөөс тодорхой хувь хүртсэн. Тухайлбал, УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдын хувьцаатай “Говь” компани сүлжмэл, нэхмэл, оёмол, самнасан ноолуур, ноосны төсөлд 10 тэрбум төгрөгийн зээл авчээ. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын “Нью прогресс” компани дэд бүтцийн 2.7 тэрбум төгрөгийн төсөл, Ховд аймагт Манхан-Дарви чиглэлийн 100 км авто замын төслийг 21.5 тэрбум төгрөгөөр “Алтайн зам” компаниар гүйцэтгэхээр авсан баримт байна. Бүлгийн дэд дарга Н.Номтойбаярын “МАК цемент” компани Хөх цавын цемент төсөлдөө 55.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан талаар Хөгжлийн банкны тайланд тусгагджээ. Тиймээс МАН-ын хувьд дотоодын үйлдвэрлэлээсээ хоёрхон сая ам.долларын борлуулалт хийж байгаа салбарт оруулсан эргэн төлөгдөх хөрөнгө оруулалтыг харлуулж, гутаах нь утгагүй юм. Өнөө хэр нь импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх төсөл үргэлжилж байна.
Харин үүний нэг жишээ нь, дээр өгүүлсэн УИХ-ын дарга З.Энхболд амралтын өдрөөр үйлдвэр “сонирхох” болсонтой холбоотой болов уу. Өөрөөр хэлбэл, УИХ-ын энэ хаврын чуулган завсарлахад сар хүрэхгүй хугацаа үлдэж. Тэгвэл энэ хугацаанд багтаж УИХ-аар хэлэлцэн батлах ёстой хуулийн төслүүд багагүй байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар “УИХ-ын гишүүдээс өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд нийт 124 хууль, бусад шийдвэрийн төсөл байгаа. Үүнээс 68-ыг нь хэлэлцэж эхлээгүй, нэг нь эцсийн хэлэлцүүлэгт, 55 нь байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт гацсан байдалтай байна. Харин УИХ-ын даргын захирамжаар хаврын ээлжит чуулганаар 33 хууль, УИХ-ын шийдвэрийн төсөл хэлэлцэхээр дараалал тогтоосон. Хаврын чуулган эхэлснээр дөнгөж гурван хууль батлагдаж, 21 нь хэлэлцүүлгийн шатанд, гурав нь өргөн мэдүүлээд хэлэлцэж эхлээгүй, зургаа нь өргөн мэдүүлэгдээгүй байна” гэсэн байдаг. Үүн дотор Аж үйлдвэрийн яамны боловсруулж, Засгийн газраас өргөн барьсан дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, УИХ-ын зарим гишүүдийн өргөн мэдүүлсэн мөн л үйлдвэрлэлийн салбарт дэмжлэг үзүүлэх тухай хуулийн төслүүд бий. УИХ-ын дарга уржигдар үйлдвэрийн ажилтай танилцах үеэр хувийн хэвшлийнхэн хууль эрхзүйн дэмжлэг үгүйлэгдэж байгаа учраас чуулганаар хэлэлцэж өгөхийг хүссэн. Тэгэхээр УИХ-ын даргын дотоодын үйлдвэрлэлийн ажлын явцтай танилцаж байгаа шалтгаануудын нэг нь яах аргагүй хууль эрхзүйн дэмжлэг үзүүлэх явдал бололтой.
Тухайлбал, УИХ-ын дарга З.Энхболдыг “Эко Пак Монгол” (Мөнхийн үсэг компанид харьяалагддаг) компанийн ажилтай танилцах үеэр тус компанийн захирал Д.Ганбат “Хайрцаг сав баглаа боодлын зах зээлд экспортын бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэх, хаягдал цаас дахин боловсруулах үйлдвэр байгуулах төслөөр 2014 оны аравдугаар сард Засгийн газрын Чингис бондын 6.2 тэрбум төгрөгийн зээл авч, хайрцаг сав, баглаа боодлын чиглэлийн “Эко Пак Монгол” компанийн үйлдвэрийн хүчин чадлыг дөрөв дахин нэмэгдүүлж, хаягдал цаас дахин боловсруулах боломжтой анхны үйлдвэрийг байгуулсан. Өнөөдөр үйлдвэрийн дамжлага, хүчин чадлыг бүрэн автомат болгож, хоногт үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо, нэр төрлийг нэмэгдүүлсэн бөгөөд төсөл хэрэгжүүлж эхэлснээс хойш нийтдээ 30 гаруй нэр төрлийн 4.5 сая ширхэг бэлэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, 90 хүнийг ажлын байраар хангасан” гэсэн юм. Мөн үүний хажуугаар “Чингис бондын зээл нь үндэсний үйлдвэрлэгч нараа дэмжих, гадагшаа урсах мөнгөн урсгалыг багасгах, импортын бүтээгдэхүүний орлох бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх олон талын ач холбогдол, үр ашгийг үзүүлж байгааг заавал хэлмээр байна. Харин цаашид салбарын хөгжлийг төрөөс бодлогоор дэмжиж, эрхзүйн таатай орчинг бүрдүүлэх нэн түрүүний шаардлага байгаа”-г УИХ-ын дарга З.Энхболдод хэлсэн юм. Тухайлбал, тус компани “Цаас, түүхий эд материалын гаалийн татварын таван хувь, НӨАТ-ын 10 хувийг чөлөөлөх. Дотоодод үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүн болон сав баглаа боодлын бэлэн бүтээгдэхүүнийг гадаадад үйлдвэрлэх, хэвлүүлэх үйлдлийг зогсоох, эрхзүйн зохицуулалт хийх. Үүний тулд импортоор орж ирж байгаа хэвлэмэл бүтээгдэхүүн, сав баглаа боодлын бүтээгдэхүүний татварыг 20-с дээш хувиар нэмэгдүүлэх” зэрэг хүсэлт тавьж байгаа юм.
Харин энэ талаар УИХ-ын дарга З.Энхболдын үйлдвэрийн ажилтай танилцах бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Энэ үйлдвэр хаягдал цаасыг сав баглаа боодол болгож, боловсруулах зорилготой ажиллаж байгаа юм байна. “Мөнхийн үсэг” шиг ийм үйлдвэрийг дэмжихэд саяхан өргөн баригдсан Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга дэм болно. Хуульд “тодорхой газар нутагт хог хаягдлын нэр төрлөөр дагнан цуглуулж, түүгээрээ дахивар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол тухайн үйлдвэрийг тогтвортой ажиллуулахын тулд түүхий эдийн өрсөлдөгч дахин төрүүлэхгүй, монополь эрхийг газар, газарт нь олгохоор зохицуулалт хийсэн байгаа. Хог хаягдлыг түүхий эд гэдэг утгаар нь зохицуулаагүй учраас хог хаягдал боловсруулах үйлдвэр удаан хугацаанд оршин тогтнох баталгаа байхгүй байна гэсэн үг. Нөгөө талаас энэ компани Чингис бондоос зургаан тэрбум төгрөгийн зээл авсан байгаа. Энэ мөнгөөр шинэ барилга барьж, шинэ тоног төхөөрөмж угсарсан байна. Дээр нь анх удаа эко маягийн цогц үйлдвэртэй болж. Мөн тэдэнд гаалийн тарифын дэмжлэг хэрэгтэй юм байна” гэж ярьсан.
Тэгвэл Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатыг өнгөрсөн гуравдугаар сард үйлдвэрийн ажилтай танилцах үеэр БНХАУ-ын барааны тэмдэгтгүй, хаана, хэзээ үйлдвэрлэсэн тодорхой бус хуурамч, түүнийгээ дагаад хямд бүтээгдэхүүн дотоодын үйлдвэрлэл хөгжихөд ихээхэн саад болж байгаа талаар үйлдвэрлэгчид ярьж байсан. Тиймээс Д.Эрдэнэбат сайд “Хаврын чуулганаар бид хамгийн түрүүнд Үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийг УИХ-д өргөн барина” гэж хэлж байсан юм. Учир нь, Монголдоо хийж чадаж байгаа бүтээгдэхүүнийг импортын бараанаас хамгаалах нь чухал асуудал болоод байгаа юм. Хэдийгээр худалдааны сөрөг үр дагавар үүсч болзошгүй ч, үргэлж импортын худалдаагаар амьдарч болохгүй гэдгийг энэ удаагийн Засгийн газар ажил хэрэг болгож байна. Үгүй бол, “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой хулхи бүтээгдэхүүн тендерт 15 мянган төгрөгөөр шалгарч, чанар сайтай 17 мянган төгрөгийн дотоодод үйлдвэрлэсэн ширэн бүс тендерт өндөр үнэтэй шалтгаанаар унасан жишээ дахин давтагдах боломжтой. Яг үүн шиг дотоодын үйлдвэрлэлийг Чингис бондоор сэргээсэн шиг өдгөө “хулхиа” дагаад хямд үнэтэй байдаг Эрээний барааг дотоодын үйлдвэрлэлээс хууль эрхзүйн орчноор хамгаалах нь чухал гэдгийг үйлдвэрлэгчид УИХ-ын дарга З.Энхболдод хэлж байсан юм.
Тэрээр мөн “Блю скай кашмер” компанийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд тус компани ямааны ноолуур, тэмээний болон хонины ноосыг будаж ээрмэл үйлдвэрлэхээс сүлжмэл хувцас, нэхмэл даавуу, хөнжил, нөмрөг үйлдвэрлэх хүртэл дамжлагуудтай цогц үйлдвэр байгуулахаар зорилт тавин ажиллаж байгаа юм байна. Мөн 2015 онд ээрмэлийн үйлдвэр, нэхмэл даавууны эцсийн гүйцэтгэн боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа талаар УИХ-ын даргад хэлсэн юм. Тус компани нь “Ноолуурын үйлдвэрлэлд техник, технологийн шинэчлэл хийхэд дэмжлэг үзүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын дагуу 5.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авчээ. УИХ-ын даргыг үйлдвэртэй танилцах үеэр энэ чиглэлээр үйлдвэрлэл эрхэлдэг бусад компанийн захирал, ажилчид цугласан байсан бөгөөд УИХ-ын даргатай салбарт ямар эрхзүйн орчин дутмаг байгаа, төр засгийн зүгээс хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар цаг гаруй ярилцсан юм.
Үүний дараа УИХ-ын дарга З.Энхболд “Засгийн газраас 2012 онд бонд гаргахыг зөвшөөрсөн. Чингис бонд болон бусад бондын хөрөнгөөр тоног төхөөрөмжийн шинэчлэл болон эргэлтийн хөрөнгийн зээл өгч байгаа. Сүүлийн хэдэн жил төр засгийн зүгээс ноос, ноолуурын үйлдвэрлэлийн салбарыг дэмжсэний хүчинд түүхий эд бэлтгэл хоёр дахин нэмэгдсэн, тоног төхөөрөмж шинэчлэгдсэн, зах зээл тэлж Япон Улс руу ноос, ноолууран бүтээгдэхүүн татваргүй ордог болж байгаа гээд үр дүнгүүд гарч байна. Мөн хамгийн их ажлын байр бий болгодог салбар. Тиймээс УИХ, Засгийн газраас аж үйлдвэрийн салбарыг дэмжиж байгаа. Үүний тулд Аж үйлдвэрийн яамыг байгуулсан. Энэ яамнаас орж ирж байгаа хэд хэдэн бодлогын бичиг баримтыг наадмаас өмнө баталчихвал үйлдвэрийнхээ үндсэн тоног төхөөрөмжөө барьцаалах бус бэлтгэж байгаа ноос, ноолуураа барьцаалаад зээл авч, эргэлтийн хөрөнгө нь саатахгүй байх боломжтой” гэсэн юм. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд үйлдвэрүүдтэй танилцаж, Чингис бондын зарцуулалт болоод үйл ажиллагааг нь өөрийн биеэр явж харсан нь наадмаас өмнө үр дүнгээ өгөх бололтой. УИХ-ын гишүүдээс өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд нийт 124 хууль, бусад шийдвэрийн төсөл байгаагаас үйлдвэрлэгчдэд хэрэгтэйг нь УИХ-ын дарга З.Энхболд батлуулчихвал Чингис бонд+“ЗЭ” гэсний тэнцэтгэл дотоодын үйлдвэрлэл сэргэхэд учрах саадыг бага ч болов багасах болов уу.