Монгол Улсад шүүхийн шинэтгэл явагдаж байна. Иргэд түүний бодит явц, үр дүнг хэрхэн мэдэрч байгаагаа өөрсдийн хүсэлтээр илэрхийлдэг боллоо. Шүүх ил тод, нээлттэй болж, иргэд алсын зайнаас шүүх хуралд оролцох нөхцөл бүрдсэн нь цаг, зардал хэмнээд зогсохгүй шүүн таслах ажиллагааны шуурхай, хүртээмжит чанарт ахиц гаргаж байна. Шүүхээр үйлчлүүлсэн иргэд шүүхийн үйлчилгээний талаар ийнхүү ярьсныг хүргэе.
Б.Цолмон: Шүүхэд мэдүүлэх эрхээ эдлээрэйГурван шатны шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлж, жилийн дараа ажилдаа буцаан томилогдсон төрийн албан хаагч Б.Цолмон Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд анх ханджээ.
Миний бие Мал эмнэлэг үржлийн газрын “Лаборатор төсөл хөтөлбөр халдваргүй өвчин” албанд мэргэжилтнээр 2014 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийг хүртэл есөн жил ажилласан, төрийн жинхэнэ албан хаагч. Би ОХУ-д найман жил суралцаж, мэргэжлээрээ докторын зэрэг хамгаалсан. Миний хувьд ямар нэгэн дарга цэргийн болоод намын харьяалалгүй хүн. Гэтэл 2014 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Мал эмнэлэг үржлийн газрын дарга намайг өвчтэй байх хугацаанд хууль бус шийдвэр гаргаж, ажлаас чөлөөлсөн юм. Үүний улмаас би төрийн албаны зөвлөлд болон Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд зургаан сард нь гомдлоо гаргасан. Ингээд 2014 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр анхан шатны шүүх хуралдаанаар намайг ажлаас халсан нь үндэслэлгүйг тогтоож, ажилгүй байх хугацааны цалинг олгож, ажилд эргүүлэн тогтоохоор шийдвэр гаргасан.
Гэтэл Мал эмнэлэг үржлийн газраас Давж заалдах шатны шүүх болон Хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж, дахин шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцсэнээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Мал эмнэлэг үржлийн газрын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Улсын Дээд шүүхийн тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй гэдэг хуулийн заалтын дагуу би Мал эмнэлэг үржлийн газарт ажилдаа буцаж орох хүсэлтээ өгсөн. Ингээд би бүтэн нэг жилийн дараа буюу 2015 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр гурван шатны шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэж томилогдоод байна.
2012 онд сонгууль болсонтой холбоотойгоор ямар нэгэн намын болон хувийн ямар ч сонирхолгүй, энгийн л цалингаа авдаг, байрны зээлтэй, жирийн нэгэн төрийн албан хаагчдыг хоморголон халах, гүтгэх, гүжирдэх, асуудал үнэхээр хэрээс хэтэрч байна. Ажилдаа эргэж ороход намайг ажлаас халсан удирдах албан тушаалтан, халахад нөлөөлсөн, гүтгэсэн, доромжилсон хүмүүс бахь байдгаараа л байж байсан. Тэдэнд хариуцлага гэж баймаар л байна.
Миний хэргийг хуулийн дагуу шударгаар шийдвэрлэж өгсөн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгч М.Батзориг, шүүгчийн туслах Э.Энх-Эрдэнэ нарт маш их баярлалаа. М.Батзориг шүүгчийг би өмнө нь харж байгаагүй. Шүүх хурлаас гарч ирээд “Хэрвээ би шүүгч байсан бол инженер ч юм уу, эдийн засагч мэргэжилтэй хүмүүсийг ойлгохгүй. Янз бүрийн мэргэжлийн хүмүүс олон талын асуудлаар шүүх хуралд маргалдахад, тэр дотроос хэн үнэн ярьж байгааг олж дэнслэнэ гэдэг шүүгчдийн ур чадвар юм байна” гэж бодсон. Хэдийгээр би өмгөөлөгчтэй ч гэсэн, хэргийн оролцогч нар бүтэн хоёр цагийн турш шүүх хуралдаан дээр мэтгэлцэхэд шүүгчийн ажил мэргэжлийн амаргүйг ойлгоод, тэр дундаас үнэн худлын дэнсийг олж ялгаж байгаа шүүгчээр бахархсан. Монголын шүүх шударга ажилладаг юм байна. Шүүхийн шинэтгэл далайцтай, үр дүнтэй явагдаж байгааг жирийн иргэний хувьд мэдэрснээ бусадтай хуваалцахад таатай байгааг нуух юун. Миний нэгэн адилаар шударга бус зүйлтэй нүүр тулж, ажил амьдралаараа хохирч яваа хүмүүсийг эргэлзэлгүйгээр эрхээ хамгаалуулахаар шүүхэд мэдүүлэх эрхээ эдлээрэй гэж уриалж байна.
Д.Отгонбаатар: Цахимаар шүүх хуралд оролцож, цаг хугацааг хэмнэлээ
Говь-Алтай аймгийн иргэн Д.Отгонбаатар онлайнаар шүүх хуралд оролцож, шүүхийн шийдвэрт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
-Би хэрэг маргаанаа ярихдаа өөрийгөө нууцлахыг хүсэхгүй байна. Миний бие 2014 оны арваннэгдүгээ сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт ховор амьтан болох хоёр тооны хар сүүлт зээрийг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэргийг үйлдэж, 2015 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ял эдэлж байна. Ингээд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох зарлан дуудах хуудсыг хүлээн авлаа. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлтэй байсан бөгөөд зардал мөнгөний асуудал хамгийн ихээр санаа зовоож байсан.
Тэгээд өмгөөлөгчдөө онлайн хурал хийж болдгийг судлаад, хүсэлт тавьж өгөөч гэсний дагуу өмгөөлөгч маань давж заалдах болон Сум дундын тавдугаар шүүхийн Тамгын газарт хүсэлт гаргасан. Дээрх шүүхүүд хүсэлтийг маань хүлээн авч, алсын зайнаас шүүх хуралдаанд оролцох нөхцөл боломжоор хангасанд баяртай байна.
Миний хүсэлтийг уриалгахан хүлээн авсан боловч алсын зайнаас шүүх хуралдаанд яаж оролцох талаар сайн мэдээлэл байхгүйн дээр нүүр нүүрээ харж амьд харилцаа үүсгэхгүйгээр шүүх хуралдаан хийхэд надад ашигтайгаар шийдвэрлэгдэж чадах эсэхэд санаа зовж байснаа нуулгүй хэлье. Ингээд зарлан дуудах хуудсан дахь цаг болж, давж заалдах шатны шүүх хуралдаан алсын зайнаас буюу онлайн хэлбэрээр эхэллээ. Миний бодож байснаас огт өөр, яг л шүүх хуралдааны танхимд өөд өөдөөсөө хараад сууж байгаа юм шиг шүүгч надаас асуулт асууж, би үйлдсэн хэргийнхээ талаар дэлгэрэнгүй ярьсан. Дуу дүрс өнгөний ялгарал сайтай, ямар ч айж сандрах зүйлгүйгээр асуусан асуултад хариулж өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцлоо. Надад Сум дундын шүүх хуралдаанд оролцсоноос огт ялгаагүй сэтгэгдэл төрж, айдас эргэлзээ маань арилсан. Цахим хэлбэрээр шүүх хуралдаанд оролцоход зардал мөнгө, олон зуун км хол явах цаг хугацаа хэмнэснээрээ ашигтай байлаа.
Мөн миний хэргийг үнэн зөв шударгаар шийдсэн Давж заалдах шатны шүүхийн шүүгч нарт баярласан талархсанаа илэрхийлье. Ингэж ярьснаараа би шүүх хэргийг үнэн зөв шийддэг юм байна гэдгийг хэлэх гэсэн юм. Шүүхийн байгууллагын ажилтнууд эелдэг харилцаатай, ялтан хэрэг хийсэн хүн гэдэг байдлаар харилцаж байгаагүйд миний хувьд боловсролтой хүнээс ийм л зан чанар гардаг юм байна гэсэн хүндэтгэл эрхгүй төрсөн. Шүүхийн шинэчлэлийг төв суурин газраар л явагддаг юм байна гэж бодож байсан. Гэтэл хөдөө орон нутагт мөн онлайн хурал хийгддэг болсныг өөрийн биеэр мэдэж авлаа. Цахим хэлбэрээр шүүх хуралдаанд оролцуулах нь зардал цаг хугацаа хэмнэсэн их сайхан санаачилга болжээ. Түүнчлэн шүүхийн шийдвэрт сэтгэл ханамжтай байгаагаа хэлмээр байна.
О.Базар: Хэргийг минь шуурхай шийдвэрлэж өгсөнд талархаж байнаӨндөр настан О.Базар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлсэндээ бичгээр талархал илэрхийллээ.
-Омбо овогтой Базар миний бие хүнд өвчний улмаас хэвтэрт байдаг. Танай шүүхэд Чойжилсүрэнгийн Бат-Эрдэнэд холбогдуулж 1.710.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасанд хуваарийн дагуу М.Баясгалан шүүгчид хуваарилагдаж, хэргийг шуурхай шийдвэрлэж, өр төлбөрийг барагдуулж өгсөнд маш их талархаж байгаагаа илэрхийлье. Шүүгчийн туслах Мөнгөнцэцэгт ч мөн баярлаж байна. Миний бие хариуцагчийг 2009 оноос хойш эрэн сурвалжлуулж, маш их хүндрэл чирэгдэлтэй байсан юм. Дахин дахин талархаж байгаагаа илэрхийлье.
Ш.Отгонцэцэг