Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Пүрэвдорж: Албан тушаалаа өгч байгаад шалгуулна

“Би энэ албан тушаал дээр байхдаа гурван зүйлд маш хүнд сурталтай хандана. Нэгдүгээрт Монгол улсын хуулийн зөрчигчдөд, хоёрдугаарт Монголоо орхиж явчихаад одоо эдийн засаг гайгүй үед иргэж ирээд харьяаллаа сэргээхийг хүсэгчдэд, гуравдугаарт Монголын хүүхдүүдийг өргөж авч байгаа гадаадын иргэдэд хүнд сурталтай байна.” гээд “ Эх орноо ирж байгаа хүмүүст хатуу хандана гэдгийг тайлбарлахдаа нэлээн явуулна даа” гэж хариулж тухайн үедээ нэлээн дуулиан тариад зогсохгүй гадаадад байгаа монголчуудыг гомдоосон “хэргээр” Засгийн газраас зургаан сарын цалингийн 20 хувиар торгуулах арга хэмжээ авхуулсан  Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж хэдийгээр Монголын улс төр, төрийн албан дахь залуу үеийн нэгээхэн төлөөлөл ч нэг бус удаа хэл аманд орооцолдож, сайн муу нэрийг аль алиныг нь зүүж яваа нэгэн. Тэрээр АН-ын залуу лидерүүдийн нэг гэдгээрээ өнгөрсөн сонгуулиар Ховдод хүч үзсэн ч эсрэг намынханд ялагдсан. Гэхдээ ганзага хоосонгүй гэгчээр Шинэчлэлийн Засгийн газрын багт багтан Монголын “хил” манах нэгэн агентлагийн даргаар томилогдож ажиллаад гурав дахь жилтэйгээ золгоод буй.

“Баруун монгол интернэйшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Пүрэвдоржоос төрийн албан хаагч Б.Пүрэвдорж гэгдэж яваа энэ эрийг саяхнаас АТГ-аас шалгаж эхэлсэн тухай мэдээлэл тархаад буй. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний мөнгө авсан байж болзошгүй гэсэн мэдээллийн дагуу АТГ-ынхан шалгаж, өрөөнд нь нэгжлэг хийж, нэг бус зүйлийг нь битүүмжилсэн гэнэ. Одоогоор гадуур байцаагдаж, шалгуулж буй тэрээр өчигдөр хэвлэлийнхэнд хандаж өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгч байна гэдгээ мэдэгдлээ.

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж энэ тухайгаа” Иргэн хүн хардах эрхтэй, хардсан зүйлээ гомдол болгон хуулийн байгууллагад өгөх ч ёстой. Хуулийн байгууллага ч мэдээллийн дагуу шалгах ёстой. Албан тушаалтнууд ч шалгуулах үүрэгтэй. Намайг АТГ-аас төсвийн мөнгө төгрөгтэй холбоотойгоор албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн зүйл ангиар  эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа нь үнэн. Би төсвийн мөнгийг хэрхэн бүрдүүлдгийг сайн мэднэ.Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомт дээр ажиллаж байгаа жирийн нэг төсвийн ажилтан эмэгтэй 500 мянган төгрөгийн цалин авдаг. 500 мянган төгрөгөөсөө нийгмийн даатгалын шимтгэл, бусад татвар төлөөд гар дээр 400 гаруй мянган төгрөг авдаг. Татварын тэр л мөнгөнөөс төсөв бүрддэг.  Тэгэхээр энгийн нэгэн эмэгтэй гэр орон үр хүүхдээ тэжээж тэтгэхийн тулд бүтэн сар халуунд халж хүйтэнд хөрч байж олсон хэдэн төгрөгөөс авсан татвараас хумслах, сохор зоос өөртөө ашиглах  тийм ёс суртахуун надад байхгүй. Тийм ч учраас би өөрийгөө буруугүй гэж үзэж байгаа.

Албан тушаалтнууд өөртэй нь холбоотой хэргийг шалгах явцад хөндлөнгөөс нөлөөлөх явдал байдаг. Миний бие энэ хэргийн шалгалтын явцад ямар ч нөлөөгүй байх  үүднээс өөрийн хүсэлтээр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өнөөдөр өгч байна. Ардчилсан орнуудад асуудалд холбогдсон албан тушаалтнууд асуудлаа шалгуулдаг нэр төрөө сэргээлгэдэг, тэгээд буцаад ажилдаа ордог. Харамсалтай нь энэ үзэгдэл Монголд байдаггүй. Миний хувьд улс төрд болоод төрд цаашид зүтгэх залуу хүний хувьд улстөрийн энэ соёл ардчилсан төрийн жишгийг Монголд бий болгоё гэсэн ийм зорилготой байна. Шалгуулна, үнэн мөн нь олдоно гэдэгт итгэлтэй байна.
 Гэхдээ тэрээр улс төрд зүтгэж яваа хүмүүсээс анхлан ардчилсан орнуудын жишиг хэмээж буй нэгэн биш гэдгээ санах хэрэгтэй.

1994 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улсын нууц задруулсан хэрэгт холбогдчихоод “Намайг гэмт хэрэгт холбогдуулан шалгах болсон тул УИХ-ын гишүүний үүрэгт ажлаас чөлөөлж өгнө үү” гээд шалгуулж байсан.
 Тиймээс албан тушаалаа өгч байгаад шалгуулна гэдэг зөв л арга. Харин энэ нь гэмт хэргээс бултах арга биш байгаасай л гэж хүсье.  

0 Сэтгэгдэл
ПҮРЭВДОРЖ ГЭЖ ЭНЭ ЭРХЭМ ИЙМ ЮМ ЯРЬЖ ХЭРГЭЭ ХАЛХЛАХ ГЭВЭЛ БҮТЭХГҮЙ. ИЙМЭРХҮҮ ДАРАМТААР ЧИ АЛБАН ГАЗРЫНХАА ХЭДЭН ХҮҮХНҮҮДИЙГ ШААСАН ӨӨР ЧАМАД ХИЙСЭН ЮМ ҮГҮЙ
Хамгийн их уншсан