Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бидний мэдэхгүй “Нарантуул”

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Бид үнэнээс айдаг, зугтдаг. Амьдралын бодит үнэнээс цаг ямагт дөлж хиймэл, амтгүй, хийсвэр “үнэн”-ийг эрэлхийлж өөрийгөө хуурдаг. Харин хар бараан гэж тодорхойлсон тэр үнэнийг гэрэл зургийн сурвалжлагч Б.Рэнцэндорж элдэв гоёл чимэггүй эгэл үнэнээр нь зураглажээ.

Түүний “Нарантуул” төсөл Соросын сангийн 2013-2014 оны төв Азийн баримтат гэрэл зургийг дэмжих төсөлд шалгарч улмаар “Magnum photo”, “Noor” зэрэг нэр хүнд бүхий агентлагтай хоёр жил хамтран ажилласны дүнд үзэсгэлэнгээ үзэгчдийн хүртээл болголоо.

2012 оноос хойш “Нарантуул” олон улсын худалдааны төвийн худалдаачдын дунд ажиллаж тэдний өдөр тутмын амьдрал хэрхэн өрнөдөг, ямар нөхцөлд ажиллаж амьдардаг, 10 мянга гаруй хүн хоногийн хоолоо залгуулах гэж хэрхэн тэмцэж буйг харуулахыг зорьжээ. Гур­ван жилийн нөр их хөдөл­мөрөө 40 зургаар үзүүлж, өгүүлнэ гэдэг амар ажил биш. Гэвч гэ­рэл зургийн үнэ цэнэ үүнд л орш­­­­­­дог аж. Мянга мянган кад­раас үнэнийг өгүүлж чадах цөөн хэдийг нь шилж сонгон түү­­гээрээ урт удаан хугацааны хөдөл­мөрөө үнэлүүлнэ гэдэг бэрх.

Б.Рэнцэндорж 2000 онд Үйлд­­­вэрлэл урлалын дээд сур­гуу­лийг Гэрэл зурагчин мэргэж­лээр дүүргэж улмаар 2000-2008 онд “Үнэн” сонины гэрэл зургийн сурвалжлагчаар ажил­­лаж байгаад “Гамма” агент­­­­­лагт одоог хүртэл ажиллаж бай­на. Бидний мэддэг мэт бо­ловч мэддэггүй “Нарантуул”-ын тухай болоод баримтат гэ­рэл зургийн тухай ярилцсанаа хүргэе.

Б.Рэнцэндорж: Бид санаа, сэдэв оллоо ч түүхий чигээр нь орхидог

-Таныг 2012 оноос хойш “Нарантуул” төсөл дээр ажилласныг мэдэх юм байна?
-Тийм ээ. 2012 онд Соросын сангийн баримтат гэрэл зургийг дэмжих төсөлд шалгарч улмаар сангаас надад зөвлөх багш нар гаргаж өгсөн юм. “Магнум”-ын зурагчин Томас Дворжак тэргүүтэй хэд хэдэн хүн байсан. Зөвлөхүүдтэйгээ 2013 оны сүүлчээр Туркийн Станбул хотноо воркшоп хийж, зургаа ялгах тухай зөвлөлдсөн. Зөвлөлдөж ирээд “Нарантуул” зах дээр зургаан сар ажиллаж таван хүнийг онцолсон. Малгай, гутал зардаг, шкаф хийдэг, индүү худалдаалдаг гэхчлэн зургаан хүнийг гол баатраараа сонгосон. Улмаар ажлаа дуусгаад Гүржийн Тбились хотод хамгийн сүүлийн зураг сонголтоо хийж өнөөдөр үзэгчдэд хүрээд буй 40 зургийг шилж сонгосон доо.

-Энэ урт хугацаанд “Нарантуул” зах дээр ажилласан болохоор хэдэн мянгаар тоологдох кадр дарсан байх. Гэвч эцсийн дүнд цөөн хэдийг нь л сонгоно. Зурагчин хүнд зураг авахтай дүйх хүнд ажил энэ байдаг шүү дээ?
-Тийм, хамгийн эцсийн байдлаар миний хувьд өөрөө 600 зураг үлдээсэн байлаа. 600 гэдэг тооны хувьд нэг байтугай нэлээн хэдэн үзэсгэлэн гаргаж болох тоо. Гэвч хүссэн хүсээгүй цөөлөх ёстой. Тэгээд л багш нартайгаа хамтраад ес хоног сууж 600 зургаасаа хасалт, редактор хийгээд эцэст нь энэ 40 зураг л үлдсэн.

-Таны үзэсгэлэн их олон зүйлээр онцлогтой болж байна. Нэгдүгээрт нэг сэдэв, обьекттой маш удаан хугацаанд ажилласан. Хоёрдугаарт, үзэсгэлэнд орсон бүтээлүүд дотор цуврал зураг цөөнгүй бий. Жишээ нь, малгай зардаг залуутай цуврал үзэгчдийг их татаж байх шиг. Тэр залуутай хэр удаан ажилласан бол?
-Зургаан сар ажилласан. Энэ залуугийн тухайд “Нарантуул” захын худалдаачин бараагаа хэрхэн татаж авчирдгийг харуулахыг зорьсон. Зургаа авахаар хамт Эрээн орж цааш Бээжин хүртэл явсан. Энэ хугацаанд хамт идэж ууж, барааг нь авалцаж, хамт буудалд хонож явсан. Ер нь, зургаан сар хамт байсан гэж болно доо.

-Соёлын гавьяат зүтгэлтэн, гэрэл зурагчин С.Цацралт “Энэ бол зарагдахгүй зурагнууд. Харин хожим түүх болон үлдэх нь дамжиггүй” гэж хэлсэн. Гурван жил явж зураг авахад хэчнээн хөрөнгө мөнгө шаардагдсан нь уншигчдад сонин байх болов уу?
-Ер нь бол Соросын сангаас тэтгэлэг олгосон нь 3500 ам.доллар байсан. Энэ мөнгөө л зарцуулсан. Цаад талаас ч баримтат гэрэл зургийг дэлхий нийтэд хөгжүүлэх, таниулахад ихээхэн анхаарч ажиллаж байгаа. Тиймдээ ч төсөл хэрэгжүүлж тодорхой хэмжээнд санхүүжүүлж байгаа хэрэг. Мэдээж хэдий хэр явна тэр хэрээрээ л хөрөнгө мөнгө шаардагдана.

-Үзэсгэлэн үзэж сонирхож буй хоёр, гурван ч хүнээс сэтгэгдэл сонслоо. “Нарантуул” захыг тойрсон асар олон сэдвээс заримыг нь орхигдуулсан байна гэхчлэн хар бараан талын юм их сонирхож байх шиг?
-Яахав хэт хар бараан, хүнд зүйлсийг нь албаар оруулаагүй юм. Би “Нарантуул”-ыг, наймаачдын эгэл жирийн, өдөр тутмын амьдралыг харуулах гэж зорьсон. Өдөр тутам жирийн худалдаачид хахир хүйтэнд хэрхэн ажиллаж амьдарч байгааг л харуулах гэсэн хэрэг. Сэдвээсээ халиад хаа хамаагүй юм оруулчихвал булаацалдаад байх юм шиг санагдсан. Түүнээс аваагүй биш авсан. “Нарантуул”-ын эргэн тойрны бүх сайн муу, хар цагааныг авсан. Зурагтаа редактор хийхдээ бид ярилцсан л даа. Нөгөө хэт хар бараан зүйлсийг оруулах уу үгүй юу гэж. Ярилцсаны эцэст үндсэн сэдвээ хөндөхгүй гэж шийдсэн юм.

-Би сонссон юм л даа. Таныг захаар зураг аваад явахтай зэрэг “Өө наадах чинь Хятадын тагнуул байна” гэх зэргээр элдвээр ярьж, нэрлэж байсан гэсэн?
-Ер нь захаар зураг аваад явна гэдэг үнэхээр хэцүү. Худалдагчид ч бай худалдан авагчид ч бай их дургүй. Хятадын тагнуул байтугайгаар нь дуудна, нэрлэнэ. Урагшаа явахад вагонд ороод зураг авч байхад хүмүүс загнана. “Юун зураг аваад байгаа юм, буу чи, цонхоор шидчихнэ шүү” гэх мэтээр халгаахгүй. “Яв чи, Монголын гоё сайхныг авч сурталчлаач. Хүний мууг үзэх гэлээ” гээд зөндөө л хараалгаж, загнуулж байсан. Гэхдээ хүнд загнуулах бол юу ч биш, хүссэндээ хүрэх нь чухал шүү дээ.

-Тийм нөхцөл байдал үүссэн үед тэдгээр хүний дунд нэг нь болж орох ёстой. Энэ овсгоо самбаа зурагчин хүнд их чухал биз?
-Тэгэлгүй яахав. Оготны нүхээр орж гарч чаддаг байх ёстой. Богино хугацаанд аав, ах, дүү, үр хүүхэд шиг нь сэтгэгдэл төрүүлж, итгэлийг нь бага ч болов олох нь чухал. Аль болох зураг авахынхаа өмнө, сүржин камер хэрэгсэл гаргахаасаа өмнө уулзаж ярилцаж, учир начираа тайлбарлах хэрэгтэй. Энэ талын зөвлөгөөнүүдийг манай зөвлөхүүд өгч байсан л даа. Тэд энд тэндгүй явж зураг авч байсан арвин туршлагатай хүмүүс шүү дээ.

-Таны хувьд “Магнум”-ын мэргэжилтнүүд мөн “Ротерс” гэх мэт гадны том агентлагт давхар ажиллаж байна. Тэдгээр эксперт, мэргэжилтнүүдтэй ажиллахад онцлог нь юу байх юм?
-Монголчууд сайхан санаа, сэдэв оллоо ч түүхий чигээр нь дутуу орхидог. Харин тэд санаагаа хөгжүүлж, ажил хэрэг болгож чаддаг. Энэ тал дээр бидний гол ялгаа бий.

“Нарантуул” захын худалдаачин
Т.Түмэн-Учралын ажил амьдралыг
харуулсан цуврал.










0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан