Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их хэмжээний хуурамч архи хил нэвтрүүлэхийг завджээ

Монгол Улс болон ОХУ-ын иргэд  энэ оны нэгдүгээр сараас эхлэн харилцан визгүй зорчиж байгаа. Үүнээс хойш хилээр нэвтрэх иргэдийн урсгал эрс нэмэгдсэн. Улмаар ОХУ руу гарч буй манай улсын иргэд буцаж орж ирэхдээ зөвшөөрөгдөөгүй, их хэмжээний архи, согтууруулах ундаа хүнсний бүтээгдэхүүн хууль бусаар оруулж ирэх нь ихэсжээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын харьяа Алтанбулаг дахь хилийн мэргэжлийн хяналтын газраас хууль бусаар оруулж ирсэн хүнсний бүтээгдэхүүнээ иргэд Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ зэрэг аймагт гар дээрээс худалдаалж байгаа аж. Энэ нь Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг ноцтойгоор зөрчиж, иргэдийн эрүүл мэндэд заналхийлэх болсон талаар сэрэмжлүүлж байна.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Хилийн мэргэжлийн хяналтын газраас энэ оны нэгдүгээр улиралд гэхэд хатаасан жимс 227 кг, гурилан бүтээгдэхүүн 30 кг, лабораторын урвалд орчихсон хүнсний бүтээгдэхүүн 16 ширхэг, хатаасан ургамал 200 грамм, Үхрийн мах дөр­вөн кг,  Гродзё вино гурван литр, Белая берёзка архи /0.5 литр/ 46 ширхэг, Абрикос вино хоёр литр, Сайра загас 432 ширхэг  нийт нэг сая 915 мянган төгрөгийн хүнс­ний бүтээгдэхүүнийг хураан авч устгалд оруулсан байна. Эдгээр нь хүний эрүүл мэндэд хор хохирол учруулах эрсдэлтэй. Хүнсний чанарын баталгаа хангаагүй байжээ.

Дээр дурдсанчлан гурил, гурилан бүтээгдэхүүн, хатаа­сан жимснээс гадна хуурамч архи, согтууруулах ундааг монголчууд их хэмжээгээр хил нэвтрүүлэхийг завдсан цөөнгүй тохиолдол бүртгэгд­сэн гэлээ. Тухайлбал, өнгөр­сөн гуравдугаар сард их хэмжээний архи, согтууруулах ундааг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлсэн байна. Орхон аймгийн харьяат иргэн Д.Бай­гальмаа, Сэлэнгэ айм­гийн харьяат иргэн Ц.Цэ­рэндулам, Т.Гансүх, Н.Байгальмаа нар тусгай зөвшөөрөлгүй, экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон бичиг баримтгүй их хэмжээний архи, вино, шар айраг оруулах гэж байсныг нь хураан авчээ.

Иймээс Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Алтанбулаг хилийн боомтоор зорчиж буй иргэдэд зөвлөмж хүргүүллээ. Иргэн хувь хүн хүнсний бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор импортлохгүй байх. Хувийн хэрэглээндээ худалдан авах бараа, бүтээгдэхүүнийхээ хадгалах нөхцөл, хадгалалтын хугацааг сайтар хянаж, хугацаа дууссан бүтээгдэхүүн авахгүй байх. Хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхааруулав. Хэрвээ дээрх шаардлагуудыг хангаагүй хүнсний бүтээгдэхүүн хилээр импортлохыг завдвал бараа бүтээгдэхүүнийг хураан авч улсын орлого болгоод зогсохгүй шаардлагатай тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 45-50 дахин нэмэгдүүлсэн мөнгөн торгууль ногдуулах гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан