Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аюулт вирус ээлж дараалан хаалга тогшсоор...


Сүүлийн хэдэн жил мартагдан, бараг устсан өвчний тоонд орж байсан улаанбурханы энэ удаагийн дэгдэлтийн цар хэмжээ багасахгүй байсаар гурван сарын хугацаа өнгөрлөө.  Одоогийн байдлаар энэ өвчнөөр бага насны нэг хүүхэд нас барсан гэх мэдээллийн талаар холбогдох албаныхан “Хүүхэд нас барсан нь үнэн. Гэхдээ энэ өвчнөөр үү, эсвэл өөр шалтгаанаар уу гэдгийг тогтоосон  эмнэлгийн дүгнэлт  одоогоор гараагүй” гэсэн хариулт өгсөн. Уг нь манай улс 2009 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Зүүн хойд Ази, номхон далайн бүсээс тус өвчнийг тууштай бууруулсан орон гэсэн батламж авч байжээ. Аливаа өвчин “хэлж ирдэггүй, хийсч ирдэг” гэгчээр  өнгөрсөн гуравдугаар сард урд хөршөөс зөөвөрлөгдөн орж  ирсэн улаанбурханы тархалт гамшгийн хэмжээнд хүрээд байгаа нь Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хийсэн сурвалжлагын явцад ажиглагдсан. Өнөөдөр (өчигдөр) үдээс өмнө 11 цагийн үед тус төв дээр очиход зургаан тусдаа өрөөнд зургаан эмч үзлэг хийж байлаа. Эмч болгоны үүдэнд 7-8 өвчтөн дугаарлан зогсчээ. Дийлэнх нь бага болон өсвөр насны хүүхдүүд. Хүмүүсийн ярианаас сонсоход биеийн халуун нэмэгдэн арьсан дээр нь тууралт гарвал улаанбурхан байх магадлал их гэнэ. Халуурсан даруйдаа Халдвартад үзүүлэхээр ирсэн аминдаа “хайртай” хүн хоёрын зэрэг байв. Гуч гаран насны ээж, арван жилийн дунд сургуулийн 9-10 дугаар анги бололтой эрэгтэй хүүхдээ үзүүлэхээр дараалал хүлээн зогсоно. Маск зүүсэн намайг хараад инээдээ барьж ядан “Та бас өвдөө юү” гэж асуухад “Өвдөөгүй өөр ажлаар явж байна” гэвэл “Өвдсөн л байгаа биз. Юундаа нуусан юм. Манай хүүгийн ангийнхан бүгдээрээ туссан” гэв. Хүүхний хэлснээр нэгдүгээр хорооллын ойролцоох хэдэн сургуулийн хүүхдүүдийн ихэнх нь өвчилсөн гэнэ. Эмчилгээ нь гайгүй, үзэмний шүүс уугаад байхад  эдгэрдэг гэх зэргээр хажууд зогсох хүмүүст туршлага хуваалцаж байв. Улаанбурханы дэгдэлтээс болж тус төвийн ачаалал эрс нэмэгджээ. Ингээд бүх эмчээ халдварын чиглэлээр дамжаанд хамруулан, энэ өвчний эсрэг дайчилсан гэнэ. Үзлэг хийж байсан ДОХ тандалт судалгааны албаны их эмч Н.Түвшинжаргалаас улаанбурхан өвчний өвчлөл, эмчилгээний явцын талаар асуухад “ Ачаалал багассан эсэхийг хэлэхэд хэцүү юм. Өнөөдөр бага байхад, маргааш нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Өнгөрсөн долоо хоногт, өдөртөө 600-700 хүн үздэг байсан бол энэ долоо хоногт 450-500 хүн болж буурсан. Хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөний  тоо буураагүй. Өнөөдрийн байдлаар 620 өвчтөн эмчлүүлж байна. Нэг сартайгаас 40 хүртэлх насныхан байгаа” гэлээ. Мөн тэрээр “Улаанбурханы шинж тэмдэг ханиад томуутай адил. Салхинцэцэг өвчний тууралт цэврүүтэй, улаанбурханых цэврүүгүй. Бага насны хүүхдэд  хүндрэл нь илүү тохиолдож байна. Улаанбурхан вирусээр үүсгэгддэг өвчин учраас вирусийн эсрэг дархлаа дэмждэг лаа хэлбэрийн болон эмийн эмчилгээ хийдэг. Ханиад томууны шинж тэмдэг илэрвэл, хүйтэн юм ууж болохгүй, халуурч, тууралт гарвал тус төвийг зорих хэрэгтэй. Өөр шалтгааны улмаас халуураад (хоолой, бөөр өвдөхөд халуурна) зөв онош тогтоож чадалгүй тус төв дээр ирвэл халдвар авч болзошгүй” гэлээ.
“Дайны хажуугаар дажин” гэгчээр улаанбурхан өвчний дэгдэлтийн эсрэг мунгинаж байх зуур илүү аюултай, үхлийн эрсдэл өндөр корона вирус хаалга тогших болов.   
Үүний эсрэг өнгөрсөн тавдугаар сард Эрүүл мэнд, спортын яаманд холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран корона вирус Монголд орж ирэх нөхцөлийн талаар эрсдлийн үнэлгээ хийжээ. Орж ирэх магадлал нь дунд болон түүнээс дээш байна гэсэн дүгнэлт гарсан байна. Уг вирусийн илрэх гол шинж тэмдэг нь ханиалгах, халуурах, улмаар хоолой өвдөж суулгана. Дараа нь, уушигны хүнд хэлбэрийн хатгаа болох ба эсвэл бөөрөнд хүндрэл өгвөл бөөрний дутагдалд оруулна. Мөн зүрх судасны дутагдалд хүргэх замаар хүний  чухал эрхтнүүдийг өвчлүүлж нас барахад хүргэдэг байна.
2012 оноос Арабын орнуудад  бүртгэгдсэнээс хойш, өнөөдрийн байдлаар 1200 орчим хүн өвчилж, 40 гаруй хувь нь нас барсан байна. Мөн манай урд хөршид энэ вирусийн тохиолдол ч бүртгэгджээ. Улмаар уг вирус нь БНСУ-д эрчимтэй тархан, 108 тохиолдол бүртгэгдэж, есөн хүн нас баржээ. Эдийн засгийн боломж болон, эрүүл мэндийн салбарын хүчин чадлаар манай улстай зүйрлэшгүй “Азийн бар” гэгдэх Өмнөд Солонгос улс уг вирусийн эсрэг хүчин мөхөсдөж, иргэдийнхээ амь насыг хамгаалж чадахгүй  байхад, манай улсад зөөвөрлөгдөн орж ирвэл ямар аюул тарихыг хэн ч урьдчилан хэлж чадахгүй. Гэтэл манай ажил хариуцсан түшмэдүүд орж ирэх эрсдлийн түвшинг дунд болон дундаас дээш гэж тогтоосон хэмээн яриад сууж байх юм. Энэ вирус зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдолд Халдвар судлалын үндэсний төв хэрхэн ажиллах талаар тус төвийн хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Уртнасан “Шинэ сэргэж байгаа халдварт өвчин зөөвөрлөгдөн орж ирэх эрсдлийн талаар гурван жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Эбола вирус гээд. Бэлэн байдлын зэрэг гэж улсын хэмжээнд байдаг. Өнөөдөр БНСУ-д дэгдээд буй Корона вирусийн эсрэг гурван чиглэлээр тэмцэхээр болсон. Нэгд, зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл байна. Хоёрт, орж ирсэн тохиолдолд бэлэн байдлаа хангаж хариу арга хэмжээ авах, гуравдугаарт, хүмүүст сэрэмжлүүлэг өгөх гэсэн ажлын чиглэл гаргасан. Тэгээд энэ гурван чиглэлийн хүрээнд 30-аад төрлийн арга хэмжээ авч ажиллахаар болсон. Халдварын гаралт ихтэй байгаа улс орон руу алба, амины зорилгоор зорчихоо багасгаач гэж иргэддээ зөвлөж байна. Ялангуяа БНСУ руу зорчихоо хойшлуулах хэрэгтэй” гэв.  Мөн тэрээр энэ вирус Монгол Улсад орж ирсэн тохиолдолд хэрхэн ажиллах талаар “Энэ вирусийн нууц үеийн хугацаа нь дунджаар 12 хоног байдаг. Тиймээс нууц үедээ ороод ирэх эрсдэл өндөр байна. Эхний хяналтыг хил дээр хийж, тусгай боловсруулсан асуултаар судалгаа аван, халууныг хэмжинэ. Тэгээд зөвлөмж өгнө. Гадаадаас ирсэн хүмүүс зөвлөмжийн дагуу гэртээ хариад өөрийгөө хянах юм. Манай төв дээр шинэ сэргэж байгаа халдварт өвчний 50 ортой тасаг гэж байдаг. Улаанбурхан өвчний үед энэ тасгаа дайчлан ажиллуулж байна. Корона вирусийн халдвар гарснаар тус тасгийн дөрвөн өрөөг тусгаарлан бэлэн болгосон. Шаардлагатай тоног төхөөрөмж, ялангуяа амьсгалын аппаратуудыг боломжийн хэмжээнд бэлдлээ. Корона вирусийн халдварын эмнэлзүйн менежментийн чиглэлээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шугамаар нэг  эмчийг гадаадад сургаж бэлдсэн. Энэ эмч сургалтаас ирэн, бусад эмч нарт хэрхэн ажиллах талаар хичээл орсон. Холбогдох эмээ ч боломжийн хэмжээнд бэлдсэн” гэв.
Монгол хүн амны бэлгээр гэдэг. Түүгээр явсан гайг үүгээр дуудах гэсэнгүй. Аюулт вирус зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдолд хариу арга хэмжээ авахаар холбогдох газрууд бэлэн байдалд бэлтгэж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан