Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд шинэ тоног төхөөрөмжтэй боллоо

Япон Монголын Засгийн газар хооронд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах, тэдэнд зориулсан тоног төхөөрөмж нийлүүлэхээр өнгөрсөн оны нэгдүгээр сард гэрээ хэлэлцээр байгуулсан билээ. Үүний дагуу өчигдөр “Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв”-д Монгол Улсад үзүүлж буй Японы жижиг дунд үйлдвэрийг дэмжих төслийн бус буцалтгүй тусламжаар 300 сая иенийн хөрөнгө оруулалт хийлээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засалт, эмчилгээ үйлчилгээ, оношлогоо, харилцаа мэдээллийн хэрэгсэлд зориулагдсан 22 нэр төрлийн 223 ширхэг тоног төхөөрөмж болон туслах хэрэгслийг манай улсад хандивласан юм.
Өмнө нь үе мөчний өвчтэй иргэдийг эмчилгээнд оруулахдаа эмч нар гар аргаар ажилладаг төхөөрөмж хэрэглэдэг байсан бол одооноос эхэлж бүрэн автоматжсан төхөөрөмж хэрэглэхээр болж байгааг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ дуулгав. Тусламжаар ирсэн төхөөрөмжүүд  дунд хараагүй иргэдэд зориулсан товгор үсгээр хэвлэх принтер, “Хонда” компанийн өнгөт эхо аппарат, бүх төрлийн шарлага хийх “УВЧ” аппарат, өвдөгний үеийг нугалах, тэнийлгэх хөдөлгөөн хийхэд зориулагдсан тоног төхөөрөмж зэрэг багтаж байна.  
Тусламжаар ирсэн 22 төрлийн 223 ширхэг тоног төхөөрөмжийг Ахмадын асрамж хөгжлийн төв, Баянгол эрүүл мэндийн төв, Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургууль, Архангай аймгийн хөгжлийн төв, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын номын сан, Хараагүйчүүдийн үндэсний төв зэрэг байгууллагад хуваарилан өгсөн юм. Ингэснээр нэг байгууллагад 20 нэр төрлийн 26 төхөөрөмж ногдож байгаа аж.
“Тус төхөөрөмжийг хандивласнаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эгэл жирийн иргэдийн нэгэн адил хөдөлмөрлөх, нийгмийн харилцаанд тэгш оролцоосой гэж хүсч байна. Бид цаашдаа та бүхэнд тусласнаар байх болно” гэж Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Такэнори Шимизү хэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан