Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Ахмадын орон сууц”-нд хэн хэнийг оруулахаа харьяа дүүрэг нь хариуцна


Орон сууц гэдэг амьдралын гол хэрэгцээ. Гэтэл өнөөгийн нөхцөлд хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж амьдралаа чадан ядан залгуулж байгаа иргэдийн хувьд орон сууцтай болно гэдэг биелэшгүй мөрөөдөл мэт. Иймээс Засгийн газар ялангуяа нийслэлийн удирдлагуудын зүгээс иргэдээ орон сууцжуулахаар төрөл бүрийн арга хэмжээ авч эхэлсэн. Үүний нэг нь, “Ахмадын орон сууц” хөтөлбөр юм. Уг хөтөлбөрт ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй болон байгалийн давагдашгүй хүчин зүйлд орон гэрээ алдсан нийгмийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай иргэдийг хамруулж буй. Гэсэн ч ар өврийн хаалгаар нийслэлд танилтай нэг нь уг хөтөлбөрт хамрагдаж багахан хэмжээний түрээсийн төлбөр төлж биеийн амрыг харан амьдарч байна. Мөн ахмадуудынхаа нэр дээр түрээсийн орон сууц авсан ч залуучууд нь амьдарч байна гэсэн таагүй мэдээлэл хөвөрсөөр байсан. Харин энэ талаар нийслэлийн удирдлагууд мэдээлэл өгсөн юм. Одоогоор нийслэлийн Засаг даргын захирамжаар хөтөлбөрт хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах журам баталж, “Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах комисс журмын дагуу шаардлага хангасан иргэдийн асуудлыг нэг бүрчлэн хэлэлцэн эхний ээлжинд нийт 300 иргэдийг түрээсийн орон сууцанд оруулаад байгаа аж.  “Орон сууц хөлслөх эрхийн бичиг” гардан авсан эдгээр иргэн “Ахмадын хотхон-1” ОНӨААТҮГ-ын захиргаатай гэрээ байгуулан нүүж орсон. Энэхүү сонгон шалгаруулалтаар эхний ээлжинд 1995-2012 оны хооронд өргөдлөө ирүүлсэн иргэдийг хамруулах бодлого баримталж ажиллажээ.

Одоогоор “Ахмадын хотхон-1” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаа хэвийн явж байгаа бөгөөд байрны асуудалтай холбоотой гомдол, хүсэлтийг шуурхай барагдуулан ажилладаг гэдгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Ахмадуудын гэх уг байрны жижиг өрөө нь 25,8  ам.метр, том өрөө нь 37,3 ам.метр хэмжээтэй гэсэн. Нэг ам.метр талбайн түрээсийн төлбөр 3000 төгрөг юм. Энэхүү байрыг ахмадууд сард 77.4-111.9 мянган төгрөгөөр түрээслэн ашиглалтын зардлаа нэмж төлж байгаа.

Сүхбаатар дүүргийн долдугаар хороололд баригдаж буй “Ахмадын орон сууц” хөтөлбөрийн хоёрдугаар ээлжийн 396 айлын орон сууц 2015 оны гуравдугаар улирлын сүүлчээр эхний ээлжийн 132 айлын орон сууц ашиглалтанд орно.

Энэ оны тавдугаар сараас эхлэн “Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн өргөдлийг нийслэлийн ЗДТГ-ын Иргэд хүлээн авах төвөөр уламжлан авч эхэлсэн бөгөөд нийт 4694 иргэний өргөдлийг шинээр хүлээн аваад байгаа гэнэ. Өмнө нь  “Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй  иргэдийн материалыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүлээн авч байсан гэнэ. Анх Ахмадын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 4000 орчим иргэдийг түрээсийн орон сууцаар хангахаар төлөвлөжээ. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын мэдээлснээр Улаанбаатарт 40 мянга орчим өрх түрээсийн орон сууцанд амьдардаг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан