Л.НОМИН
УИХ-ын дарга З.Энхболдод УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өчигдөр хоёр ч хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив. Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд тус тус нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаж чиг үүргийг нь Авлигатай тэмцэх газарт харьяалуулсныг эргүүлэн сэргээх асуудлыг тусгасан байна. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан прокурорын хяналт хэрэгжих нөхцөл бүрдэж, цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны хяналт ашиг сонирхлын зөрчилгүй, холбогдох хуульд заасны дагуу хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, АТГ-т хэт төвлөрсөн эрх мэдлийг сааруулж, хуулийн байгууллагуудын чиг үүргийг хамаарах газруудад нь хуваарилан өгнө гэсэн үг. Хуулийн салбарын шинэчлэлийн хүрээнд 2014 оны нэгдүгээр сард Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаж, АТГ, Цагдаагийн байгууллагад харьяалах хэргүүдийг шилжүүлсэн. Үүнээс хойш АТГ-т мөрдөн шалгах ажиллагаа хэт улстөржсөн шинж чанартай болоод буйг хэлж, ярьж, бичсээр байгаа. Энэ талаар УИХ-ын чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүд нэг бус удаа байр сууриа илэрхийлж, хэтэрхий улстөржиж хандаж, хуучны цагийн НАХЯам шиг байгууллага болж буйг анхааруулж байсан.
Харин холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж АТГ-аас уг бүтцийн Улсын ерөнхий прокурор руу шилжүүлэхээр хуулийн төсөл санаачилсан Н.Алтанхуяг руу чиглэсэн үйл явдал өрнөх болжээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн нэр дээр бүртгэлтэй байдаг “Фокус” гэдэг албан байр руу хуулийн байгууллагынхан хүчээр дайран орж, нэгжлэг хийсэн юм. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл ч болж магадгүй нь.
Учир нь, УИХ-ын тухай хуулийн зургадугаар бүлгийн 37.7-д гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно хэмээн заасан. Ерөнхий сайдаар ажиллаж байгаад тэрээр өнгөрсөн намар ажлаа өгсөн ч хуулийн дагуу төрийн тусгай хамгаалалтад байгаа. Мөн УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхэнд халдсан байж болох дээрх үйлдэл АТГ-ын хэт төвлөрсөн эрх мэдлийг задлах гэсэн хуулийн төсөлтэй холбогдож болзошгүй байдал үүсэв. Яагаад гэвэл өнгөрсөн сарын 8-нд хуулийн төсөл санаачлаад Засгийн газар, АТГ, Улсын ерөнхий прокурорын газраас санал авахаар хүргүүлжээ. Төслийг АТГ-аас дэмжих боломжгүй гэдгээ мэдэгдсэн аж. Харин Засгийн газраас өгсөн санал дэмжих, эс дэмжих нь тодорхойгүй бүрхэгдүү хариу өгчээ. Хуульд зааснаар санаачилсан хуулийн төсөлдөө холбогдох байгууллагаас санал авахдаа дэмжсэн, дэмжээгүйг үл харгалзан УИХ-д өргөн барьдаг. Тэр дагуу нь өчигдөр хуулийн төслөө өргөн барьсан нь энэ юм байна. УИХ-ын гишүүд АТГ-ын зарим үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, тухайн хүнийг шалгаж байгаа мөртлөө гэмтэй мэтээр ойлгуулдаг зэргийг буруутгадаг учир парламентын түвшинд хэлэлцэхдээ олонхийн дэмжлэгийг авч магадгүй байдалтай байна. Дэмжлэг авч хуулиудад өөрчлөлт оруулбал Прокурорын мөрдөн шалгах алба эргэн сэргэж, АТГ-ын үйл ажиллагаа ч харьцангуй хумигдаж ирнэ. Өөрөөр хэлбэл, улстөржсөн үйл ажиллагаа явуулах нь багасах магадлалтай.
Г.Дэнзэнгийн хэрэгт холбогдуулан АТГ-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг шалгах тухай мэдээлэл ч дуулдсан. Мөн түүнийг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороонд хандсан гэх мэдээлэл мөн гараад байгаа. Үүнээс болж УИХ-ын дарга З.Энхболдод Н.Алтанхуяг гишүүн хандсан талаар ч зарим эх сурвалж дурдав. Гэхдээ одоогоор Н.Алтанхуяг гишүүн албан ёсоор хариулт өгөөгүй байгаа юм.