Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өөрөө ирээд татвараа төлбөл, жолоочийг торгохгүй

Жил бүрийн зургадугаар сарын 1-нд автотээврийн албан татвар төлөх хуулийн хугацаа дуусгавар болдог.  Энэ жилийн хувьд авто машины улсын дугаарын сүүлийн  тооноос хамаарч татварыг сар сард  хурааж эхэлсэн.
Татвар хураалтыг хоёрдугаар сараас эхлүүлж автомашины татвараа эрт хураах юм бол энэ жилийн нийслэлийн зам барилгын ажил төдий чинээ эрт дуусна хэмээн нийслэлээс дээрх шийдвэрийг гаргаж байсан. Гэсэн ч зургадугаар сарын 2-ны  байдлаар 15 тэрбум 685 сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлж, төлөвлөгөөг 103.7 хувиар биелүүлсэн гэсэн мэдээг нийслэлийн Татварын газраас өгч байсан юм. Нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 31 хүртэл өссөн дүнгээр нийслэлийн хэмжээнд 15 тэрбум 124 сая төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажилласан байна. Уг нь 2015 онд замын санд 22 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой хэмээн мэдээлж байсан.

Иймээс татвараа төлөөгүй жолооч нарт зориулан хугацааг сунган харьяа дүүргийн татварын алба болон “Дүнжингарав” худалдааны төвд нэг цэгийн үйлчилгээ ажиллуулж эхэлсэн байна. Энэ талаар сурвалжлахаар “Дүнжингарав” худалдааны төвийг зорилоо. Өдрийн 11:00 цагийн орчим тус худалдааны төвд очиход гаднах авто зогсоолд машин дүүрэн харагдлаа. Худалдааны төвийн төв хаалгаар оронгуут хамгийн хойд хэсэгт татварын нэг цэгийн үйлчилгээ ажиллаж байгаа талаар мэдээлэл авлаа. Энд Улаанбаатар хотын банк болон нийслэлийн Татварын газар, дүүргүүдийн татварын хэлтсээс татварын байцаагч ирж жолооч нарт хэрэгтэй мэдээллийг нь өгч байв.
Улаанбаатар хотын банкнаас дөрвөн ажилтан  иргэдэд үйлчилж байв. Жолооч нар эхлээд авто машины албан татвар болон  автозам ашигласны, агаарын бохирдлын төлбөрөө тус банкинд тушааж, дараа нь харьяа дүүргийнхээ татварын албанд очиж татвараа төлсөн гэсэн тэмдэглэгээг хийлгэж байв. Нэг л банк иргэдэд үйлчилж байгаа болоод ч тэр үү ачаалал ихтэй. Иргэд ч цайны цагтай уралдан татвараа төлөх гэж бужигналдав. Банкны хоёр ажилтан “Эртхэн дугаараа таслаад цайндаа оръё. Өчигдөр /уржигдар/ цайндаа орох ч завгүй байсан. Үдээс хойш болоод ирэхээр ачаалал бүр нэмэгдчих юм” хэмээн ярилцана. Дээрх хоёр ажилтны яриаг сонссон жолооч нар ч “За бушуухан татвараа төлчихье. Цайны цаг гээд 13:00 цагаас наашгүй юм болох нь” хэмээн хоорондоо сэм ярилцана. Татвараа тушаах гэсэн болон татвар авах гэсэн банкны ажилчдын хооронд багахан маргаан үүсэв. Энэ үеэр банкны ахлах теллер бололтой залуу гарч ирээд “Энэ хүмүүсийнхээ татварыг хураагаад дуусга” гэхэд жолооч нар жаахан ч гэсэн тайвшрав. Татвараа хуулийн хугацаандаа төлж амжаагүй жолооч нарын хувьд татвар төлөхөд торгуульгүй байгаад нь магнай тэнийж байсан. Учир нь, зургадугаар сарын 1-ний дотор авто машины албан татвараа төлөөгүй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Бичиг баримтыг нь хураана. 5-20 мянган төгрөгөөр торгоно хэмээн мэдээлж байсан. Харин  мар­гаашаас  эхлэн торгууль ногдуулна  гэсэн хэмээв.

Энэ үеэр өөрийгөө Л.Бадам­сүрэн хэмээн танилцуулсан эмэгтэй “Би уг нь татвараа зургадугаар сарын 1-ндээ багтаагаад төлчихдөг юм. Энэ жил хөдөө ажилласаар байгаад татвараа төлж амжсангүй. Дээр нь цалин маань хэдэн сараар хойшилсоор баярын өмнө буусан. Ганцхан манай компани ч биш. Ер нь, гадуур ихэнх  аж ахуйн нэгжүүд иймэрхүү л байдалтай байгаа гэсэн. Хоёр гурван найзын маань цалин бас Хүүхдийн баярын өмнө буусан. Өнөөдөр хүмүүс татвараа төлөх гэж ингэж оочер дугаар үүсгэж байгаа нь ч цалинтай нь холбоотой. Ямар ч байсан татвар төлөх хугацааг 14 хоногоор сунгасан гэсэн. Энэ хугацаандаа ирээд татвараа төлөх юм бол торгуульгүй гэж байна. Төр засаг маань ард түмнээс дандаа авах, торгох гэхгүй нэг удаа ч болов ингэж харж үзэж  байгаа нь аштай юу даа” хэмээн ярилаа. Хэдийгээр нийслэлийн Татварын газраас татвар хураалтыг 103.7 хувиар давж биелүүлсэн гэж байгаа ч “Дүнжингарав” худалдааны төвд татвараа төлөх гэсэн жолооч нар дараалал үүс­гэн зогсч байлаа. Үүнээс хара­­хад татвар хураалт 100 хувь төвлөрөөгүй гэдэг нь тодор­хой. Уг нь, тавдугаар сарын 13-ны байдлаар нийт төвлөрүүлэх ёстой татварынхаа 20 гаруй хувийг авсан гэж мэдээлж байсан юм.

Татвараа төлөхөөр ирж байгаа жолооч нараас банк мөнгө авахдаа тухайн авто машиныг эзэмшигчийн регистрийн дугаарыг лавлаж байсан. Гэтэл авто машины эзэмшигч нь өөр хүний нэр дээр бүртгэлтэй. Хэдийгээр тухайн машиныг худалдан авсан ч  нэрээ солиулаагүй гэсэн жолооч нар олон байсан. Иймээс заавал машин эзэмшигчийн регистрийн дугаарыг олж ир хэмээн жолооч нарыг буцааж байв. Харин харьяа дүүргийнх нь татварын алба мэдээллийн сангаасаа тухайн автомашиныг эзэмшигчийнх нь регистрийн дугаарыг олж өгч тусалсан юм. Энэ үеэр “Замын цагдаа зогсоож шалгаад 10 мянган төгрөгөөр торгосон. Татвараа одоо очоод төлөөрэй гээд явуулсан. Гайгүй цагдаа таарсан гэсэн жолоочтой ч тааралдлаа. Татвараа төлөөгүй жолооч нарыг торгох эсэхийг Замын цагдаагийн газар хариуцаж ажиллаж байгаа бөгөөд зөрчилтэй бол замын цагдаа нар 5-20 мянган торгож байгаа аж. Харин жолооч нар өөрсдөө ухамсраараа татвараа очоод төлөх юм бол торгуульгүй гэнэ. Иймээс жолооч нар заавал замын цагдаад баригдаж торгуулж, хянуулж, цагдуулна гэлгүй өөрсдөө очиж татвараа төлөхийг анхаарууллаа. Мөн одоогоор нийслэлийн улирдлагуудын зүгээс хуралдаж, ямар нэгэн торгууль шийтгэл ногдуулах талаар хэлэлцээгүй байгаа гэнэ. Гэхдээ холбогдох албаны дарга нар хуралдаж хэдий хэмжээний торгууль ногдуулах талаар хэлэлцэх аж. Иймээс үүнээс нь өмнө амжиж татвараа төлөхийг дахин сануулж байлаа.

Сонирхуулахад, нийслэлд одоогоор 400 мянга гаруй авто машин бүртгэлтэй байдаг бөгөөд  өдөрт дунджаар 170 мянга гаруй нь замын хөдөлгөөнд оролцдог байна. Мөн Авто тээврийн газрынхан мэдээгээр улсын хэмжээнд өдөрт 150-300 тээврийн хэрэгсэл шинээр улсын дугаар авдаг гэсэн судалгаа гаргажээ. Нийслэлд өдөр ирэх бүр авто машины тоо нэмэгдсээр байгаа юм. Тухайлбал, нийслэлийн Статистикийн газрын мэдээгээр 2010 онд Улаанбаатар хотод 162 мянга 710 тээврийн хэрэгсэл байсан бол 2013 онд  321 мянга 159 тээврийн хэрэгсэлтэй болтлоо өсчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан