Газрын маргаан дагуулж, хэл амтайхан эхэлсэн “Шангри-ла” зочид буудал өчигдөр Монголд албан ёсоор нээлтээ хийлээ. Хүүхдийн соёл амралтын хүрээлэнгийн газраас хумсалж, үүнийгээ олон амлалтаар цагаатган байж барилгын ажил эхэлсэн ч өнгөрсөн оны есдүгээр сард гадна фасад нь галд автан цаашид баригдах уу гэгдэж байсан Шангри-ла сүлжээ ямар ч байсан албан ёсоор нээлтээ хийлээ хэмээн зарлав. Нээлтийн ёслолд тус сүлжээг Монголд оруулж ирсэн нөхдөөс гадна үүсгэн байгуулагч “Керри” группийн эзэн Роберт Куок өөрөө хүрэлцэн ирсэн байна. Тэрээр өөрийн хувийн онгоцоор өнөөдөр 17.30 цагийн үед Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаж, Шангри-ла буудлаа зорьсон гэнэ.
МСS-ын Монголиан Майнинг корпорацын томоохон хөрөнгө оруулагч эзэн гэгддэг Роберт Коук нь өдгөө 90 гарч буй ч бизнесийн салбарт өөрийн гэсэн орон зайгаа тавьж өгөөгүй байгаа нэгэн. Хятад гаралтай Малайзад цагаачлан суурьшсан гэгддэг тэрээр одоогоор Хонконгд оршин суудаг. Элсэн чихрийн наймаанаас эхэлсэн түүний бизнес өдгөө хэвлэл мэдээлэл, нефтийн салбарт гээд өргөн хэмжээнд үйл ажиллагаа явуулахаас гадна дэлхий нийтэд тархсан Шангри-ла сүлжээний эзэн. Хонконг Макаог Хятадтай нэгтгэхэд онцгой гавьяа байгуулсан гэж Хятадын төрд үнэлэгдсэн эр Хонконгийг нэгтгэсэн баярын дайллага дээр “Хонгконг, Макаогийн дараа Тайпэй, Улаанбаатарт Хятадын туг мандах ёстой” гэж хэлсэн ч гэдэг.
MCS группийн хамгийн гол хөрөнгө оруулагч гэгдэж буй энэ эртэй Ж.Оджаргал “Кока Кола”-гийн хүлээн авалтын үеэр танилцаж, холбоо тогтоосон аж.