А.АКЭРКЭ
БСШУ-ы дэд сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Соёл урлагийн салбар хорооны дарга Я.Төмөрбаатартай ярилцлаа.
-Анх удаа Төрийн хүндэтгэлийн концертыг Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Энэ хэний санаа байв?
-Сүүлийн хоёр, гурван жилийн Үндэсний их баяр наадмын соёлын арга хэмжээнд манай ард иргэд жаахан сэтгэл дундуур байгаа. Тиймээс гуравдугаар сард Засгийн газрын тогтоол гаргаад Тулгар төр байгуулагдсаны 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо байгуулагдаж даргаар нь Монгол Улсын Шадар сайд Хүрэлсүх ажиллаж байна. Үндэсний хороо дотроо есөн дэд хороотой. Тэрний нэг нь Соёл урлагийн салбар хороо. Соёлын асуудлыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хариуцдаг болсонтой холбогдуулж БСШУ-ы дэд сайд миний бие салбар хороогоо ахлаад явж байна. Манай салбар хороо гурван удаа хуралдсан. Ингэж хуралдахдаа ажлын төлөвлөгөө, төсвөө гаргасан. Төсөв Засгийн газрын хуралдаанаар орсон байгаа. Өмнө нь наадмаар хоёр, гуравхан арга хэмжээ болдог байсан. Энэ жилийн хувьд хүмүүс олон хоног амрах учир Чингисийн талбайд олон нийтийг хамарсан олон арга хэмжээ зохион байгуулъя гэдэг санааг салбар хороонууд гаргасан юм. Нийтдээ 16 арга хэмжээ долдугаар сарын 4-нөөс эхлээд 15-ныг дуустал зохиогдохоор болсон.
-Ирэх сарын 10-нд Төрийн далбаа, Есөн хөлт цагаан туг цэнгүүлэх гээд олон арга хэмжээ Чингисийн талбайд болно. Тэгэхээр Төрийн хүндэтгэлийн концертоо хэдийд нь хийх юм бэ. Ямар нэгэн тасалбар худалдаалагдах уу?
-Үндэсний баяр наадмын хууль гэж бий. Энэ хуульд Үндэсний их баяр наадмын өмнө буюу долдугаар сарын 10-ны өдөр Төрийн хүндэтгэлийн концерт тоглогдоно гэж заасан байдаг. Төрийн хүндэтгэлийн тоглолтыг тавин хэдэн оноос зохион байгуулж эхэлсэн юм билээ. Өмнө нь, Соёлын төв өргөөнд 14:00-15:00 цагт болдог байсан. Соёлын төв өргөө 1000 гаруй хүний суудалтай. Тиймээс цөөн хэдэн хүн л үзэх боломжтой байсан. Наадмын үеэр манай улсад цөөндөө найм, есөн мянган жуулчин ирдэг. Тэд энэ концертыг үзэж чаддаггүй. Жуулчлалын компаниуд жуулчдадаа үзүүлж чаддаггүй. Төр засгийн өндөрлөгүүд, Улаанбаатар хотын төр захиргааны байгууллагуудын төлөөлөгчид ороход байрны багтаамж нь хүрэлцдэггүй. Зарим жил баяр наадмын үеэр албан ёсны тоглолтоо хийчихээд дараа нь арилжааны зориулалтаар ганц нэг тоглолт хийдэг байсан. Гэсэн хэдий ч хүрэлцээ муутай. Тиймээс энэ хүндрэлийг арилгаад дээрээс нь ард иргэддээ нээлттэй үзүүлье гэж санасан хэрэг. Арилжааны зориулалтаар ямар нэгэн тасалбар борлуулахгүй. Долдугаар сарын 10 бол Төрийн далбааны өдөр. Төрийн далбааг, Есөн хөлт цагаан тугаа цэнгүүлэх гээд олон арга хэмжээ болно. Тиймээс Төрийн хүндэтгэлийн концертоо орой зохион байгуулъя гэж бодож байна.
-Анх удаа задгай талбайд хийх гэж байгаа учир тайз засалт дээр нэлээд анхаарал хандуулж байгаа болов уу. Талбайн аль талд нь тайзаа байрлуулах вэ?
-Тайзныхаа асуудлыг хараахан шийдээгүй байна. Уг нь, Чингисийн хөшөөний өмнө засъя гэсэн санаа байсан. Гэвч тэр үеэр жуулчид ирэх учир Төрийн ёслолын алба бидний санааг зөвшөөрөхгүй байгаа юм. 10-ны өдөр төр засгийн өндөрлөгүүд Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ. Гадаад, дотоодын жуулчид ирчихсэн байхад Чингисийнхээ хөшөөг хаагаад том тайз засах нь тийм ч тохиромжтой биш. Мөн энэ өдөр талбайд парад болно. Тиймээс тайзныхаа асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй л байна.
-Зохион байгуулалт дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ. Хүн бүр л үзэхийг хүсч байгаа байх?
-Нээлттэйгээр зохион байгуулах учир зогсоод үзэх боломжтой. Мөн талбайд 5000-10000 сандал тавина. Сандал дээр албан ёсны гадаадын зочид, төлөөлөгчид, төр засгийн удирдлагууд, нийслэлийн төр захиргааны байгууллагууд, яамд, УИХ, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгч гээд бүх хүнээ суулгаж үзүүлэх юм. Мэдээж нээлттэй гэдэг утгаар нь нарийн зохион байгуулалт, хамгаалалтад анхаарна.
-Тэгвэл тоглолтын бэлтгэл ажил эхэлсэн үү?
-Эхэлсэн. Тавдугаар сарын 1-нээс бэлтгэл ажлаа эхлүүлж, найруулагч нараа томилсон. Өмнө нь ганцхан найруулагч л баяр наадмын тоглолтоо найруулдаг байлаа. Энэ жилийн баяр наадмын нэг онцлог нь 16 арга хэмжээг зохион байгуулахад урлагийн байгууллагуудын найруулагч нарын дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, сонгож авсан.
-Тэгэхээр Л.Ганболд зураач сонгон шалгаруулалтад оролцож Төрийн хүндэтгэлийн концерт найруулах эрх авсан байх нь ээ. Зураач хүн концерт найруулах гэж байна гэх хар, цагаан мэдээлэл сошиал ертөнцөөр нэг тэнүүчилсэн?
-Хүндэтгэлийн концерт гэдэг чинь ач холбогдлынхоо хувьд маш чухал арга хэмжээ. Өмнө нь олон найруулагч найруулж байсан. Харин энэ удаад Улсын Ардын дуу бүжгийн чуулга, Соёлын төв өргөө, Улсын Филармони, Дуурь бүжгийн эрдмийн театр хамтарч зохион байгуулахаар болсон. Гэхдээ найруулагч нар дундаасаа бид Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга хуучнаар бол Ардын дуу бүжгийн чуулга дээр гол тоглолт болдог учир Ганболдыг найруулагчаар нь тавьсан. Одоо л зураг зураад байгаа болохоос биш өмнө нь Улсын Ардын дуу бүжгийн чуулгын ерөнхий найруулагч байсан хүн шүү дээ. Харин зөвлөхөөр нь Сэвжидийн Сүхбаатар ажиллаж байгаа. Үндсэндээ бэлтгэл ажилдаа орсон. Мөн Соёл урлагийн салбар хороо Төрийн хүндэтгэлийн концертын хөтөлбөрийг урьдчилан хэлэлцээд цаг 15 минутаас 30 минут хүртэлх тоглолт тавихаар болсон. Уламжлалынхаа дагуу дотроо хоёр, гурван үетэй. Үндэсний уламжлалаа харуулсан, сонгодог урлаг багтаасан, орчин үеийг илтгэсэн гээд өөр өөр. Наадмаас наадмын хооронд хамгийн шилдэг гэсэн уран бүтээлүүдийн гол үзүүлбэрүүдээ багтаах юм.
-Тэгвэл баяр наадмын нээлтийн арга хэмжээг хэн найруулахаар болсон бэ. Хүмүүс Л.Ганболд зураачийг найруулна гэсэн мэдээлэлтэй байна билээ?
-Хүндэтгэлийн концертоос өөр найруулагч найруулна. Наадамчдад сонин байлгах үүднээс дэлгэрэнгүй яримааргүй байна. Салбар хорооны комиссоороо хэлэлцээд хөтөлбөрөө гаргаад дэмжсэн байгаа. Дөрвөн үе шаттай болно. Нэгдүгээр хэсэг нь хуулиараа бол Төрийн тэргүүнд хүндэтгэл үзүүлэх, Есөн хөлт цагаан тугаа залах, Монгол Улсын Ерөнхийлөгч наадмыг нээж үг хэлнэ. Дараагийн арга хэмжээ нь гурван үе шаттай. Энэ жилийн баяр наадмын нэг онцлог нь массыг хамарсан арга хэмжээг түлхүү оруулж өгч байгаа. Өөрөөр хэлбэл, бүх нийтийг хамарсан үзүүлэх тоглолтуудыг үзүүлнэ.
-Хүмүүсийн эргэлзээг арилгах үүднээс хэн гэдэг найруулагч наадмын нээлтийн тоглолтыг найруулахаар болсныг хэлж болохгүй гэж үү?
-Хоёр найруулагч ажиллана. Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын найруулагч Ганхуяг, Ардын дуу бүжгийн чуулгын найруулагч Болд хоёр ажиллахаар болсон. Энэ хоёр хүний хувьд олон наадам зохион байгуулж байсан туршлагатай. Харин ерөнхий продюсерээр нь сүүлийн үед урлаг, уран сайхан гээд соёл урлагийн салбарт чухал менежмент хийж байгаа Есөнмөнх ажиллахаар болсон.
-Хоёр гол арга хэмжээ нь Төрийн хүндэтгэлийн концерт, наадмын нээлтийн тоглолт байх нь дамжиггүй. Гэхдээ мэдээж манай уншигчид бусад арга хэмжээний талаар мэдээлэл авахыг хүсч байгаа байх?
-Цаана нь олон арга хэмжээ бий. Анх удаа бид хүүхдийн гала концерт хийх гэж байна. Манай яам дээр хэрэгжиж буй Авьяас хөтөлбөрт өндөр амжилттай оролцсон хамгийн шигшмэл хүүхдүүдийн концертыг хийх юм. Мөн соёл урлагийн гол арга хэмжээний ихэнхийг НЗДТГ хариуцаж зохион байгуулна. Найрсаг Улаанбаатар гэдэг том төслийн хүрээнд олон гоё цуврал арга хэмжээ болж байгаа. Эдгээр арга хэмжээний хүрээнд яг наадмын өдрүүдэд болох тоглолтуудыг мөн л Соёл урлагийн салбар хороо давхар хариуцаж ажиллана. Мөн нийслэлийн Соёлын газар, ЗДТГ хариуцаж зохион байгуулна. Тухайлбал, Учиртай гурван толгой дуурийг анх удаа Чингисийн талбайд тавих гэж байна. Дээлтэй Монгол арга хэмжээг зохион байгуулна. Хуучин Улаанбаатарын үдэш гэж болдог байсан даа. Энэ жилийн хувьд Эх орноо хамтдаа дуулъя гэдэг нэрийн дор манай урлаг соёл, эстрадын дуучид маань хамгийн шилдэг үзүүлбэрээс бүрдсэн тоглолтоо сонирхуулахаар бэлтгэж байна.
-Тэгвэл наадмын нээлтийн бэлтгэл ажил эхэлсэн үү. Өнгөрсөн жилийн тоглолт нэлээд хэл ам дагуулсан. Бэлтгэл ажлаа муу хийсэнтэй холбон тайлбарлах хүн ч цөөнгүй байсан?
-Баяр наадмын үндэсний хороо есөн салбар хорооныхоо ажлын төлөвлөгөөг баталсан. Манай салбар хорооны хувьд ажлын төлөвлөгөөнийхөө дагуу бүх ажлаа хийгээд явж байна. Наадмын нээлтийн тоглолт сайнтай, муутай хэлэгддэг л дээ. Гэхдээ өмнөх наадмыг найруулсан, зохион байгуулсан хүмүүсийг үгүйсгэхийг хүсэхгүй байна. Өнгөрснөө харахаасаа илүүтэй хойч ирээдүйгээ харах нь зүйтэй байх. Өнгөрсөн жилийн алдаа оноог энэ жил давтахгүй байх нь л зөв болов уу. Өнгөрсөн жилийн наадмын тоглолтыг улстөржүүлсэн гэх хэл ам их байсан. Энэ жилийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зүгээс чиглэл өгөгдсөн. Баяр наадам зохион байгуулах комиссоос ч тавьж буй зарчим бий.
-Ямар зарчим болохыг нь сонирхож болох уу?
-Энэ жилийн наадам ямар нэгэн улс төрийн нам эвсэл, үзэл бодлоос ангид байх ёстой гэсэн. Бүх ард түмний эв нэгдлийн их баяр наадам байх үзэл санаа, зарчим дээр тулгуурлаж хийх ёстой шүү гэсэн байгаа. Тиймээс манай найруулагч нар ч тэр, салбар хорооныхон ч тэр үүнд онцгой анхаарал хандуулж ажиллаж байна. Тиймээс энэ бүх алдааг давтахгүй байх юмсан гэж хичээж байна. Ганц нэг урлагийн байгуулллагыг түлхүү оруулах биш Монголын сор болсон урлагийнхны бүх үзүүлбэрийг үзүүлэхийг зорьж байна. Ардын армийнханд ч тодорхой үзүүлбэр ногдсон. Гэхдээ ямар ч гэсэн дүрэмт хувцастай нь бүжиглүүлэхгүй.
-Ямар ч гэсэн бэлтгэл ажил эхэлсэн гэж ойлгож болох нь ээ. Бэлтгэлээ тус тусдаа базааж байна уу?
-Тус тусдаа хийж байна. Энэ ажилдаа оюутнуудын хүчийг их дайчилж байна. Ямар ч гэсэн наадмын нээлтийн тоглолтод доод тал нь 4000-5000 хүн оролцуулахыг зорьж байна. Нэг үзүүлбэрт 400-500 хүн оролцсон байх юм. Уран сайхны гимнастик, бөмбөрийн тоглолт ч гэдэг юм уу олон үзүүлбэр багтаана. Хуучин арын фоноо их гоё хийдэг байсан шүү дээ. Анонс өлгөөд л. Энэ жилийн хувьд фон хийнэ гэхээр бөхчүүд, гадаадын жуулчдын суудал багасах гээд болдоггүй. Тиймээс фон хийхгүй.
Цэнгэлдэх хүрээлэн энэ жил өнгө төрхөө засаад их гоё болж байгаа. Засвар нь энэ сарын 25-нд дуусах төлөвлөгөөтэй байгаа юм билээ. Тэр хүртэл нь их, дээд сургуулиудын заал, танхимд бэлтгэлээ базааж байна. Ер нь, бололцоотой бүх газарт бэлтгэл хийж байна. Энэ сарын 25-наас эхэлж Цэнгэлдэх хүрээлэнд нэгдсэн бэлтгэлээ базаана. Баяр наадмын үндэсний комисс ирэх сарын 5-нд шалгана гэсэн. Харин бид өөрсдөө ирэх сарын 1-нд шалгаж үзнэ.
-Массыг түлхүү хамарна гэлээ. Хувцасны асуудлыг нь хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?
-Энэ жилийн хувьд наадмын төсөв санхүү жаахан хэцүү байна. Өмнө нь хоёр, гурван арга хэмжээнд 400-гаад сая төгрөг зарцуулдаг байсан бол энэ жил 16 арга хэмжээнд нийтдээ тэрбум орчим төгрөг зарахаар болсон. Арга хэмжээ тус бүр дээр нь аваад үзэх юм бол наадмын төсөв нэмэгдсэн зүйл байхгүй. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар аль болох ард түмнээ сайхан баярлуулахын тулд ажиллаж байна. Нэг зовлон бий. Хөрөнгө мөнгө жаахан тиймхэн байна гэхээр хүмүүс ганц наадмаа олигтойхон шиг хийж чадахгүй гэдэг. Хөрөнгө мөнгө гаргаад аятайхан шиг хийе гэхээр улс орон хэцүү байхад наадамд асар их хөрөнгө зарлаа гэх нь бий. Ер нь бол зарим хувцас хэрэглэлийг шинээр хийх нь мэдээж. Дараа жил бид АСЕМ зохион байгуулна. Тиймээс энэ арга хэмжээнд хэрэглэхийн тулд зарим хувцас, хэрэглэл дээрээ анхаарч ажиллаж байна. Мөн аль болох урлаг соёлын байгууллагуудын хувцсыг татаж авна. Мөн олон түүхэн кинонууд гарсан шүү дээ. Тэдгээр кинонд хэрэглэсэн хувцсыг авах санаатай байгаа.
-Гадаадын алдартай хамтлаг, дуучдыг авчирна гэх юм. Энэ тухайд юу хэлэх вэ?
-Монгол Улсын Ерөнхий сайдын ард түмэндээ барьж буй нэг сюрприз. Тиймээс Ерөнхий сайдын ажлын алба энэ тал дээр ажиллаж байна. Нийтдээ гадаадын зургаан хамтлагтай урьдчилсан байдлаар холбогдсон. Сүүлийн шатанд хоёр хамтлаг, хоёр дуучны асуудал яригдаж байгаа. Эцэслэн шийдэгдээгүй байна. Энэ долоо хоногт тухайн дуучны бие төлөөлөгчид ирж гэрээ байгуулахаар болсон. Тэр цагт ямар хамтлаг, дуучин ирнэ гэдгийг нь зарлах нь зүйтэй байх. Эцэслээгүй байгаа энэ тохиолдолд ямар нэгэн нэр хэлэх боломжгүй байна. Одоо нэрийг нь хэлчихвэл хүмүүсийн дунд хүлээлт үүсчихнэ. Ямар ч гэсэн дэлхийн том оддын нэгийг эх орондоо авчирч тоглуулах болно. Харин манай хороо дуучдыг ирсний дараа ямар тайз засах уу, ямар шаардлага тавина тэр дагуу нь ажиллана. Ирэх сарын 14-нд тоглолт нь болох юм.
-Тоглолт хаана болох вэ. Газраа товлосон уу?
-Чингисийн талбайд хийх бодол бий. Гоё хамтлаг дуучид ирэх юм бол хоёр хөршөөс ч гэсэн хүмүүс ирж үзэхийг үгүйсгэх аргагүй. Тиймээс Чингисийн талбай маань ачаалал даах уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Тиймээс яг хаана хийх вэ гэдгээ эцэслэн шийдээгүй байна. Нээлттэйгээр яригдаж л байна. Урьдчилсан байдлаар Чингисийн талбайд гэсэн чигтэй л байна. Тэгээд дуучидтайгаа бас газраа тохирно. Тэрний дараагаас хаана, хэдэн цагт болох уу гэдэг нь тодорхой болно.