Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Энхцэцэг: 15-наас улаан бурхны нэмэлт дархлаажуулалт эхэлнэ


Манай улсад сүүлийн таван жил бүртгэгдээгүй байсан улаан бурханы өвчлөл гарч газар аваад байгаа. Уг нь 2014 оны зургадугаар сард  манай улс уг өвчнийг бууруулсан бүс нутаг хэмээн тооцогдох болсон. Гэсэн ч сүүлийн хэдэн сар улаан бурхан өвчний дэгдэлт буурахгүй байгаа. Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын Халдварт өвчний тандалт, урьдчилан сэргийлэх албаны мэргэжилтэн Ж.Энхцэцэгтэй ярилцлаа.

-Улаан бурхан өвчний дэгдэлт буурахгүй байгаа. Өнөөдрийн байдлаар хэдэн хүн өвчлөөд байна вэ. Мөн эмнэлгүүдийн ачаалал хэр байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ оны гуравдугаар сарын 18-нд анх манай улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс хойш улсын хэмжээнд 3790 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Гэхдээ өвчний нууц үеийг нь харахаар энэ өвчлөл анх Цагаан сарын үеэр гарсан байх магадлалтай. Лабораторын шинжилгээгээр манай улсад гарч байгаа өвчний вирус БНХАУ-д гарч байгаа вирустэй төстэй байсан. Иймээс БНХАУ-аас зөөвөрлөгдөн орж ирж байгаа хэмээн үзэж байна. Мөн Өмнөговь аймагт улаан бурхан өвчний тохиолдол их гарч байгаа учир хилтэй залгаа тул Хятадаас зөөвөрлөгдөн орж ирж байгаа гэж үзсэн. ХӨСҮТ-д улаан бурхан өвчилсөн хүмүүс хэвтэн эмчлүүлж байгаа. Өдөрт 50-60 хүүхэд эмнэлэгээс гарч байхад эргээд мөн тооны хүүхэд шинээр хэвтдэг. Нийслэлийн харьяа эмнэлэгт улаан бурхнаар өвчнийг эмчлэхгүй. Хөнгөн хэлбэрээр туссан хүүхдүүдийг гэрээр эмчлэх болсон. Шаардлагатай тохиолдолд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр 160 ор гаргахаар бэлтгэсэн учир эмнэлэгүүдийн ачаалалд санаа зовох зүйлгүй.

-Улаан бурханаар өвчилж байгаа  хүмүүсийг насны ангилалаар нь аваад үзвэл хэд орчим насныхан илүү өртөж байна вэ?

-Нэг хүртэлх насны хүүхдүүд их өртөж байгаа. Учир нь энэ өвчний вакцинд хамрагдах нас болоогүй байдаг юм. Манай улс хүүхдийг есөн настайд нь улаан бурхан, гахайн хавдрын эсрэг вакцин хийдэг. Иймд  есөн сар хүрээгүй хүүхдүүд энэ өвчлөлийн 90 гаруй хувийг эзэлж байна. Шалтгаан нь гэвэл нярай хүүхдийн дархлаа сул байдагтай холбоотой. Хүүхэд эхийнхээ хөхөөр хооллож байж дархлаа тогтох  ёстой. Тухайлбал, ээж нь улаан бурханаар өвдсөн эсвэл вакцин хийлгэсэн бол хүүхэд нь дархлаатай болно гэсэн үг. Тиймээс одоо төрж байгаа эхчүүд улаан бурхан өвчний вакциныг бага насандаа хийлгээгүй, эсвэл тунг нь дутуу хийлгэсэн, улаан бурхан өвчнөөр өвдөж байгаагүй учраас хүүхэд нь уг өвчлөлд өртөж байна гэж үзэж байгаа. Үүнтэй холбогдуулан нэмэлт дархлаажуулалтыг тавдугаар сарын 15-25-нд хийхээр болсон. Дархлаажуулалтад зургаан сартайгаас  зургаан нас хүртэлх насны  хүүхдүүдийг хамруулна. Гэхдээ зургаан сартайгаас  есөн сар хүртэлх насны хүүхдүүдэд дархлалын тогтоц арай бага 100 хувь дархлал тогтохгүй л гэсэн үг.

-Нэмэлт дархлаажуулалтад хэдэн хүүхдийг хамруулахаар байгаа вэ. Вакциныг хаагуур хэрхэн хийхээр төлөвлөөд байна вэ?

-Улсын хэмжээнд 371 мянган хүүхдэд нэмэлт дархлаажуулат хийхээр байгаа. Нийслэлд 141 мянга 500 орчим хүүхэд бий гэсэн судалгаа гаргасан. Гэхдээ  үүнээс улаан бурханаар Цагаан сараас хойш өвдсөн, дээр нь сүүлийн 28 хоногт вакцин хийлгэсэн хүүхдүүдийг хасна. Одоогоор вакцин бүгд ирсэн. Вакциныг байнгын гурван цэгээр хийнэ. Дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэл, Өрхийн эрүүл мэндийн төв, цэцэрлэгүүд болон алслагдсан хороодын иргэдэд очиж үйлчилнэ. Нэмэлт дархлаажуулалтыг хийх үед давхар “А” витаминыг уулгана. Одоогоор “А” витаминыг 9000 гаруй хүүхдэд уулгасан.

-Өвчний дэгдэлтийг бууруулах талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын зүгээс ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?

-Нийслэлийн Боловсролын газар болон БШУЯ руу манайхаас албан тоот явуулсан. Эрүүл мэнд спортын яамтай хамтран уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Улаан бурхан өвчин манай улсад 2009 оноос хойш бүргэгдээгүй. Энэ өвчний дэгдэлт 4-6 жилийн зайтай байдаг. Одоогоор манай улсад энэ дэгдэлтийн үе тохиолдож байгаа гэж хэлж болно. Мөн дэлхийн бусад орон ОХУ, БНХАУ, АНУ-д хүртэл улаан бурхан өвчний дэгдэлт гарч байна. Зарим  хүмүүс кор улаан бурхан өвчин юугаараа ялгаатай юм бэ гэж асуудаг. Улаан бурхан гэдэг нь монгол нэршил кор гэдэг нь олон улсын хэллэг. Нэг төрлийн өвчин юм.

-Иргэд улаан бурханы дуудлагыг хаана өгөх ёстой вэ. Зарим иргэн Өрхийн эрүүл мэндийн төв рүү хандахаар хүлээн авахгүй байна гэсэн. Гэтэл ХӨСҮТ-д хүүхдээ аваад очихоор өвчний вирусийг бусдад халдаалаа гээд эмч нар нь загнаад байх юм гэсэн гомдол ирж байсан. Энэ тухайд?

-ХӨСҮТ-ийн түргэн болох 100-д хамгийн түрүүнд дуудлага өгөх хэрэгтэй.  Бүр ачаалал нь ихэссэн тохиолдолд өөрсдөө очиж үзүүлж болно. Нөгөө талаар зарим иргэн өвдсөн хүнд насан туршийн дархлаа тогтдог гэдэг үүднээс ханддаг.  Гэхдээ бид өвдүүлэхгүй байхын тул урьдчилан сэргийлж вакцинд хамрагдах ёстой. Улаан бурхан өвчин агаар дуслын замаар халддаг олон нийтийг хамардаг даамжирбал  хүнд хэлбэрийн өвчлөл болдог. Дархлалынх нь түвшин буурах үед дэлхийн улс оронд угаалга хийдэг. Угаалга гэдэг нь дархлааг нь сэргээх гэсэн үг. Тухайлбал, хүүхэд эхний тунгаа авахад дархлал тогтох ёстой. Харин 4-6  настай үед  дархлал нь буурдаг. Энэ үед угаалга хийдэг. Манай улсад 2007 онд 3-10 насны хүүхдүүдэд улаан бурхан өвчний угаалга хийж байсан. 2012 онд улаан бурхан болон гахайн хавдрын нийлмэл угаалга хийсэн. Энэ жил улаан бурхан өвчний угаалга хийхээр төлөвлөж байна.

-Сүүлийн үед их дээд сургуулийн оюутнуудын дунд өвчлөл их байна гэсэн мэдээ байгаа?

-Тийм ээ. Одоогоор манай улсад 110 гаруй их дээд сургууль бий. Эдгээрээс улаан бурхан өвчний сэжигтэй 225 оюутан байна гэсэн мэдээ ирсэн. Тэднийг үзлэгт хамруулсан. Тэгэхдээ  3000 гаруй оюутнуудад урьдчилан сэргийлэх үзлэг хийгээд байна. Мөн 2612 оюутанд голомтын вакцинжуулалт  хийсэн байгаа. Мөн “А” витаминыг 850 гаруй оюутанд уулгалаа. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан