Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жилд 35-40 хүүхэд шинээр цусны хорт хавдраар өвчилж байна

Өвчин гэдэг хэлж ирдэггүй хийсч ирдэг гэдэг. Манай улсад сүүлийн жилүүдэд хавдрын өвчлөл нэмэгдэх болсон. Тэр дундаа бага насны хүүхдүүд хавдраар өвчилж байгаа нь үнэхээр харамсалтай. Монголчуудын хувьд хавдар өвчинтэй хэдийнэ танил болсон.  Иймээс монголдоо ганц хүүхдийн хавдрын эмнэлэгийг сурвалжлахаар зорилоо.  ЭХЭМҮТ-ийн дэргэдэх Цусны эмгэг хавдрын эмнэлгийг АНУ дахь Төвд Монголын шашин соёлын төвийн тэргүүн Ажаа гэгээний санаачлагаар 2012 оноос Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн дэргэд барьж өнгөрсөн онд ашиглалтад оруулсан юм. Тус эмнэлэгт зөвхөн хавдар гэлтгүй мэс заслын хэсэг, хүүхдийн зүрхний лаборатори, компьютер томограф, нярайн эрчимт эмчилгээний тасаг, хавдрын  болон хөнгөвчлөх эмчилгээний тасаг гэсэн зургаан хэсэг байдаг аж. Үдийн 11:00 цагийн үед тус эмнэлэгт очиход эмчилгээ хийлгээд гарч байгаа болон хэвтэхээр ирж байгаа хүүхдүүдийг эцэг эх нь дагуулан иржээ. Хүүхдэд зориулсан эмнэлэг тул хана бүрт нь хүүхэлдэйн баатруудын зургийг зурж тоглоомын өрөө гаргасан байна. Энэ өрөөнд хүүхдүүд хоорондоо болон эцэг эхтэйгээ тоглож наадан өвчнийхөө зовиурыг бага ч болов мартан хөөрч байхыг нь харахад сайхан байлаа. Эмнэлэгийн тохижилт, засал чимэглэлийг үнэхээр сэтгэл гаргаж сайхан хийжээ. Хавдрын өвчний үед хамгийн гол нь сэтгэл санааг тайван байлгах нь чухал, сайн эмчилгээ гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлдэг. Тиймээс ч  энэ үүднээс эмнэлэгийн тохижилт, засал чимэглэлийг хийсэн биз ээ. Мөн хавдрын үед эмчилгээг нь  багадаа долоо хоногоос 64 хоног хүртэл үргэлжлүүлэн хийдэг байна. Иймээс эмнэлэгийн орчинг хамгийн тохь тухтай халуун дулаан гэр бүлийн  уур амьсгал оруулан бүрдүүлж өгсөн хэмээн тасгийн эрхлэгч А.Оюунтуяа хэллээ.
Тус эмнэлэгээр үйлчлүүлж байгаа зарим эцэг эхтэй уулзахад өөрийгөө Л.Батнасан хэмээн танилцуулсан залуу “Манай хүү цус задралын өвчтэй.  Өвчин нь овоо гайгүй байж байтал хатгаа аваад сэдэрсэн. Ер нь хавдрын өвчтэй хүүхдүүдийн дархлаа нь эмзэг учир хоёрдогч төрлийн өвчин тусах нь амархан байдаг юм билээ. Бид хоёр долоо хоног эмчилгээ хийлгээд биеийн байдал нь сайжраад гарах гэж байна. Монголд анх удаа ийм эмнэлэг байгуулагдсанд баяртай байгаа. Өмнө нь хүүхдийнхээ өвчнийг хүндрэхэд тэр болгон хэвтээд байх эмнэлэг олдохгүй. ЭХЭМҮТ-д ирж дусал хийлгэж тариа тариулдаг байсан. Заримдаа ХСҮТ рүү оч гээд явуулдаг ч байлаа. Одоо бол эндээ эмчилгээ хийлгээд сэтгэл амар юм. Мөн асуух зүйлээ эмч нартай утсаар яриад асуудаг. Бүр болохгүй бол хүрч ирээд эмчилгээ хийлгэдэг” гэв. Мөн өөрийгөө Х.Лхамсүрэн хэмээн танилцуулсан бүсгүй хамгийн түрүүнд хүүхдийг маань хүлээн авч эмчлэх эмнэлэгтэй болсонд баяртай байгаагаа илэрхийлээд “Хүүхдийн маань бие муудахаар ирдэг ганц газар минь юм даа” хэмээлээ.
 Урьдчилсан тооцоогоор ЭХЭМҮТ-д жилдээ давхардсан тоогоор хавдартай 1000 орчим хүүхэд оношлогдож ирдэг бол Хавдар судлалын үндэсний төвд давхардсан тоогоор 500 орчим хүүхэд оношлогддог байна. Үүнээс жилд зүрхний төрөлхийн өвчтэй 200-300 хүүхэд гадагшаа мэс засалд орохоор явдаг гэсэн статистик тоо байдаг аж. Харин ЭХЭМҮТ-ын эмчийн хяналтанд цусны хорт хавдартай 700 гаруй хүүхэд бий гэсэн судалгааг хоёр жилийн өмнө гаргажээ. Цусны хорт хавдраар өвчлөх хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж  байгаа бөгөөд 2009 онд ийм төрлийн өвчтэй 18 хүүхэд бүртгэгдэж байж. Тэгвэл 2011 онд 33 болж өсчээ. Өнөөдөр 40  болсон нь түгшүүр зарласан тоо юм. Манай улсад хүүхдүүдийн дунд тохиолддог зургаан төрлийн хавдар байдгаас 32-35 хувь нь цусных аж.
 Уг нь хүүхдэд тохиолдож байгаа хавдрын өвчлөлийг ЭХЭМҮТ буюу хүүхдийн бэлтгэгдсэн мэргэжлийн эмч нар эмчлэх ёстой байдаг ч манайд дээрх шалтгаанаас үүдэж ийм боломж байгаагүй аж. Иймээс өнөөг хүртэл цуснаас бусад төрлийн хавдрын өвчтэй хүүхдүүдийг Хавдар судлалын үндэсний төв хүлээн авч эмчилж байжээ. Харин уг эмнэлэг ашиглалтад орсноор эдгээр хүүхдүүд эмчилгээ үйлчилгээ хийлгэх болсон  нь энэ юм.

А.Оюунтуяа: Цусны хавдраар бага насны хүүхдүүд өвчлөх нь нэмэгдсэн

Цусны эмгэг хавдар судлалын тасгийн эрхлэгч А.Оюунтуяатай цөөн хором ярилцлаа.

-Өнөөдрийн байдлаар танай тасаг хэдэн ортой ажиллаж байна, ачаалал хэр байна?

-Манай тасаг 30 ортой. Одоогоор цусны эмгэг болон хавдартай хүүхдүүдийг эмчилж байна. Мөн тунгалагийн, нүдний торлогийн хавдартай хүүхдүүд  хэвтэн эмчлүүлдэг.  Жилдээ цусны хавдартай 35-40 хүүхэд шинээр оношлогддог. Одоогоор эхний хоёр улирал цусны хавдартай 20 гаруй хүүхэд оношлогдон эмчилгээ хийлгэж байна. Тэгэхдээ нөхөн сэргээх, хордлого тайлах, химийн эмчилгээ гээд бүх эмчилгээг цогцоор нь хийдэг.

-Одоогоор танай тасагт тулгамдаж байгаа ямар асуудал байна. Эмнэлэгүүдийн эмийн төсвийг танаснаар эмийн дутагдах боллоо  гэдэг. Эм тариа тасралтгүй хэрэглэж байх хүүхдүүдийн хувьд хэцүү байгаа байх?

-Манайд одоогоор ийм асуудал тулгараагүй байна. Эм, тариа, эмийн хэрэгслүүд хуваарийн дагуу ирж  байгаа.

-Нийт хэдэн эмч ажилчидтай вэ. Үүнээс мэргэшсэн эмч хэд байгаа талаар хэлэхгүй юу. Эмч нарын ачаалал хэр байдаг юм бол?

-Нийт 21 ажилчинтай. Үүнээс дөрвөн эмч, нэг тасгийн зөвлөх эмч, арав гаруй сувилагч ажиллаж байна. Эмч нарын ачаалал гайгүй дээ.

-Сүүлийн үед хавдар дотроо ямар хавдар зонхилж байна. Шалтгаан нь юу вэ. Мөн насны хувьд хэд орчим насны хүүхэд илүү өртөж байна вэ?

-Ер нь бага насны хүүхэд илүү их ирж байна. Тухайлбал, гурваас найм хүртэлх насны хүүхдүүд зонхилдог. Мөн өсвөр насны хүүхдүүд ч ирэх болсон. Шалтгааны хувьд насныхаа ангилалаас хамаараад олон янз. Вирусын дараах өвчлөл, хоол хүнс, стрессын гаралтай хүртэл байгаа. Өсвөр насны хүүхдүүд ойр дотныхоо хүнийг алдах, хичээл сургууль, мөн амьжиргааны түвшин доогуур зэргээс шалтгаалж хавдараар өвчилж байна. Ер нь хавдар гэдэг дархлаагүй болох дархлаа суларч байна л гэсэн үг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан