“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудын талаар нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулгатай ярилцлаа.
-“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн зорилгоос ярилцлагаа эхэлье.
-Энгийнээр хэлбэл дайран өнгөрөөд зогсохгүй зорьж ирдэг жуулчидтай болох, зөвхөн нийслэлчүүдийнхээ татвараар биш аялал жуулчлалаас олсон орлогоор хотоо хөгжүүлэх зорилготой хөтөлбөр.
Зохион байгуулалттай аяллаар ирж буй нэг жуулчны хоногт зарцуулж байгаа мөнгөний хэмжээ нь Монгол улсын иргэний нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс илүү байгаа өнөөгийн нөхцөлд жуулчдыг татах нь нийслэлийн эдийн засгийг хөгжүүлэх бодит шийдэл гэж үзээд НИТХ-аас“Найрсаг УБ” хөтөлбөрийг маань 2014 оны есдүгээр сард баталсан.
-“Найрсаг УБ” гэсэн нэрийг яагаад өгөх болов, энэ нэр нийслэлд“тренд” болоод байх шиг байна, “Найрсаг УБ” их дэлгүүр, “Найрсаг УБ”-ын өвлийн наадам, аялал гээд л.
-National Geographic сэтгүүлийн 1921 оны нэгэн дугаарт “... хамгийн ядуу Монгол айл ч элэгсэг дотно хүлээн авч, эрвийх дэрвийхээрээ дайлах болно. Ёсыг нь дагавал, гэр нь танайх.” гэсэн бол И.Майский “Монголд ууртай яваа эр хүнийг олж харна гэдэг боломжгүй зүйл. Зочломтгой заншил нь бүүр ч гойд.” гэж номдоо онцолж бичиж байсан юм билээ. Үүнээс өмнөх зохиол номоос ч ийм үгсийг олоход хялбар биз. Монголчуудын олон зууны турш бусдад гайхагдсан найрсаг зочломтгой байдлыг аялал жуулчлал төдийгүй бүх төрлийн үйлчилгээнд нэвтрүүлэх, Улаанбаатарын “имиж” болгох нь хөтөлбөрийн нэг зорилт юм.
Хил гааль, төмөр зам, нисэх буудал, такси үйлчилгээнээс авхуулаад иргэд маань хүртэл харилцаа, хандлагаа өөрчлөөсэй гэсэн зорилгын үүднээс дотоодод чиглэсэн “Найрсаг” гэсэн үгийг сонгож авсан. Ер нь бол агуулгын хувьд Historic UB /Түүхт УБ/ - аялал жуулчлалын үзмэрүүдийг сайжруулах, шинээр бий болгох, Harmonious UB /Сэтгэл татам УБ/ - жуулчдад зориулсан урлаг соёлын хөтөлбөрүүд, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүд гаргах, Hospitable UB /Найрсаг зочломтгой УБ/ - бүх төрлийн үйлчилгээнд найрсаг харилцааг бий болгох, нийслэлчүүдийн гадаадын иргэдэд хандах хандлагыг эерэг болгох гэсэн гурван хэсгээс бүрдсэн hUB буюу зангилаа болох үндсэн баримтлалтай томоохон хөтөлбөр юм. Гадаад сурталчилгаанд бол “Historic, harmonious and hospitable UB”гэсэн уриа ашиглагдаж байгаа. Хөтөлбөр дөнгөж эхэлж байна. Таны хэлсэнчлэн олон нийтийн оролцоотойгоор найрсаг байдлыг болгож болох байхаа.
-Найрсаг байгаад зогсохгүй аялахад аюулгүй байх баталгааг хангах ёстой санагддаг.
-Тийм ээ. Одоогоор бид жуулчны аюулгүй байдлыг хангах зорилгоор “Жуулчны мэдээллийн төв”-үүдийг байгуулж, үйлчилгээний доголдолтой холбоотой жуулчдын санал гомдлыг хүлээн авах, мэдээлэл өгөх “Жуулчны лавлах утас” ажиллуулж байна. Гадаадын иргэд хамгийн их зорчдог 40 гаруй чиглэлд англи хэл, харилцааны сургалтад хамрагдсан эргүүл, оюутан цагдаа нарыг ажиллуулж байгаа.
Халаасны хулгай, танхайн хэргийн хохирогч болсон гадаадын иргэдийн асуудлыг шуурхай шийдвэрлэх, аялал жуулчлалын нийгмийн сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг хариуцах Жуулчны цагдаагийн тасгийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын бүтцэд байгуулахаар санал хүргүүлээд байгаа. Нааштай шийдэгдэнэ гэж найдаж байна.
-Саяхан дэлхийн хамгийн том аялал жуулчлалын “Ай-Ти-Би Берлин” үзэсгэлэнд Монгол улс түнш орноор, Улаанбаатар хот үндсэн оролцогчоор оролцсон. Ер нь Улаанбаатар хотыг гадаадад сурталчлах ажил хэр далайцтай явж байгаа вэ? Үндсэн оролцогчоор оролцсоны үр дүнг хэрхэн харж байна вэ?
-Дэлхийн улс орнууд, нийслэл хотууд төдийгүй жижиг сум суурин, тосгод хүртэл өөр өөрсдийн онцлог дүр төрхийг бүрдүүлж түүгээрээ жуулчдыг татаж байна. Бид ч бас зорилтот зах зээлийн орнуудын мэргэжлийн үзэсгэлэн, интернэт маркетинг, мэргэжлийн сэтгүүл, төлбөрт сурталчилгаа гээд олон хэлбэрийг жуулчны зан төлөвийн онцлог, зах зээлийн судалгааны дүнг үндэслэн ялгавартай явуулж эхлээд байгаа. Нийслэл хот Зүүн хойд Азийн бүс нутагт илүү анхаарал хандуулна, гэхдээ Улаанбаатар хотыг бие даасан аялал жуулчлалын зорих газар болгон сурталчлах анхны далайцтай ажил дэлхийн хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэнгээс, тэр тусмаа Монгол улс түнш орноор оролцсон үед эхэлсэнд баяртай байгаа. Дэлхийн нэг тэрбум жуулчныг хаашаа аялуулахыг шийддэг мэргэжилтнүүдийн хамгийн том ажил хэргийн уулзалтад Монгол улсыг, Улаанбаатар хотыг онцгойлон санал болгосон. Үзэсгэлэнд бэлтгэж манай газраас www.ulaanbaatour.mn портал, аппликейшн, хотын өвөл, зуны сурталчилгааны видео, төрөл бүрийн танилцуулгуудыг шинээр гаргасан.
Үр дүнгийн хувьд сурталчилгаатай зэрэгцээд олон улсын агаарын тээврийн хүчин чадлыг сайжруулах, үнийг хямдруулах, чөлөөт өрсөлдөөнийг бий болгох, цахим виз, хилийн боомт дээрх виз, бүлэг жуулчны виз зэрэг дэвшилтэт арга замуудыг нэвтрүүлэх зэрэг салбарын хэмжээний хүлээлттэй өөрчлөлтүүдийг шуурхай хийвэл 2-3 жилийн дараа санасан хэмжээнд гарна гэж бодож байна.
Нийслэл хотын хувьд ч бас үйлчилгээний цагийн хуваарь, авто зогсоол, такси үйлчилгээнээс авахуулаад шийдэх ажлууд олон байгаа. Шийдээд явж байна. Хөтөлбөрийг маань анхааралтай уншиж салбарын маань асуудлуудыг шийдэлтэй нь тусгасан, тунхаг биш гэдгийг харж болно.
-Яамны Аялал жуулчлалын газрын дарга байхдаа та Монгол улсыг нүүдлийн соёл, онгон байгаль гэсэн дүр төрхтэйгөөр сурталчлах, хөгжүүлэх асуудлыг хариуцдаг байсан. Өрсөлдөх чадвар, хөгжих боломжийн хувьд тэс өөр хотын аялал жуулчлал ирээдүйтэй гэдэгт та итгэлтэй байна уу, хотын жуулчдын тоо өсөх боломжтой юу?
-Нийслэлийн хувьд дэлхийн хамгийн том жуулчин илгээгч болоод байгаа хоёр хөрш, тэднийг хүлээн авах авто зам, төмөр замын боломж, газар нутгийн ойр дөт байдлаа давуу тал гэж харж байгаа. Ялангуяа арван сая гаруй Монгол туургатнуудын хувьд орон нутгаас илүү Улаанбаатар хотыг сонирхож ирэх магадлал өндөр. Бидний хувьд тооноос илүү ирсэн гийчдийн Улаанбаатар хотод хоноглох хугацаа, мөнгөн зарцуулалтыг нь нэмэгдүүлэх, сайн үйлчилгээ үзүүлж дахин ирэх сэтгэгдэл төрүүлэхэд илүү ач холбогдол өгч байгаа. Статистикийн хувьд ч улс орнууд хилээр нэвтрэх зорчигчдын тоогоор, хотууд буудлын хоноглосон ор хоногоор тооцдог. Нийслэл хот жуулчдынхаа тоог ор/хоногоор нь бодитой тооцож энэ салбарын эдийн засгийн үр нөлөөг нэмэгдүүлэн шүүрэлтийг бууруулахыг чухалчилж байна. Олон хотод нэвтэрсэн гадаад иргэдийн бүртгэлийн тогтолцоотой нягт уялдсан зочид буудлын татварыг судалж байна. Хэрэгжүүлж чадвал иргэдийн бус жуулчдын татвараар хотын сурталчилгаа, жуулчин татах төслүүдийг санхүүжүүлнэ гэсэн үг.
Ихэнх нийслэлүүд тухайн улсынхаа дотоодын аялал жуулчлалын гол төв болдог.Манайд эсрэгээрээ байдаг. Улаанбаатарыг орон нутгийнхны хувьд төв талбай, Нарантуул, Бөхийн өргөөгөөр төсөөлөгддөг газар хэвээр үлдээхийг хүсэхгүй байна. Нийслэлдээ ирсэн хүн аяллын компаниас, цахимаар үзвэр, байр, хоол, хотын аялал, хөтчийн үйлчилгээг хямд үнээр багцаар нь худалдаад авдаг, хүсвэл мэдээллийн төвөөс газрын зураг, гар утасны апп, хөтөч ном аваад түүхэн газруудтай нь өөрөө танилцах хэмжээнд хүргэе гэж төлөвлөж байна. Дөрвөн зуун мянган жуулчин/зорчигч ирдэг хэрнээ дөрөв дахин олон иргэд нь гадагш жуулчилдаг улсын бодлого дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэх ёстой.
Жуулчны менежментэд анхны болон сүүлчийн сэтгэгдлийг онцгойлон авч үздэг юм. Анхны сэтгэгдэл аяллын турш хадгалагддаг бол сүүлчийн сэтгэгдэл тухайн улсад дахин ирэх эсэх, найз нөхдөдөө сайнаар эсвэл саараар таниулах шийдвэрт нөлөөлдөг. Жуулчдын 92 хувь нь Улаанбаатар хотоор ирж, буцахдаа дайран өнгөрдөг тул улсын аялал жуулчлалын хөгжилд үзүүлэх нөлөө, хариуцлага нь өндөр. Дээр дурдсан гадаад, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж, одоогийн тээврийн зангилаа болж буй байдал, санхүүжилтийн эх үүсвэрүүдийг нь нэгтгэн үзвэл нийслэлд аялал жуулчлал хөгжүүлэх боломж өндөр, ирээдүйтэй гэж хэлнэ.
Жил алгасахгүй дэлхийн томоохон зочид буудлууд, худалдааны төвүүд, сүлжээ ресторанууд үүд хаалгаа нээж, хот орчмын аялал жуулчлалын төслүүд урагшилж байна. Хөрөнгө оруулагчдын итгэл нэгийг хэлж байгаа болов уу.
-Улаанбаатар хот ямар төрлийн аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэх вэ?
-Жуулчдыг татах хоёр үндсэн хүчин зүйлд газар нутгийн ойр дөт байдал, соёл түүхийн холбоог авч үздэг. Аялах газар нь гол зах зээлтэйгээ ойр байх тусам олон жуулчин татаж, холдох тусам жуулчдын тоо буурдаг зүй тогтолтой.
Монголд ирсэн жуулчдын 90 гаруй хувийг ОХУ, БНХАУ, БНСУ-ын иргэд эзэлдэг нь үүнтэй холбоотой юм. Соёл түүхийн холбоо, газар нутгийн ойр дөт байдлаа ашиглан соёлын жуулчлалыг түлхүү хөгжүүлэх боломж байна. Монгол наадам цогцолбор бол нийслэлд соёлын аялал жуулчлал хөгжүүлэх зорилтын хүрээнд хийгдэж байгаа нэг том төсөл. Зайсан толгойн дурсгалын цогцолборыг шинэчилсэн, Ганданг соёлын аялал жуулчлалын дүүрэг болгон хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан, Улаанбаатар хотын түүхт барилга байшингууд, хөшөө дурсгалуудыг монгол, англи хэл дээр тайлбар, мэдээлэлтэй болгосон нь соёлын жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор хийж буй эхний ажлууд юм.
Энэ онд Сарьдагийн хийдийг аялал жуулчлалын нэг бүтээгдэхүүн болгох ажил хийгдэнэ. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Даншиг наадмыг сэргээн явуулахаар бэлтгэж байна. Даншгаас гадна 31 томоохон олон улсын фестиваль, нийтийг хамарсан соёлын арга хэмжээг 2015 онд зохион байгуулна. Эвент нь тухайн газар орны талаарх өвөрмөц төсөөллийг бий болгодог ач холбогдолтой.
Риогийн багт наадмын өнгө, хэмнэлээр Бразилийг үзэх хүсэл төрдөг биз дээ. Яг түүнтэй адил зөвхөн Улаанбаатар хотод үзэж болох, жуулчдыг татах олон арга хэмжээг тогтмол зохион байгуулснаар Монголд аялах хүсэл, сонирхлыг нь төрүүлнэ. Соёлын тал дээр нөөц их бий.
-Таны боловсрол эзэмшсэн Австрали улс уул уурхай, аялал жуулчлалыг зэрэг хөгжүүлж, хөгжилд хүрсэн. Уул уурхайн эрчимтэй хөгжлийн үрээр Улаанбаатар хот таван тивийн ажил хэрэгч хүмүүсийн зорьж ирдэг газар болсон. Бизнес жуулчлалыг хөгжүүлэх талаар ямар алхмууд хийж байна вэ?
-Бүс нутгийн улс төр, газар нутаг, хил хязгаарын маргаан нь бизнесийн харилцаанд ялангуяа аялал жуулчлалд сөргөөр нөлөөлдөг, харин улс төр эдийн засгийн тогтвортой байдал бизнес жуулчлалын таатай хөрс суурь болдог. Бүс нутгийн аль ч орны бизнес эрхлэгчид Монгол улсад визийн хүндрэлгүй, тээврийн хязгаарлалтгүй, үзэл суртлын ялгаварлалгүйгээр ажил хэргээ явуулах, бизнес уулзалтаа төлөвлөх боломжтой байгаа нь Улаанбаатар хотын том давуу тал гэж харж байна.
Бизнес жуулчлал нь жилийн турш явагддаг тул өвөлдөө зогсонги байдалд ордог аялал жуулчлалын салбар, түүнтэй хамааралтай хөгждөг бусад үйлдвэрлэл, үйлчилгээг улирлын хамаарлаас гаргах бодит шийдэл болж чадна. Одоогоор бизнес жуулчдыг татахын тулд Улаанбаатар хотын 4, 5 одны зэрэглэлтэй зочид буудлуудтай хамтран жил бүрийн арваннэгдүгээр сараас тавдугаар сарыг хүртэл өрөөний үнийг 50 хүртэл хувиар бууруулан сурталчилгаа явуулж байна.
Нийслэл хотын захиргаа, харьяа байгууллагууд олон улсын хурал, зөвлөгөөн, уулзалтуудыг өөрийн хотдоо аялал жуулчлалын идэвхгүй улирлуудад зохион байгуулах санаачилга гарган ажиллаж байна. Ингэснээр зуны саруудад тээвэр, зочид буудлын хүрэлцээгүй байдал, хэт ачааллыг сааруулж, улирлын хугацааг уртасгах зорилготой. Шат дараатай хийгдэх олон ажлын эхлэл гэж хэлж болно.
-Цаашид нийслэлийн гэх тодотголтой аялал жуулчлалын хөгжлийн шалгуур ямар байх вэ?
-Зорих газруудад “5E буюу Entertainment-Excitement-Education-Expertise-Experience”, “5S буюу Security-Safety-Sanitation-Service-Satisfaction” гэсэн нийтлэг шаардлага тавигддаг болсон. Санал болгох аялал нь сэтгэл хөдөлгөж, алжаал тайлж, танин мэдүүлж, туршлага хуримтлуулахуйц байх ёстой бол аялах газар нь үйлчилгээ сайн, ариун цэвэр, аюулгүй байдал хангагдсан, сэтгэл ханамж төрүүлэхүйц үйлчилгээтэй байхыг чухалчилж байгаа. Ийм шалгуур хангасан улс, хотууд жуулчлалын бизнест амжилт олох боломжтой гэсэн үг. Бид эдгээр шалгуурыг хангахаар ажиллаж байна.
Ярилцсанд баярлалаа.