Би гэдэг хүн морь гэхээр азарга, гүү, унага, дааганаас хэтрэхгүй шахам мэдлэгтэй л дээ. Хотод өсч малын захад цөөхөн очиж байсан болохоор морь малын талаар дорвитой сайн мэдэхгүй. Гэхдээ жилдээ ганц болдог Монгол наадмынхаа морин уралдааныг үзэж омогшдог. Бариан зурхайд орж ирэх хурдан буяныг хараад самсаа шархирдаг тийм л нэг монгол хүн.
Монгол хүн морь уралдахыг харахаар сэтгэл уужраад хийморь сэргэдэг гэдэгт ч итгэдэг. Мэдээж хамгийн их хүндэлж хайрладаг ойр дотны хүндээ өөрийн сүргээс адуу зүслэх адуучин ч нэг бус. Гэхдээ сүүлийн жилүүдэд гадаадын төр засгийн тэргүүн сайд нарт адуу бэлэглэдэг ёс мэт уламжлал тогтоод байгаа нь зөв гэж үү.
Өчигдөрхөн цахим ертөнцөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос БНХАУ-ын дарга Си Зиньпинд бэлэглэсэн морьдыг хятадын тал хүлээж авсан тухай баяр ёслолын зураг бүхий мэдээ дүүрэн харагдлаа. Энэ сарын 15-нд Тяньжин хотноо манай Элчин сайд Ц.Сүхбаатар БНХАУ-ын Хөдөө аж ахуйн хөгжлийн группийн захирал Лв Шөнлид гардуулж өгсөн гэнэ. Хоёр орны найрсаг харилцааны бэлгэдэл хэмээн Алтай Хэрлэн нэртэй болсон хос цоохор морийг Цагаан сарын өмнө нь Эрээнээр гаргасан тухай мэдээ ч өмнө нь гарч байсан билээ. Гэхдээ энэ бахархаж, баярлаж мэдээлэх зүйл мөн эсэхэд эргэлзмээр л санагдлаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард “The New York Times” сонинд Америкийн Батлан хамгаалахын сайдад Монгол Улсын Батлан хамгаалахын сайд морь бэлэглэж. Харамсалтай нь АНУ-ын татвар төлөгчдийн мөнгөөр төрийн ажил явуулах үүрэгтэй ирсэн нөхөр морийг төрийн мөнгөөр зөөвөрлөх боломжгүй учраас нэр хайрлаад буцсан тухай шоглосон бас чимхсэн нийтлэл гарсан тухай манай хэвлэлийнхэн бичиж байсан.
2005 онд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Д.Рамсфельдэд тухайн үед манай Батлан хамгаалахын сайд байсан Ц.Шаравдорж шарга адуу бэлэглэж барьц алдуулсан учраас Ерөнхийлөгч Ж.Бушийг айлчлахад Монголын зүгээс морь бэлэглэхгүй байхыг сануулсан гэдэг.
Гэвч өнгөрсөн жил АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгл хэдхэн цагийн айлчлал хийгээд буцахдаа энэ тухай сануулахаа мартсанаас манай тод манлай уяач сайд Д.Бат-Эрдэнэ маань түүнд хурдан удмын үрээ бэлэглэсэн. Мэдээж төрийн сайд хүн бэлгийн морь гээд ачаад явж түвдээгүй учраас нэр хайрлаж зураг тэврээд явсан тухай хаа байсан АНУ-д шоглоом, тоглоомын дундуур мэдээлж байсныг манай энэ дээд ноёд анхааралдаа авсан л баймаар.
Харамсалтай нь, морь бэлэглэх үйл ажиллагаа үүгээр дууссангүй. Тод манлай уяач маань сайд байхдаа Туркийн Батлан хамгаалахын сайд Исмет Илмазад ахиад хурдан удмын үрээ бэлэглэсэн байдаг. Өнөө сайд түүхэн харилцаагаа бэлгэдээд Билгэ гэсэн нэр хайрласан гэнэ. Авч яваагүй бололтой юмдаг мэдээнээс нь харвал. Тэгэхээр тод манлай уяач маань өөрийн хурдан сүрэгтэй албан тушаалаа ашиглаад гадаадын сайд нараар нэр хайрлуулах ажиллагаа явуулсан даг аа. Ер нь, монголын цэргийнхэн маань хэзээнээс морь бэлэглэх дуртай гээд биччихвэл буруудахгүй нь. Тэртээ дэлхийн хоёрдугаар дайны үед ЗХУ-д 485 мянган агт морь Монголоос явуулж байсны 32,5 мянга нь бэлгийнх байсан гэдэг түүхэн баримтаас үүдээд ч тэр үү ямар ч байсан үе үеийн Батлан хамгаалахын сайд нар морь бэлэглэх дуртай л байж. 2009 онд ОХУ-ын Ерөнхийлөгчөөр өнөөдрийн Ерөнхий сайд Д.Медведев ажиллаж байхдаа Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр манай Зэвсэгт хүчнийхэн мөн л морь бэлэглэж. Харин орос “ах” нар бэлгээ орхиод явахыг хүсээгүй гэдэг.
Нэг иймэрхүү бэлгийн цувааг таслахыг хүсээгүй юу, ямартай ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн оны наймдугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин болон түүний гэргий нарт хос морь бэлэглэж “баярлуулсан”. Гэхдээ морьдыг Си Зиньпин өөрийн гэр болоод албаны байрныхаа хашаанд тэжээхгүй нь ойлгомжтой. Тийм ч учраас морьдыг хүлээн авах ёслолд Хятадын Гадаад хэргийн яам, хөдөө аж ахуйн яам, Төрийн өмчийн хороо, Гаалийн Ерөнхий газар, Чанарын хорио цээрийн ерөнхий газар зэрэг байгууллагаас ч төлөөлөл ирж хүлээж авч байх вэ дээ. Морьдыг өлсгөж цангаалгүй тусгайлан тэжээх нь тодорхой ч эх нутаг, ижил сүргээс нь таслан одож байгааг санах л ёстой байх.
Хэдий адгуус ч гэлээ морь гэдэг амьтан бусдаас ялгарах онцлог нь эх нутгаа их санамхай гэж эртнээс бичиж тэмдэглэсэн байдаг юм билээ. Дэлхийн хамгийн ухаантай амьтан гэсэн жагсаалтад 15-т бичигддэг адуу гэдэг амьтан хэдий хүний тэжээвэр болсон ч хонь шиг өглөө бүр хотноосоо босч, орой бүр хотондоо ирдэггүй. Хээр тал, уул хад, салхиараа гэр хийж, эрх чөлөөг эрхэмлэж байдаг гэдгийг Монгол хүн бүр андахгүй. Хил давуулж бэлэглэсэн байтугай сум дамнуулж бэлэглэсэн адуу ижил сүргээдээ тэмүүлж, төрсөн нутаг, унасан газартаа ирсэн тухай маш олон хууч яриа түүх домог монголчуудын дунд бий. Эх орноо гэсэн сэтгэлтэй нэгнээ бид гүйгүүл морьтой зүйрлэн ярьдаг нь ч нэгийг өгүүлэх бус уу. Эхийнхээ хээлэнд зарагдсан унага дааган насандаа ижил сүрэгтээ ирсэн тухай “Шарга даага” гэдэг киног манай уран бүтээлчид саяхан хийснийг ч уншигч та санаж буй. Монгол ахуй гэдэг тэр л юм.
Бизнесийн зорилгоор адуу үржүүлж, хурдан морьдоо сум, аймаг дамнуулан бүүр хил давуулан худалдаж байгаа нэгэнд “адуугаа битгий ижил сүргээс нь таслаарай” гэж хэлж зүрхлэхгүй ч манай төр засгийн тэргүүн сайд дарга нарын хувьд “адуугаа битгий хил дамнуулж бэлэглээрэй” гэж хэлэх эрх нь бидэнд харин бий гэж бодож байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж малчиддаа малаа мориороо хариулья гэж уриалсан шигээ хэдэн сайдаа дуудаж өрөөндөө оруулаад морио хил дамжуулан бэлэглэхээ больё гээд хэлчихэж дөнгөх биз.